Цэс

Холбоо барих

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллалаа

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажиллалаа.

Уулзалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Загджав, тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга Б.Нандинболор, дэд дарга бөгөөд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга Х.Ариунболд, дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Ч.Оюунцэцэг болон даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар харьяа 21 хорих анги болон 38 байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж иргэн, захиргаа, эрүүгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Загджав танилцууллаа.

Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн батласнаас хойш 5 дахь жилтэйгээ золгоод байгаа бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд гарч байгаа алдаа дутагдал, хийдэл зөрчилийг засах хугацаа болсон гэдгийг дурдаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шуурхай зохион байгуулах, алба хаагчийн үйл ажиллагааны дүрэм, стандартыг тодорхой болгох, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж хүний хамаарлыг багасгах нь зүйтэйг онцоллоо.

 

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас эрүүгийн ялын бодлогод өөрчлөлт оруулж анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, цахим бугуйвчийг хэрэглэж хяналт тавих болсныг онцолж хэрэгжүүлэх явцад тулгарч байгаа бэрхшээл, цахим бугуйвчын хангалт, ашиглалт, хяналтын талаар санал солилцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба 2022 онд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн 2715 хүний ял эдлэлтийн байдалд хяналт тавин ажиллаж 1373 хүний ялыг бүрэн эдлүүлж 1342 хүний ял эдлэлтэд хяналт тавьж байгаа бол нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 1211 хүнээс 906 хүний ялыг бүрэн эдлүүлсэн байна. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх ажлын хүрээнд нийт 102378 ширхэг модыг тарьж, 440 га талбайг цэвэрлэсэн байна.


Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удаашралтай явагддаг иргэдийн бухимдыг төрүүлдэг үүнтэй холбоотой өргөдөл, гомдол тасардаггүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шуурхай зохион байгуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас баримталж байгаа бодлого үйл ажиллагааг тодруулахад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 2.9 их наядын үнийн дүнтэй 42181 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг бөгөөд 595.8 тэрбум төгрөгийн 19076 гүйцэтгэх баримт бичгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн гүйцэтгэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 45.2 хувьтай байгаа, түүнчлэн төлбөр төлөгч төлбөрийн чадваргүй, эсхүл төлбөр төлөгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд маргаан үүсдэг гэх мэт шалтгаанаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удааширдаг талаар танилцууллаа.

 

Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас маш амжилттай хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа бол нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хүмүүжигчийг зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж, хийсэн хөдөлмөрт нь тохирсон  хөлс олгож байгаа, түүнчлэн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвдөө сурган мэргэжлийн чиг баримжаа олгож байгааг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны ажлын албанаас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл