Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Улсын Их Хурлын бүрэлдэхүүн

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИАС...

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Улсын Их Хурлын бүрэлдэхүүн

 

5 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэлдэхүүн

5.1. Улсын Их Хурал нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн дагуу сонгогдсон 76 гишүүнээс бүрдэх бөгөөд энэхүү бүрэлдэхүүнийг “нийт гишүүн” гэж ойлгоно.

5.2. Ээлжит сонгуулийн дараа нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-оос доошгүй гишүүн сонгогдож, Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөсөн бол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.

5.3. Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурлын гишүүн нас барсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдсөн, эсхүл бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, эгүүлэн татсаны улмаас орон гарсан боловч нөхөн сонгууль явагдаагүй тохиолдолд Улсын Их Хурлын 57-оос доошгүй гишүүний бүрэн эрх хүчинтэй байвал Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.

 

6 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүн

6.1. Улсын Их Хурлын гишүүн /цаашид “гишүүн” гэх/ бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.

6.2. Гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөнө.

6.3. Гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

6.4. Гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.

6.5.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

6.6. Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрх энэ хуулийн 6.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:

6.6.1. нас барсан;

6.6.2. /Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.6.3. гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

6.6.4. хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

6.6.5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

6.6.6. гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан.

6.7. Энэ хуулийн 6.6.3, 6.6.4-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, 6.6.5, 6.6.6-д заасан тохиолдолд эгүүлэн татах тогтоол гаргах бөгөөд 6.6.1-д заасан тохиолдолд гишүүнийг шууд орон гарсан гэж үзэж энэ тухай Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй.

6.8. Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

6.9. Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ:

6.9.1. гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;

6.9.2. /Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.10. Эрх бүхий байгууллага гишүүнийг энэ хуулийн 6.9.1-д заасны дагуу баривчилсан бол энэ тухай Улсын Их Хурлын даргад 3 цагийн дотор нэн даруй мэдэгдэнэ.

6.11. Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 6.9.1-д заасан санал хүлээн авсан бол ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

6.12. Чуулганы чөлөөт цагт энэ хуулийн 6.9.1-д заасан санал хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 2 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

6.13. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

6.14. Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан бол баривчлагдсан гишүүнийг нэг цагийн дотор суллана.

6.15. Гишүүнийг энэ хуулийн 6.6.3, 6.6.4-т заасан үндэслэлээр чөлөөлөх танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга, 6.6.5, 6.6.6-д заасан үндэслэлээр эгүүлэн татах, 6.9.1-д заасан үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх танилцуулгыг Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор тус тус зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд хийнэ.

6.16.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхэд гишүүд асуулт тавьж хариулт авах, үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй.

 

7 дугаар зүйл. Гишүүний бүрэн эрх

7.1. Гишүүн дараахь бүрэн эрхтэй:

7.1.1.үйл ажиллагаандаа нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах;

7.1.2. Байнгын хороонд заавал харьяалагдах;

7.1.3. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах;

7.1.4. санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг өөрийн саналаар татаж авах;

7.1.5. нэгдсэн болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох;

7.1.6. Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх;

7.1.7. Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүнд орох, нэг Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарч өөр Байнгын хорооны бүрэлдэхүүнд орох;

7.1.8. Улсын Их Хурал, Байнгын, дэд, түр хорооны ажлын хэсэгт хүсэлтээрээ орж ажиллах;

7.1.9. хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах;

7.1.10. зарчмын зөрүүтэй саналаа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал хураалгах;

7.1.11. Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулагддаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, сонгогдох буюу томилогдох албан тушаалтны талаар үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал, дүгнэлт гаргах;

7.1.12. Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах;

7.1.13. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга, асуулт тавьж хариуг нь хуульд заасан хугацаанд авах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл санаачилж хэлэлцүүлэх;

7.1.14. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг судлан үзэж, шаардлагатай гэж үзвэл төсөл санаачлах, шаардлагагүй бол энэ тухай хариуг бичгээр өгөх;

7.1.15. иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж хариуг нь шууд өгөх, эсхүл хариуцан шийдвэрлэх эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж энэ тухай хариу мэдэгдэх;

7.1.16. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаатай танилцах;

7.1.17. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах;

7.1.18. бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч хүлээгдэлгүй уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар авах;

7.1.19. онцгой чуулган зарласан бол дуудлага хүлээлгүйгээр нэн даруй хүрэлцэн ирэх;

7.1.20. төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг чанд хадгалж задруулахгүй байх бүх арга хэмжээ авах;

7.1.21. өвчтэй, чөлөөтэй байх, гадаад, дотоодод томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох;

7.1.22. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг сахиж ажиллах; 7.1.23. хууль, гишүүний ёс зүйг чанд сахих;

7.1.24. чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх;

7.1.25. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдвол хавсран ажиллах;

7.1.26. хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах.

7.2. Энэ хуулийн 7.1.15-д заасны дагуу гишүүнээс шилжүүлсэн өргөдөл, гомдол болон хууль тогтоомжийн хэрэгжилт, бусад асуудлаар ирүүлсэн албан бичгийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан нь 30 хоногийн хугацаанд асуудлыг шийдвэрлэж хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй.

7.3. Гишүүн энэ хуулийн 7.1.5-д заасан таслах эрхийг дор дурдсан тохиолдолд эдлэхгүй:

7.3.1. /Энэ заалтыг 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.3.2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд зааснаас бусад тохиолдолд өөрийнх нь үл харьяалагддаг Байнгын, дэд, түр хорооны хуралдаан санал хураах үед;

7.3.3. /Энэ заалтыг 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.3.4. /Энэ заалтыг 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.3.5. /Энэ заалтыг 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.3.6. /Энэ заалтыг 2006 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/