Санал асуулга

Тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгохыг дэмжиж байна уу?

  • Дэмжинэ
  • Дэмжихгүй
  • Өөр саналтай

Үр дүн

Бусад санал асуулга


Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИАС...

26 дугаар зүйл. Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг

26.1. Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг /цаашид “бүлэг” гэх/ байгуулж болно.

26.2. Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно.

26.3. Сонгуульд эвсэл байгуулж оролцсон намууд Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан бол эвслийн нэг бүлэг байгуулна.

26.4. Улсын Их Хуралд 8-аас дээш суудал авсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба түүний бүрэлдэхүүнд байсан гишүүд дахин бүлэг байгуулахыг хориглоно.

26.5. Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ.

26.6. Бүлэг ахлагчаа гишүүдийнхээ дотроос сонгож, энэ тухайгаа Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдээлнэ.

26.7. Бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаан дээр албан ёсоор мэдээлнэ.

26.8. Шинээр нөхөн сонгогдсон гишүүн аль нэг бүлэгт нэгдвэл тухайн бүлгийн ахлагч Улсын Их Хурлын даргад, Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд тус тус албан ёсоор мэдээлнэ.

26.9. Бие даан нэр дэвшиж сонгогдсон болон ээлжит сонгуулиар 8-аас доош суудал авсан өөр нам, эвслийн төлөөлөл бүхий гишүүд нийлж нэг бүлэг байгуулахыг хориглоно.

26.10. Энэ хуулийн 26.9-д заасан гишүүд аль нэг бүлэгт нэгдэж болох бөгөөд энэ тухай шийдвэрийг энэ хуулийн 26.8-д заасны дагуу мэдээлнэ.

26.11. Гишүүд нэг бүлгээс гарч нөгөө бүлэгт нэгдэн орж болох боловч ийнхүү бүлгээс гарсан гишүүд нэгдэж бие даан бүлэг байгуулахыг хориглоно.

26.12. Энэ хуулийн 26.11-д заасны дагуу гишүүн аль нэг бүлгээс гарсан, нөгөө бүлэгт нэгдэн орсон бол тухайн бүлгийн ахлагч Улсын Их Хурлын даргад, Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд тус тус албан ёсоор мэдээлнэ.

 

27 дугаар зүйл. Бүлгийн эрх, үүрэг

27.1. Бүлэг дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

27.1.1. хэлэлцэж байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, төрийн гадаад, дотоод бодлогын асуудлаар бодлого, байр сууриа тодорхойлж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны, эсхүл нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцүүлэх;

27.1.2. ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, түүний дарааллын талаар Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын даргад саналаа илэрхийлэх;

27.1.3. нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах санал гаргах;

27.1.4. нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны үед завсарлага авах;

27.1.5. Байнгын, дэд, түр хорооны бүрэлдэхүүний талаар Улсын Их Хурлын даргатай зөвшилцөх;

27.1.6. /Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

27.1.7 бүлгийн төсвийг захиран зарцуулах, гүйцэтгэлийг үнэн зөв мэдээлэх;

27.1.8. нэгдсэн болон Байнгын хорооны үйл ажиллагаанд өөрийн бүлгийн гишүүдийг оролцуулах, хуралдааны ирцийг хангах, хуралдааны дэгийг чанд сахиулах;

27.1.9. хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулж ажиллуулах;

27.1.10. бүлгийн ажлын албаны ажилтныг ажилд томилох, чөлөөлөх.

27.2.Бүлэг нь бодлогоо боловсруулах, зохион байгуулалтын туслалцаа авах чиг үүрэг бүхий ажлын албатай байх бөгөөд түүний гүйцэтгэх үүргийг нь бүлгийн дүрмээр зохицуулна. Ажлын албыг хоёр гишүүнд нэг ажилтан ногдохоор тооцон бүрдүүлнэ.

27.3. Бүлгийг ажиллах нөхцөл бололцоогоор хангах асуудлыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцах ба ажлын албаны цалин, унаа, албан томилолт, холбоо, бичиг хэргийн зардлыг Улсын Их Хурлын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

27.4. Бүлэг Улсын Их Хурлын бүтцийн хувьд эрхлэх ажлаа намын дээд, төв, гүйцэтгэх байгууллагын өмнө шууд хариуцахгүй.

27.5. Бүлгийн төсвийн зарцуулалтад Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хяналт тавина.

 

28 дугаар зүйл. Бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болох

28.1. Дор дурдсан тохиолдолд бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болно:

28.1.1. бүлэг байгуулсан нам татан буугдсан, эсхүл эвсэл тарсан;

28.1.2. энэ хуулийн 6.6-д заасан үндэслэлээр орон гарч нөхөн сонгууль явуулсан боловч тухайн нам, эвсэл суудал авч чадаагүйгээс бүлгийн гишүүдийн тоо энэ хуулийн 26.1-д заасан тооны доод хязгаарт хүрэхгүй болсон;

28.1.3. гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийнх нь тоо энэ хуулийн 26.1-д заасан доод хязгаарт хүрэхгүй болсон.

28.1.4. бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасан.

28.2. Улсын Их Хуралд бүлэгтэй намууд, эсхүл нам, эвсэл нэгдсэн бол бүлгүүд нэгдэж шинэ бүлэг байгуулж болно.

28.3. Эвслийн бүлэг тарсны дараа түүний бүрэлдэхүүнд байсан нам Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудалтай бол тухайн намаас сонгогдсон гишүүд Улсын Их Хуралд хамтарсан үйл ажиллагаа явуулж болох бөгөөд ингэхдээ энэ хуулийн 27.1.1- 27.1.6, 27.1.8-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.