Цэс

Холбоо барих

Монгол Улсын түүхэнд анх удаа улсын төсвийн төслийн талаар олон нийтээрээ хэлэлцэж байна

Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос санаачлан Нийгмийн бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороотой хамтран “Төсөв 2023 олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.10.19/ Төрийн ордонд зохион байгууллаа.


Иргэд, олон нийтийн оролцоо, санал бодолд тулгуурлан улсынхаа төсвийг хэлэлцэх энэхүү анх удаагийн арга хэмжээнд танхимаар 400 гаруй, цахимаар 420 гаруй хүн шууд оролцов.


Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээлээ.

Монгол Улсын түүхэнд анх удаа улсын төсвийн төслөө ард олонтойгоо, эрдэмтэн мэргэдтэйгээ, мэргэжлийн байгууллагууд, ажил олгогчидтойгоо хамтран ярилцаж, санал бодлыг нь сонсож, шүүн тунгаах энэхүү хэлэлцүүлгийг нээж буйдаа баяртай байгаагаа УИХ-ын дарга илэрхийлээд, энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-д заасан “ард түмний засаглах эрх”-ийг хангаж буй нэгэн шинэ алхам хэмээн онцлов.  

Тэрбээр, 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, эрх зүйн шинэтгэл хийх зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд хуулийн төсөл, түүний дотор төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэн саналыг нь авах зохицуулалтыг тусгасан юм. Үүний дагуу олон нийтийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлаас санаачлан зохион байгуулж байна.


Иргэдийнхээ санал бодлыг бид D-parliament цахим систем, мэйл, утас гэсэн 3 хэлбэрээр 10 дугаар сарын 7-ноос 10 хоногийн хугацаанд авсан. Энэ хугацаанд зөвхөн D-parliament цахим системд гэхэд 68.641 хүн зочилж, 15.293 иргэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай танилцсан нь энэхүү цахим систем нээгдсэнээс хойших хагас жилийн хугацааны рекорд үзүүлэлт болж, одоогоор үнэмлэхүй дээд амжилт тогтоогоод байна. Нийтдээ иргэдээс 798 санал иржээ. Эдгээрийг бид нэг бүрчлэн авч үзэх болно.

Төсвийн төсөл бол бидний ирэх оны амьдралын чанар, улс орны эдийн засгийн төлөвийг тодорхойлох нэн чухал баримт бичиг билээ. Тиймээс үр ашигтай, хэмнэлттэй, хүртээмжтэй, сахилга баттай, алдагдалгүй төсөв батлуулахын төлөө сэтгэл зүтгэл гарган, саналаа ирүүлсэн бүх хүмүүст талархал илэрхийлье.

Мөн энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлыг манлайлсан УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ганзоригийн Тэмүүлэн, олон нийтийн оролцоотой ил тод-хяналттай төсөв батлахын төлөө хүчин чармайлт гаргаж буй Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Пүрэв-Очирын Анужин, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Жамъянгийн Мөнхбат, Эдийн засгийн байнгын хорооны дарга Цэдэндамбын Цэрэнпунцаг нарт, энэхүү ажлыг дэмжиж оролцож буй Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Боомтын захиргаа, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Нээлттэй нийгэм форум, Ажил олгогч эздийн холбоо зэрэг байгууллагад мөн талархал илэрхийлье гэлээ. /УИХ-ын даргын хэлсэн үгийг эндээс уншина уу. /

Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа баримталсан бодлого, үзэл баримтлал, 2022 оны төсвийн жилийн онцлог, нийгэм, эдийн засагт тулгарсан гадаад дотоод хүчин зүйлс, цаашид эдийн засгийн хямралыг сөрсөн ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Тэрбээр, 2022 оны төсвийг боловсруулахад цар тахлын хямралыг даван туулах эдийн засгаа сэргээхэд төсвийн бодлогыг чиглүүлж, Засгийн газар үйл ажиллагаагаа бүхэлд нь зориулсан. Харин энэ удаагийн төсвөөр олон жил ярьсан төсвийн шинэчлэлийг хийх гэж буй нь хамгийн том давуу тал гээд  цар тахлын дараах эдийн засгийг сэргэлтийг эрчимжүүлэх, дэлхий дахинд энэ оны эхээр бий болсон шинэ сорилт буюу Орос, Украины дайнаас шууд хамааралтай геополитикийн тодорхойгүй үед 2023 оны төсвийг хэлэлцэж байгааг тэмдэглэсэн. Мөн Засгийн газраас бодлогын дөрвөн томоохон үр дүн гаргахад анхаарсан. Нэн түрүүнд эдийн засгийн макро тэнцвэрийг хангаж эдийн засгийн өсөлтийг 5-6 хувьд тогтвортой барих нь Монгол Улсын хувьд ойрын жилүүдэд хамгийн чухал юм. Үүнийг гаднын хөрөнгө оруулагчид таатай үзүүлэлт гэж үздэг. Өнөөдөр 15 хувьд хүрээд байгаа инфляцийг нэг оронтой тоонд оруулах, үнийн өсөлтийг хязгаарлахад Засгийн газар онцгой анхаарсан. Төсвийн алдагдал өр үүсгэж байсныг өөрчлөх, үргүй зардлыг бууруулах, халамжийг шат дараатай хумих, төлбөрийн баланс буюу орж, гарч байгаа валютын урсгалын тэнцвэрийг хангахыг чухалчилсан. Ялангуяа, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, валютын нөөц, төгрөгийн ханшийн уналтын эсрэг бодлогын арга хэмжээ авахаар ирэх оны төсвийг боловсруулсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимжүүлэх талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй боомт, аж үйлдвэржилт, эрчим хүч, хот хөдөөгийн сэргэлт, хотын түгжрэлийг бууруулахаар төлөвлөсөн томоохон төслүүдийн ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ.      

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын эдийн засгийн өнөөдрийн байдлын талаар мэдээлэл хийж, 2023 оны төсөөлөл, бодлогын саналаа танилцуулсан.

Тэрбээр эдийн засгийн өсөлт 2017-2019 онуудад дунджаар 6.3 хувь байсан бол 2022 оны эхний хагас жилд өсөлт 1.9 хувь гарлаа. Инфляц зорилтот түвшнээс давсан, ажиллах хүчний оролцоо бодитой нэмэгдээгүй, гол салбаруудын үйлдвэрлэл буурах хандлагатай байна гэлээ.  

Сайдын мэдээлснээр уул уурхайн үйлдвэрлэл цар тахлын өмнөх үеэс 20 хувь буурсан, тээвэр, барилгын салбар 24 хувь, худалдаа долоон хувь, боловсруулах салбар 10 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 4 хувиар буурчээ.

Голлох бүтээгдэхүүнүүдийн экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрээгүй, валютын нөөц буурч, төгрөгийн ханш огцом суларчээ.

Төлбөрийн тэнцлийн алдагдал 1.5 тэрбум ам.долларт хүрч, 2013 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн бол гадаад валютын нөөц оны эхнээс 1.6 тэрбум ам.доллароор буурч, 2.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Төгрөгийн ханш 3,370 төгрөг болж, 2022 оны 10 дугаар сарын 14-ний байдлаар оны эхнээс 521 төгрөгөөр буюу 18 хувиар сулраад байгаа аж.

Өрхүүдийн бодит орлого буурч, хадгаламжаасаа хэрэглээнд зарцуулж байгааг сайд Ч.Хүрэлбаатар дурдаад, 2023 онд уул уурхайн салбарыг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэж, төсөв, мөнгөний бодлогоо чангаруулснаар эдийн засаг тогтворжино хэмээн тооцож байгаа гэлээ.


Мөн эдийн засгийг төрөлжүүлэн, хөгжлийн хязгаарлагч салбаруудын либералчлалыг хэрэгжүүлж, эдийн засгийг дэмжихээр төлөвлөжээ. /Мэдээллийг бүрэн эхээр эндээс уншина уу./

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн төсөл-2023” сэдвээр илтгэл тавьсан.

Сайд Б.Жавхлан дэлхийн болон монголын эдийн засаг, төрийн хэмнэлт, онцлох арга хэмжээ, нэгдсэн төсвийн нөхцөл байдлын талаар танилцуулав.


Онцлох арга хэмжээний хүрээнд Татварын бодлогыг хэрэгжүүлж, бизнесийн таатай орчныг бий болгохоор төлөвлөжээ.


Мөн “Үр дүнд суурилсан” цалингийн системийг нэвтрүүлэх, орон нутагт уул уурхайн үйл ажиллагааг дэмжих, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх арга хэмжээ, нэгдсэн төсвийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

/Танилцуулгыг бүрэн эхээр нь эндээс уншина уу./

Мөн Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулсан.

Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 18,921.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.7 хувь, нийт зарлага 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,553.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна гэж дүгнэжээ.


Мөн аудитын дүгнэлтэд Төсвийн ерөнхийлөн захирагч нар тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хангахад чиглэсэн салбарын бодлогын тэргүүлэх чиглэлийг санхүүжүүлэх хэрэгцээг үнэлж, төсвийн төлөвлөлтийг дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдуулахгүй байна.

Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын 2.7-д өөрчлөлт оруулах замаар орлогыг 192.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээг дуусгах чиглэлийг баримталсан нь хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих эхлэлийг тавьсан арга хэмжээ болсон байна. Гэвч улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж эхлээд дуусаагүй орхигдсон, үнийн өсөлт тооцуулж 2023 оны төсвийн төсөлд тусгаагүй, 2022 онд хэрэгжиж дуусах хугацаатай ч ажлын гүйцэтгэл нь бүрэн хангагдаагүй арга хэмжээ дараа жилүүдэд үргэлжлэхээр байна хэмээн дурджээ. /Үндэсний аудитын газрын дүгнэлттэй эндээс танилцана уу./

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн зөвлөмжийн талаар тус зөвлөлийн дарга Д.Даваасамбуу танилцуулав.


Монгол Улсын 2023 оны төсөвтэй холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс  2023 оны төсвийн зардлыг 2022 оны хэмжээнд царцааж, 2023 оны төсвийг алдагдалгүй батлах эсвэл алдагдлын хэмжээгээр хүүхдийн мөнгийг хүүтэйгээр хуримтлах тогтолцоог бий болгох, төсвийн зардлыг хязгаарлаж инфляцыг багасгах 1 оронтой тоонд оруулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх нь зүйтэй хэмээн зөвлөмждөө дурджээ. Мөн баялгаа эрчимтэй ашиглах цаг мөчид буюу Оюутолгойн далд уурхайг ашиглаж эхлэх, нүүрсийг их хэмжээгээр экспортлох боломж гарч буй өнөө үед төсвийн алдагдлыг зогсоож, байнга уламжлан өр тавьдаг явдалд цэг тавих нь цаг үеэ олсон хэрэг болно хэмээжээ.

Засгийн газрын зээлийн тухайн жилийн графикт төлбөрийн 20-иос доошгүй хувийг төлж, өрийг нэмэгдүүлэхгүй байх, бүх төрлийн орлого, зарлагын бэлэн ба бэлэн бус гүйлгээг заавал бүртгэдэг хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлж, улсын нэгдсэн мэдээллийн санд оруулж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын орлого, зарлагын улсын хэмжээний тайлан мэдээлэлтэй болж, хүн амын амьжиргааны түвшинг тогтоож, түүнийг харгалзан нийгмийн бүх төрлийн үйлчилгээ, халамж, тэтгэмж, тэтгэлэг, татварын болон бусад хөнгөлөлтүүдийг олгодог үндсэн хуулийн зарчим, олон улсын жишгийг мөрдүүлэх зэрэг зөвлөмжийг хүргүүлсэн хэмээн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу хэлсэн. /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмжтэй эндээс танилцана уу./

Нэгдэн хэлэлцүүлгийн эцэст Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн иргэдээс төсвийн төсөлтэй холбогдуулан цахимаар ирүүлсэн санал, асуулгыг нэгтгэн танилцуулав.


D-parliament цахим системд 68.641 хүн хандаж, 15.293 иргэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй танилцан, 798 иргэн ирэх оны төсвийн төсөлд саналаа ирүүлжээ.

Ирүүлсэн саналыг салбараар нь ангилж үзвэл:


Хамгийн олон давтамжтай ирсэн саналыг түүвэрлэхэд:

Энэхүү арга хэмжээ нэгдсэн хэлэлцүүлгийн дараа “Төсвийн ил тод байдал”, "Халамжаас хөдөлмөрт’, "Тогтвортой эдийн засаг“, “Боомтын сэргэлт" гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл