Цэс

Холбоо барих

“Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ“ олон улсын арга хэмжээ болно

“Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ“ олон улсын арга хэмжээг энэ сарын 27-28-ны өдрүүдэд Сөүл хотноо БНСУ-ын “Бан Гимүн” сан болон Стэнфордын Их Сургууль хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд нийгмийн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид, залуу манлайлагчид зорилтот сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, бүс нутгийн туршлага, дэвшилтэт санаачилгуудыг хуваалцах юм.

2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилгын биелэлтийг хурдасгаж, ахиц дэвшлийг сайжруулахын тулд бодлого, судалгааны түншлэлийг бий болгон, хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлэхэд энэхүү арга хэмжээний зорилго оршино. 

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүдийг боловсруулж, залуу үеийнхний оролцоог дэмжихийн тулд Стэнфордын Их Сургууль болон Ази, номхон далайн бүс нутгийн их сургуулиудын оюутны төлөөлөл ч судалгааны ажлаасаа хэлэлцүүлэх юм. БНСУ-ын “Бан Гимүн” сан нь НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны энх тайван, аюулгүй байдал, хүний эрхийн төлөөх ололт амжилт, үйл хэргийг үргэлжлүүлж, цаашид эв нэгдэл, шударга ёсыг эрхэмлэн илүү  сайхан ирээдүйг бий болгоход үйл ажиллагаагаараа дамжуулан хувь нэмрээ оруулах зорилгоор байгуулагджээ. Энэ хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт хүний эрхийг дээдэлсэн, тэгш, хүртээмжтэй, хүрээлэн буй орчинд ээлтэй нийгмийг цогцлоох зорилгын дор “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ“ олон улсын арга хэмжээг хоёр өдрийн турш зохион байгуулах гэж байна.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл