Цэс

Холбоо барих

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өнөөдөр (2022.12.21) Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийг дэмжих хүрээнд “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан.  Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулах шаардлагатай гурван хуулийн төслийн нэг нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм гэж хууль санаачлагч танилцуулав.

 

Тэрбээр, хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах нөхцөлийг бүрдүүлж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дэх салбарын үйлдвэрлэлийн оролцоог нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хот суурин орчимд бүсчлэн хөгжүүлж, нөөцийг тогтвортой, зохистой ашиглан хүн амыг эрүүл бүтээгдэхүүнээр тасралтгүй хангахад чиглэгдэж байна. Энэхүү бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байсан олон ажил, үйлчилгээг аж ахуйн тооцоо, ашигт ажиллагаагаар санхүүжүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байна гэв.

Тухайлбал, таримал ургамлын үр, суулгац, сортын үрийн үржүүлэг, ургамал хамгааллын бодис, бордоо, шатахууны импортын худалдаа, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн дилерийн болон түрээсийн үйлчилгээ, засвар, сэлбэг хэрэгслийн худалдаа, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, хөдөө аж ахуйн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээ зэргийг дурдаж болно. Үүний зэрэгцээ Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын хүнд үед хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны болон улаанбуудайн нөөц бүрдүүлэх замаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авах зайлшгүй шаардлага тулгарч байна.


Иймд дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Хөдөө аж ахуйг дэмжих санг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгосноор хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн орлого нэмэгдэж, зах зээлийн бодит эрэлт, хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, шударга, хүртээмжтэй хуваарилалтын тогтолцоог бүрдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологитой уялдсан тасралтгүй нийлүүлэлтийн сүлжээ бий болгох, дотоодын үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл