Цэс

Холбоо барих

Нийгмийн мэдлэг (мэдрэмж) олгох хүний эрхэд суурилсан хандлага сэдэвт сургалт боллоо

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь дэд төслийн хүрээнд өнөөдөр (2022.11.25)  Улсын Их Хурлын дарга, гишүүдийн ажлын алба, УИХ дахь намын бүлгүүд, Тамгын газрын ажилтнуудад зориулсан Нийгмийн мэдлэг (мэдрэмж) олгох хүний эрхэд суурилсан хандлага сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалт “Хүний эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын тогтолцоо”, “Хөдөлмөрийн эрх зүйн ба хүний эрхийн зохицуулалт” үндсэн хоёр сэдвийн хүрээнд болсон.

Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа сургалтын эхэнд, Хүний эрхийн асуудал гэдэг бол маш нарийн төвөгтэй, нөгөө талаасаа дэлхийн улс орнуудын төлөөллийн байгууллага болох парламентын үндсэн чиг үүрэг бол хүний эрхийг дээдэлсэн хууль тогтоомжийг батлан гаргаж, хүний эрхийн үндэсний байгууллагуудаараа дамжуулж хүний эрхийг хамгаалах асуудал дээр ахиц дэвшил гаргах нь нэн чухал, ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Доктор Г.Нарантуяа “Хүний эрхийн талаарх төрийн үүрэг, хүний эрхийг хамгаалах олон улсын болон Монгол Улсын тогтолцоо” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр, хүний эрхийн талаарх төрийн үүрэг, хүний эрхийн эрх зүйн эх сурвалж, олон улсын хүний эрхийг хамгаалах тогтолцоо гэж юу вэ, хүний эрхийн үндэсний байгууллагын мөн чанар, чиг үүрэг, хүний эрхийг хангах, хамгаалахад ХЭҮК ямар үүрэг гүйцэтгэдэг вэ зэрэг тодорхой сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өглөө.

Үүний дараа Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын референт Ж.Монголжингоо “Хөдөлмөрийн эрх зүй ба хүний эрхийн зохицуулалт” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан. Энэхүү сургалт Монгол Улсын хөдөлмөрийн эрх зүйн шинэтгэл, Монгол Улсын эрх зүйн тогтолцоон дахь Олон Улсын гэрээний эзлэх байр суурь, маргаан шийдвэрлэхэд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг ашиглах, эх сурвалжийг хайх, ашиглах зэрэг агуулгын хүрээнд явагдлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл