Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын НББХ-ны дарга, гишүүд Төв аймагт ажиллалаа

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн тухай, эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан.

Тус ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Байнгын хорооны гишүүн Ц.Туваан, Б.Жаргалмаа нар өнөөдөр (2022.10.25) Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сумдын эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригчид, нярайн эмч нартай уулзаж, аймгийн төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, тулгамдсан асуудлуудыг нь сонслоо.

Төв аймгийн Заамар сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Баярсайхан орон нутгийн эмнэлгүүдэд хүний нөөц дутмаг, эмнэлгүүдэд ажиллах нарийн мэргэжлийн эмч, сувилагч олдохоо байсан талаар ярилаа. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байгаа гүйцэтгэлийн санхүүжилт хангалтгүйгээс төсөв хүрэлцдэггүй, зарим сумдад холын дуудлагад явах авто машин байдаггүй. “Ehospital цахим систем маш их алдаа дутагдалтай байгаагаас ажил хэвийн явуулахад асуудал тулгардаг талаараа Байнгын хорооны дарга, гишүүдэд хэллээ.

Мөн Архуст сумын Эрүүл мэндийн төвийн дарга И.Бадамгарав эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үнэ тариф зах зээлийн үнийн өсөлттэй ямар ч уялдаа холбоогүй хэт доогуур үнэлгээтэй, эрүүл мэндийн даатгалын сангаас орж ирж байгаа санхүүжилт удаан байдаг зэрэг асуудлуудыг хэлж байсан бол Дэлгэрхаан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Ариунтуул холын сумдын эмч нар түргэн тусламж, амбулаторийн үзлэг, төрөлт зэргийг ганцаараа гүйцэтгэдэг, ачаалал хэт их байгаа талаар онцолж байв.

Ажлын хэсгийн гишүүд дээрх санал дүгнэлтийг нэгтгэж, энэ ондоо багтаан Нийгмийн бодлогын байнгын хороонд танилцуулах юм.

Үүний дараа ажлын хэсгийн гишүүд Төв аймгийн төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. Тус эмнэлэг нь аймгийн 27 сумын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг юм.  Төв аймгийн хэмжээнд жилд 2000 гаруй эх амарждаг бөгөөд үүний 1000 орчим нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амарждаг байна. Мөн жилдээ 200 гаруй эх кесаров мэс заслын заалттай төрдөг.

Төрөх эмнэлэг нь эхийг төрүүлэхээс гадна эмэгтэйчүүдийн өвчлөлийг давхар эмчилдэг байна. Эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд нярайн амьсгалын аппарат, дурангийн багаж, нярайн ор зэрэг зүйлс шаардлагатай байгааг эмч, ажилчид хэлж байлаа.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл болох 50 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил эхэлсэн. Ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох тухай аймгийн удирдлагууд хэлж байлаа. Тус барилгын өргөтгөлийг улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Клаймакс интернэшнл" ХХК гүйцэтгэхээр болжээ.

Энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Зуунмод суманд “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх, нярайн яаралтай тусламж” сэдэвт сургалт болж буй юм. Байнгын хорооны дарга, гишүүд тус сургалтын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Улсын Их Хурал, Нийгмийн бодлогын байнгын хорооноос энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Тус сургалтын үр дүнд оролцогчдын багаар ажиллах, асуудалд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах ур чадвар сайжирч, тусламж үйлчилгээ, нөөцийн  зөв хуваарилалт, эмнэлгийн тусламжийн чанар сайжрах аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл