Цэс

Холбоо барих

“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн оролцогчид Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцах аялалд оролцов

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийг зохион байгуулж байгаа билээ. Тус хөтөлбөрийн оролцогчид өнөөдөр (2022.12.05) Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцов. 


Энэ удаагийн аяллын хүрээнд оролцогчид Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газрын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, парламентын боловсролын талаар мэдлэг, мэдээлэлтэй боллоо. Мөн Төрийн ёслол хүндэтгэлийн танхим, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочилж, Төрийн есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ төрийн ордон дахь түүх соёлын үнэт үзмэрийн дээж болох “Хан төрийн долоон эрдэнэ” бүтээлийг үзэж сонирхсон юм.


Түүнчлэн энэхүү аяллын үеэр “Өсвөрийн парламент-2021” хөтөлбөрийн оролцогчдын төлөөлөл хүрэлцэн ирж, өөрсдийн сэтгэгдэл болон үеийн тэнгийнхэндээ хийсэн нөлөөллийн ажлын туршлагаасаа хуваалцав.


“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн хүрээнд гурван удаагийн аяллыг зохион байгуулсан. Эхний аяллыг Монголын скаутын холбооноос “Team work and Team play” сэдвийн дор Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулсан бол удаах аяллыг Эрчим хүчний зохицуулах хорооноос зохион байгуулж, хөтөлбөрийн оролцогчид Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Дулааны IV цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компани болон Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцсан юм. Харин сүүлийн аяллыг Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгууллаа.


“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болно.



Хөтөлбөрийн оролцогчид 45 хоногийн турш Бямба гараг бүр цахим хичээлд хамрагдаж, эрчим хүч, парламентын боловсролын цуврал хичээлийг үзсэн. Мөн тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүчний технологийн талаарх сайн туршлагаас суралцсан юм.




“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн оролцогчид эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх асуудлаар үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, 2022 оны 12 дугаар сарын 05-17-ны өдрүүдэд аймаг, дүүрэг, сумандаа “Эрчим хүч” сэдвийн хүрээнд нөлөөллийн ажлуудыг хийнэ.


“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн дэмжигч байгууллагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл