Цэс

Холбоо барих

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцав

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.12.02/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа дууссан тул ийнхүү хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын нэг томьёоллоор санал хураалт явуулан төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэн баталснаар агаарын тээврийн үнэ, тариф буурч, бензин шатахууны үнэ хямдарна гэсэн хүлээлттэй байгаа гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлоод, хуулийг нухацтай хэлэлцэн баталж, хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийг хохироохгүй байхад онцгой анхаарч ажиллахыг сануулсан.

Дараа нь Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Хэлэлцүүлэг УИХ-ын гишүүдийн асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр үргэлжилсэн.  

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг цэгцэлснээр ард иргэд, бизнес эрхлэгчдийг чирэгдүүлдэг, авлига, хээл хахууль авч хүнд суртал бий болгодог гаж тогтолцоог хална гэж үзээд дэмжиж байгаа. Зөвшөөрлийн системийг цахимд шилжүүлсэн зэрэг дэвшилтэй талууд байгаа ч хуулиас гадуур журам боловсруулж чирэгдүүлдэг явдал зарим салбарт байсаар байна. Тухайлбал, Автотээврийн үндэсний төв улс хооронд тээвэр хийх, ногоон бичиг олгох, шинээр компани байгуулах зөвшөөрлийг олгохдоо олон шаардлага тавьсан журам мөрдөж, бизнес эрхлэгчдийг дарамтлан бусдын боломжийг хаасаар байна. Үүнийг хэрхэн засахаар төсөлд тусгасан бэ хэмээн асуусан.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар, Засгийн газраас Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэх зорилгоор боловсруулсан 89 хууль, тогтоолын хүрээнд нийтдээ 45 салбарт журам батлан мөрдүүлж байсныг хуулиар зохицуулахаар тусгаж, журам батлах эрхийг хассан. Журмаар зохицуулж байсан процессын шинжтэй харилцааг хуулиар зохицуулах, эсвэл стандарт мөрдөнө гэсэн агуулгыг дээрх хуулийн төслүүдэд тусгасан. Мөн Зөвшөөрлийн тухай хууль баталсантай холбогдуулан гаргасан УИХ-ын тогтоолоор зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан. Энэ тогтоолын хүрээнд Засгийн газраас журамласан хэм хэмжээний актуудаа хүчингүй болгож, ХЗДХЯ-нд хандан улсын бүртгэлээс хасуул гэсэн үүрэг даалгаврыг холбогдон сайдуудад өгсөн. Өнөөдрийн хэлэлцэж буй хуулийн төсөл батлагдвал 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн дээр дурдсан журмууд хүчингүй болно гэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ

Мөн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцуулга хийлээ.


Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч томилно” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт “Нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулна” гэж тус тус заасан.

Үүний дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэн, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Бадамдоогийн Ганболд, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Нэргүйн Батчимэг нарыг Улсын Их Хуралд танилцуулсан юм.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Мөнхөөгийн Пүрэвсүрэн нь 1982 онд Өвөрхангай аймагт төрсөн. 40 настай, эрэгтэй, ам бүл 4. 1989-1998 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, 1998-2003 онд Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургууль, эрх зүйч, бакалавр,  2011-2014 онд Их засаг Олон улсын их сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй.

Тэрээр 2003-2004 онд “УБ даатгал” ХХК-д хуулийн зөвлөх, 2004 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2007 онд Улсын дээд шүүхэд шүүгчийн туслах-шинжээч, 2007-2012 онд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, 2012 онд Говьсүмбэр аймгийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2012-2013 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, 2015 оноос хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж буй аж. Нэр дэвшигч М.Пүрэвсүрэн нь төрийн албанд 18 жил, шүүгчээр 14 жил 10 сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 10 жил ажилласан бөгөөд Шүүгчид нэр дэвшигчдээс авсан шалгалтад М.Пүрэвсүрэн нь нийт 81.41 оноо авч, сонгон шалгаруулалтад тэнцсэн хоёр нэр дэвшигчээс нэгдүгээрт эрэмбэлэгджээ.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Бадамдоогийн Ганболд нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 44 настай, эрэгтэй, ам бүл 4. 1986-1996 онд 34 дүгээр дунд сургууль бүрэн дунд боловсрол, 1996-2000 онд Их Засаг хууль зүйн дээд сургууль, эрх зүйч, бакалавр,  2000-2001 онд Их Засаг их сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй.

Тэрээр 2000-2004 онд Их Засаг хууль зүйн дээд сургуульд багш, 2006-2008 онд Халх журам хууль зүйн дээд сургуульд багш,  2008-2014 онд Түшээ дээд сургуульд багш, 2006 оноос Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна. Нэр дэвшигч Б.Ганболд нь өмгөөлөгчөөр 16 жил ажиллаж буй аж.

Нэр дэвшигч Б.Ганболд нь Шүүгчид нэр дэвшигчдээс авсан шалгалтад нийт 72.06 оноо авч, хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Нэргүйн Батчимэг нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай, эмэгтэй, ам бүл 4. 1983-1993 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн 10 жилийн сургууль бүрэн дунд боловсрол, 1993-1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч, бакалавр,  2011-2018 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй.

Тэрээр 1998-2001 онд Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхэд туслах шүүгч, 2001-2010 онд Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2010-2013 онд Дорноговь аймгийн шүүхийн шүүгч, 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах 2 дугаар шүүхийн шүүгч, 2015-2016 онд Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2016 онд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус ажилласан. Нэр дэвшигч Н.Батчимэг нь төрийн албанд 24 жил 4 сар, шүүгчээр 24 жил 4 сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 7 жил ажиллаж байгаа юм байна.

Нэр дэвшигчдээс авсан шалгалтад Н.Батчимэг нь нийт 80 оноо авч тэнцэн нэгдүгээрт эрэмбэлэгджээ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулсан талаар тус Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар танилцуулав.

Тэрбээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/1458 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Нэргүйн Батчимэгийг, мөн өдрийн 01/1459 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Бадамдоогийн Ганболдыг, мөн өдрийн 01/1460 тоот албан бичгээр Улсын дээд шүүхийн шүүгчид Мөнхөөгийн Пүрэвсүрэнг нэр дэвшүүлэн Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулахаар ирүүлсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцана." гэж заасан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоож, сонсголыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Байнгын, дэд хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь оролцсоноор тухайн сонсголыг хүчинтэйд тооцно.” гэж заасан бөгөөд нэр дэвшигчийн сонсголд Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Э.Бат-Амгалан, Х.Нямбаатар, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар оролцож хуульд заасан шаардлагыг хангасан болно.


Нэр дэвшигчийн сонсголын зарыг 20 хоногийн турш олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хүргэсэн бөгөөд сонсголд П.Бадамрагчаа, Б.Батдэлгэр, Э.Баярхүү, П.Мягмарсүрэн, Б.Төрболд нар оролцогчоор оролцсон бол Б.Үүрийнтуяа ажиглагчаар оролцов.

Сонсголыг парламентын цахим хуудсаар шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн бөгөөд цахимаар 92 хүн үзэж сонирхон байр сууриа илэрхийлж, сонсгол 4 цаг үргэлжилсэн.

Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцуулсан бол нэр дэвшигчидтэй хийсэн сонсголын тайланг Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар танилцуулсан.

Дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нэр дэвшигчдээс урьд өмнө нөлөөллийн мэдүүлэг бөглөж байсан эсэх болон шүүгчийн хараат бус байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүхийн шинэчлэлийн хүрээнд Улсын дээд шүүх тодорхой тохиолдолд хэрэг маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэдэг болсонтой холбоотой зарим хэрэг давж заалдах шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэх нөхцөл бүрдсэн хуулийн зохицуулалтын талаар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухай хуулиар хамгаалагдсан нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээллэх, иргэдийг мэдээллээр хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тайлбарлах зорилгоор шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх заалт хэрэгжихгүй байгаа талаар онцолж, хуулийн зохицуулалтыг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар үг хэлсэн болно.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Нэргүйн Батчимэг, Бадамдоогийн Ганболд, Мөнхөөгийн Пүрэвсүрэн нарыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан гэлээ.

УИХ-ын гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцсэнээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл