Цэс

Холбоо барих

Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн шинэ байр 2022-2023 оны хичээлийн жилийн хоёрдугаар улиралд ашиглалтад орно

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр (2022.11.28) нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 320 ортой цэцэрлэг, "Монгол тэмүүлэл" болон 133 дугаар сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Тус хороонд цэцэрлэгийн насны 3000, сургуулийн насны 5000 гаруй хүүхэд амьдардаг ч төрийн өмчийн цэцэрлэггүй, төрийн өмчийн 640 хүүхдийн хучин чадaлтай нэг, хувийн өмчийн 2303 хүүхдийн хүчин чадал бүхий гурван ерөнхий боловсролын сургууль үйл aжиллагаа явyyлдаг байна. Иймд тус хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд барилга угсралтын ажлыг нь эхлүүлсэн 920 болон 640 хүүхдийн хүүхдийн хүчин чадалтай хоёр сургууль, 320 хүүхдийн хүчин чадалтай нэг цэцэрлэгийн барилга нэмж барьж байгаа юм. Барилгын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа ч цахилгаан, дулааны асуудлаас болоод ашиглалтад орж чадалгүй хоёр жил орчим саатсан байна.

Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг “Сургуулийн барилга өнгөрсөн 2021 оны есдүгээр сард бүрэн ашиглалтад орох байсан хэдий ч дэд бүтцийн асуудлаас болоод өнөөдрийг хүртэл гацсан байна. Мөн сургуулийн дугаарлалтаас болж иргэд, эцэг, эхийн төлөөллөөс гомдлууд ирсэн. Энэ асуудлуудыг шийдвэрлэж хоёрдугаар улирлын хичээл эхлэхэд үйл ажиллагааг нь хэвийн явуулахаар холбогдох байгууллагын төлөөллүүдтэй газар дээр нь ажиллаж байна. Гүйцэтгэгч болон захиалагч талууд цахилгаан, дулаан холбох ажил нь анх төлөвлөсөн зургаасаа өөрчлөгдсөн хэдий ч ирэх улирлын хичээл эхлэхээс өмнө барилгыг бүрэн хүлээлгэж өгөх боломжтой гэж байна. Барилгын гүйцэтгэл, дулаан, цахилгаан холбох ажлуудын санхүүжилт бүрэн шийдэгдсэн” гэж байлаа.  

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Сургууль, цэцэрлэгийн барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа дууссан боловч цахилгаан, дулааны техникийн нөхцөл төлөвлөснөөсөө өөрчлөгдөж, дэд бүтцийн асуудал үүссэн. Бид дахин техникийн нөхцөлөө эцэслээд, дулааны шугамыг холбосон ч дунд нь 30 м орчим дутуу үлдсэн. Үүнийг гүйцэтгэгч компаниуд харилцан ойлголцож, дуусгахаар боллоо. Арванхоёрдугаар сарын нэгэн гэхэд дулаанаа холбуулж чадвал дотоод заслын ажлаа шахаж хийлгүүлээд ирэх улирлын хичээл эхлэхэд хүүхдүүдээ хүлээн авах боломжтой болно” гэв.

920 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орсноор 133 дугаар сургуулийн сурагчид тэнд хичээллэх бол 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн байранд олон улсын сургалттай “Монгол тэмүүлэл” сургууль үйл ажиллагаагаа явуулах юм.

“Монгол тэмүүлэл” сургуулийн захирал Д.Төмөрчөдөр, “Манай сургуульд 400 гаруй хүүхэд суралцдаг. Түр хугацаагаар түрээсийн байранд хичээллэж байгаа. Бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалтай болсон. Шинэ сургуулийн барилгыг хоёрдугаар улирал эхлэхэд амжиж ашиглалтад оруулах шаардлагатай байна. Ирэх хавар олон улсын шалгалтад орохоор бэлтгэж буй 300 гаруй хүүхэд бий. Холбогдох байгууллагын удирдлагууд анхаарлаа хандуулж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байгаа учраас ирэх улиралд сургуулийн барилга ашиглалтад орно гэсэн итгэл дүүрэн хүлээлттэй байна” хэмээн ярьж байв.

Харин 133 дугаар сургуулийн барилга ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны сургуулийн насны хүүхдүүдийн 70 хувьд хамран сургах тойрогтоо суралцах боломж бүрдэх аж. Одоогоор тус хорооны сургуулийн насны 5000 гаруй хүүхдийн 2300 орчим нь 133 дугаар сургуульд суралцаж байгааг сургуулийн захирал С.Дэжидсүрэн хэлж байлаа.

Энэ үеэр БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр барилгын гүйцэтгэгч компанийн удирдлагуудад хоёрдугаар улирлын хичээл эхлэхэд барилгын дулаан холболт болон сургууль, цэцэрлэгийн дотоод заслын ажлыг бүрэн дуусгах хугацаатай үүрэг даалгаврыг өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл