Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзлаа

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдийг өнөөдөр /2022.09.15/ хүлээн авч уулзлаа.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг төрийн албаны шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын явц, ойрын болон хэтийн зорилт, түүний дотор төрийн бүтээмжийн сэргэлтийг дээшлүүлэхэд төрийн албаны хүний нөөцийн бодлогоор дамжуулан авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Тэрбээр, парламентын түвшинд төрийн албаны ёс зүйн асуудалд онцгой анхаарал хандуулж ирснийг дурдаад ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь төрийн албаны төлөвшил, хөгжлийн олон улсын чиг хандлагад давамгайлж буй талаар онцоллоо. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг төрийн албан дахь ёс зүйн харилцааг төлөвшүүлэх ажлыг төрийн байгууллагууд дахь Ёс зүйн зөвлөлийг чадавхжуулах замаар илүү оновчтой болгох бодлого баримталж, төрийн албан хаагчийн хандлага, сэтгэлгээний эерэг өөрчлөлтийг хүний нөөцийн бодлогын томоохон хэсэг болгож буйг хэлээд ажлын ололт, сорилт, шийдэл, энэ ажилд Улсын Их Хурлын удирдлага, гишүүд, түүний дотор Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ажил хэргийн уялдаа холбоотой ажиллаж байгаа нь төлөвлөсөн ажлын үр дүнд эерэг нөлөө үзүүлж буйг тэмдэглэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн нийт 4206 байгууллагад 208864 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 21135 нь төрийн захиргааны, 4165 нь улс төрийн, 45899 нь төрийн тусгай, 137665 нь төрийн үйлчилгээний албан хаагч байна. Харин төрийн байгууллагуудын дэргэд ажиллаж буй Ёс зүйн зөвлөлийн тоо 2711-д хүрчээ.

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр улс орны хөгжилд хүний хөгжил, ялангуяа төрийн албан хаагчийн ухамсар, соёл, ёс зүй шийдвэрлэх нөлөөтэйг онцолж, төрийн албаны холбогдох судалгаа, мэдээлэлтэй танилцан санал солилцлоо. Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг эрчимжүүлж, шаардлагатай сэдвүүдээр уулзалт, хэлэлцүүлэг хийхээр тогтов.

Уулзалтад Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Х.Энэбиш, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Г.Билгүүн, Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар оролцлоо.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл