Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар ЦЕГ-т ажиллав

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар өнөөдөр (2022.10.26) Цагдаагийн ерөнхий газрын удирдлага, алба хаагчидтай уулзаж, тулгамдаж буй асуудал болон цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, Цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн гишүүд болон төв орон нутгийн 71 байршлаас 3000 гаруй цагдаагийн байгууллагын алба хаагчид цахимаар оролцож санал, хүсэлтээ илэрхийллээ.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар болон тулгамдаад байгаа асуудлын талаар танилцууллаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар дэлхий нийтэд үүсээд байсан Ковид-19 цар тахлын үед гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаа, дотоодын цэргийн нийт албан хаагчдад болон ард нь баттай зогсож, түшиг тулгуур нь болж байсан гэр бүл, үр хүүхдэд нь талархал илэрхийллээ. Тэрбээр, цагдаагийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаа, үйлдэл, гаргаж байгаа шийдвэр зөвхөн хуульд захирагдан хуулийн хүрээнд гарч хүний эрх, эрх чөлөөг хангаснаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгод нийцэх, түүнчлэн  ард иргэд  хуульчид, хууль сахиулагчдаас хүмүүнлэг иргэнлэг байхыг, зөвхөн “төрийн цагдаа” биш мөн “ард иргэдийнхээ цагдаа” байхыг шаардаж, хүсэж байгаа талаар онцолж, сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж байгаа цахим гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээтэй холбоотой гэмт хэрэг гэх мэт уламжлалт болон шинэ төрлийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа талаар санууллаа.

 Түүнчлэн, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд цагдаагийн албаны үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох,  цагдаагийн албаны үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөл боломжоор хангах болон цагдаагийн албанд итгэх иргэдийг итгэлийг улам бэхжүүлэх чиглэлийн бодлогыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл