Цэс

Холбоо барих

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай болон хамт батлагдсан хуулиудын талаар мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах зарчмын хүрээнд парламентаас баталсан хуулиудын талаар долоо хоног бүрийн Мягмар гарагт танилцуулж эхлээд байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт  Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Ч.Ундрам нар мэдээлэл хийсэн бол өнөөдрийн сэдэв Монгол Улсын 2023 оны төсвийн тухай байлаа.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хорооны дарга Г.Тэмүүлэн  Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн талаар,  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн хамт батлагдсан Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт УИХ-аар батлагдсан Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийг дагалдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн нийт 99 хууль, УИХ-ын зургаан тогтоол батлагдсан гэж Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ярианыхаа эхэнд тодотгов.

Тэрбээр, ирэх онд  нийгэм, эдийн засгийн хувьд сорилттой, тодорхойгүй байдал үргэлжлэхээр байгаа учраас  УИХ-аас Төсвийн тухай хуулийг батлах хүрээнд хэд хэдэн бодлого гаргаж ажилласан.

Нэгдүгээрт, төсөвт ирэх онд тэвчиж болох, бууруулж болох тодорхой зардлуудыг хасаж тооцсон. Энэ хэмжээгээр төсвийн алдагдлыг бууруулж, төсвийн тэнцлийг сайжруулах бодлогыг баримталсан гэлээ. Мөн төсвийн алдагдлыг бууруулсан болон хэмнэсэн зардлын эх үүсвэрээр  нийгэмд хүлээлттэй байгаа асуудлуудыг шийдвэрлэх бодлогыг баримталж ажилласныг онцоллоо.

Түүнчлэн эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг улсын хэмжээнд 10 мянгаас дээш хүн амтай  сум, сууринд амьдарч буй айл өрхүүдэд эдлүүлэхээр санхүүжилтийг УИХ-аас бүрэн шийдвэрлэсэн гээд Монгол Улсын 2023 оны төсөвт тусгасан онцлох зохицуулалтуудын талаар танилцуулсан юм.


Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэлдээ,  Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн хүрээнд хяналтын тогтолцоог бүрдүүлж, захиргааны байгууллагын үйл ажиллагааны оновчтой, үр дүнтэй байдалд хяналт тавих, бүтээмжийг дээшлүүлэх зорилт дэвшүүлснийг дурдлаа.
Мөн төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрөөс иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буйг мэдээлсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл