Цэс

Холбоо барих

ТББХ: Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.11.01/ хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн явцад хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн С.Чинзориг, төслийн нэгдүгээр зүйлд Аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын Тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох гэж заахаар суманд ажиллаж буй ИТХ-ын ажлын албаны цөөн хүмүүс орхигдох гээд байгаа учир тэдгээр хүмүүсийг нэмэх, мөн аймгийн төвийн суман дахь төрийн захиргааны албан хаагчдыг нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр орон нутгаас ийм санал ирүүлснийг уламжилж байгаагаа дуулгасан юм.


Харин УИХ-ын гишүүн Ц.Идэрбат төслийн 1 дүгээр зүйлд Аймгийн төвийн сумын төрийн захиргааны албан хаагчдыг хамруулах, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн нар мөн зүйлийг “Аймгийн төвөөс бусад сумын болон Нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэж өөрчлөн найруулах санал гаргасан.

Дээрх саналуудтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, өргөн барьсан хуулийн төслийг ингэж өөрчилбөл Засгийн газрын бодлого, ирэх оны төсвийн бодлоготой уялдах эсэхийг тодруулж байлаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Сүхбаатар, Ё.Баатарбилэг нар хуулийн төслийн өргөн барьсан анхны зарчмыг барих нь зүйтэй гээд, Засгийн газар орон нутагт байгаа төрийн захиргааны алба хаагчдаа дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа. Тийм ч учраас 2023 оны төсвийн төсөлд орон нутаг дахь төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан. Цаашид 100 хувь хүртэл нэмэгдүүлэх асуудлыг орон нутаг өөрийн эх үүсвэрээр шийдэх боломжийг бий болгож байгаа. Үүний цаад утга нь орон нутагт тогтвортой ажиллаж байгаа төрийн албан хаагчдаа дэмжих юм. Ер нь энд хүмүүс барьцаж байна, түүнийг нэмье гээд явбал хуулийн төслийн анхны зарчим алдагдана гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35.4-т “Хэрэв уг хуулийн төслийг баталснаар улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын саналыг заавал сонсоно гэж заасан. Зардал нэмэх нь төсөвт ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тооцох ёстой. Үүнийг, түүнийг нэмье гээд батлаад байвал хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөөтэй. Харахад жижигхэн асуудал мэт байв ч төсвийн болоод хууль эрх зүйн үр дагавар нь их байна гэдгийг бодолцох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Эцэст нь УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын гаргасан төслийн 1 дүгээр зүйлд Аймгийн төвийн сумын төрийн захиргааны албан хаагчдыг хамруулах, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн нарын гаргасан мөн зүйлийг “Аймгийн төвөөс бусад сумын болон Нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэж өөрчлөн найруулах саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл