Цэс

Холбоо барих

Улс төр, засаглалын асуудлаарх болон хариуцлагын тогтолцоо, шударга ёсны асуудлаарх салбар хуралдаанууд болов


  “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд (2023.01.04) үргэлжилж байна. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэм шинжилгээний ажилтнууд, их, дээд сургуулийн профессор, багш нар, иргэний нийгэм хувийн хэвшлийн судлаач төлөөлөл оролцож байгаа энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд үндсэн дөрвөн илтгэлийг танилцуулсан. Эрдэм шинжилгээний бага хурал үдээс хойно салбар хуралдаануудаар үргэлжиллээ.


  МУИС-ийн Үндсэн хуулийн Эрх зүйн хүрээлэнгийн захирал, доктор, профессор О.Мөнхсайхан “Улс төр, засаглалын харилцааны  тулгамдсан асуудлууд: Шударга ёс” сэдэвт илтгэл танилцуулсан юм. Улс төр, засаглалын асуудлаарх нэгдүгээр салбар хуралдааныг Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал О.Машбат даргалж, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор О.Хатанболд, философич, доктор С.Молор-Эрдэнэ нар чиглүүлэгчээр оролцлоо.


  Монгол хүн гэдгээ судалгаанд тулгуурлан тодорхойлсны дараа түүнд тохирсон эрх зүйт төрийн тогтолцоог бий болгох нь чухал гэдэг байр суурийг доктор С.Молор-Эрдэнэ хэлсэн бол “засгийн бүх эрх ард түмний мэдэлд” гэсэн ч үүнийг бүрэн хангаж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх, Үндсэн хуульд тодорхойлсон  үнэт зүйлсээ нийтээрээ зөв ойлгож, хангаж чадаж буй эсэхээ анхаарах саналыг доктор О.Хатанболд хэлсэн. Доктор Б.Энхмандах гурван танхимт, цахим парламентыг санаачлах санал дэвшүүлж, дэлгэрэнгүй танилцуулсан бол улс орны хөгжлийн суурь нь хүний хөгжил учраас иргэн бүрийг чадавхжуулах, хүүхдийн хүмүүжил, хөгжилд онцгой анхаарах, намын гишүүнээр элсүүлэх болон төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулахдаа хувь хүний төлөвшилд анхаарах зэрэг саналыг доктор, профессор А.Цанжид хэлж байлаа. Доктор, профессор С.Мөнхбат 1990 онд нийгмийн шилжилтийг хийхдээ улс төрийн шинэчлэлтийг тэргүүнд тавьж, эдийн засгийн шилжилт, шинэчлэлтийг орхигдуулснаас өнөөгийн асуудлуудыг бий болгож байгаа гэдэг байр суурийг илэрхийлээд нэн тэргүүнд эдийн засгийн хөгжил, шинэчлэлтээ хийх, үүнтэй зэрэгцүүлэн улс төрийн намын болон сонгуулийн тогтолцоогоо шинэчлэх байдлаар тулгамдсан асуудлаа шийдэх гарцыг эхлүүлэх санал хэлж, дэлгэрэнгүй тайлбарласан.


  Эдгээрээс гадна салбар хуралдааны хэлэлцүүлгийн явцад сонгуулийн тогтолцоо, парламентыг бэхжүүлэх асуудлыг тойрч хэлэлцэх саналыг зарим оролцогч хэлсэн бол ач холбогдлын талаарх цөөнгүй шүүмжлэл мөн гарч байв. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр хууль эрх зүйн орчныг сайжруулан нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжтой талаар; Үндсэн хууль дахь сонгуулийн тогтолцоо, парламентын гишүүдийн тооны асуудлыг шинэчлэх; Үндсэн хуулийг бүрэн шинэчлэх асуудлыг нэн яаралтай авч хэлэлцэх зэрэг саналыг салбар хуралдааны оролцогчид хэллээ. “Улс төр, засаглалын харилцааны тулгамдсан асуудал” сэдэвт нэгдүгээр салбар хуралдааны хэлэлцүүлэгт 2 чиглүүлэгч болон 12 оролцогч 17 асуудлаар санал бодлоо илэрхийлж, давхардсан тоогоор 51 санал гаргав.

  Дараа нь Хариуцлагын тогтолцоо, шударга ёсны асуудлаарх хоёрдугаар салбар хуралдааныг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал,  доктор, профессор Б.Пүрэвсүрэн даргалж, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын захирал, доктор Ч.Тамир, ШУТИС-ийн Хүмүүнлэгийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ц.Батцэрэн нар чиглүүлэгчээр оролцов. Үдээс өмнө “Хариуцлагын тогтолцоо, шударга ёсны хүсэмжлэл” сэдвээр Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор А.Алтанзул илтгэл танилцуулсан юм.


  Энэхүү салбар хуралдааны явцад илтгэлтэй холбогдуулан 11 оролцогч, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Т.Доржханд нар санал хэллээ. Оролцогчид улс төрийн хариуцлага, төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүй, ёс суртахууны талаар, боловсролын тогтолцоогоор дамжуулан сахилга хариуцлгагыг сайжруулах талаар давхардсан санал хэлэв. Тухайлбал, салбар хуралдааны оролцогч доктор Д.Үүрцайх төрийн албаны сахилга хариуцлага алдагдаж байгааг хэлээд, бүх шатандаа хариуцлагын тогтолцоох бэхжүүлэх шаардлагын хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх саналыг хэлсэн. Шударга ёс, эрх зүйт төр, ёс зүйн асуудлыг суурь боловсролоор дамжуулан хүүхэд залууст хүргэх эрх зүйн тогтолцоог бий болгох замаар боловсролын шинэчлэл хийх саналыг "Боловсролд суурилсан хөгжил" НҮТББ-н үүсгэн байгуулагч Т.Очирдарь хэлсэн бол инфляц, мөнгөний ханш уналттай тэмцэх асуудалтай холбоотой хариуцлагын тогтолцоо тодорхойгүй байгааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шийдвэрлэх саналыг эдийн засагч Ч.Отгочулуу гаргасан. 


 Түүнчлэн мэргэжлийн байгууллагуудын удирдах албан тушаалтныг сонгох, томилох асуудлыг олон нийтийн оролцоонд тулгуурлан ил, тод, нээлттэй сонгон шалгаруулж хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх; сонгогддог, томилогддог албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага бага, хариуцлага хүлээлгэх нарийвчилсан механизм тодорхойгүй байгааг шийдвэрлэх; хамтын хариуцлага, хөндлөнгийн хяналтыг улс төрийн аливаа нөлөөлөөс ангид үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх; хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох; ёс зүйн болон эрх зүйн хариуцлагын зааг ялгааг тодорхой болгож хэзээ, хэрхэн хүлээлгэх талаарх зохицуулалтыг тодорхой болгохтой холбоотой саналуудыг хэлж байлаа.


  Үүгээр “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын I, II салбар хуралдаан өндөрлөж, дүгнэлтүүдээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл