Цэс

Холбоо барих

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн нэрэмжит Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр (2023.01.07) Төрийн ордны "Их Монгол" танхимд эхэллээ.


Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг угтан Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран оюуны спортыг дэмжих зорилгоор энэхүү тэмцээнийг жил бүр улс орон даяар зохион байгуулдаг уламжлалтай.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойн өдрийн мэндийг тэмцээнд оролцогчдод уламжлаад, “11 жилийн өмнө миний бие Монголын шатрын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тухайн үеийн УИХ-ын даргын ивээл дор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг санаачлан зохион байгуулж байлаа. Жилээс жилд энэ тэмцээний нэр хүнд өсөж, оролцогчдын хүрээ тэлж, шатар сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээний нэг болсонд баяртай байдаг.

Улсын Их Хурал шатрын спортыг улс орон даяар жигд дэлгэрүүлэн хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж, бодит ажлаар дэмжих зорилгоор энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг. Шатар бол хүнийг сэтгэн бодуулж сургадаг, логик сэтгэлгээг хөгжүүлдэг, тэвчээртэй болгодог, хүчээр бус арга ухаанаар бэрхшээлийг даван туулах амьдралын хүмүүжил олгодог оюуны онцгой спорт юм. 2022 онд манай шатарчид тив, дэлхийн түвшний тэмцээнд олон сайхан амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулж, гурван дэлхийн аваргатай боллоо. Монгол Улсад шатрын спорт түгэн дэлгэрч, өсвөр үеийнхэн маань тив, дэлхийн хэмжээнд алдар суугаа дуурсгаж байгаад баяртай байна. Энэ бол олон зууны түүхэн уламжлалтай Монгол шатар, Монголын шатарчдын зорилго, хүсэл эрмэлзэл бодит үр дүнд хүрч байгаа сайхан жишээ юм” хэмээгээд шигшээ тэмцээний шатарчдад амжилт хүслээ.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монголын бүх ард түмний спортын XV их наадмын шатрын тэмцээний аварга, спортын мастер Х.Итгэлт нар тэмцээний нээлтийн хүндэтгэлийн өргийг нүүж, тэмцээнийг эхлүүллээ. Х.Итгэлт нь Монголын бүх ард түмний спортын наадмын шатрын тэмцээнд Дундговь аймгаас оролцсон бөгөөд хамгийн залуу аварга (18 нас) болжээ.



Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнд нийт 5270 гаруй шатар сонирхогч бүртгүүлснээс шигшээ тоглолтод 140 шатарчин өрсөлдөхөөр тунажээ. Шигшээ тоглолтод эрэгтэй 104 шатарчин, эмэгтэй 36 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөнө.

Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2000-аас доош оноотой шатар сонирхогч оролцдогоороо онцлогтой. Энэ удаагийн тэмцээний эхний шатны тэмцээнд Завхан, Төв, Баянхонгор аймгуудад хамгийн олон буюу 355-411 шатарчин оролцсоноороо бусад аймгуудыг манлайлжээ.



Монгол Улсын Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан энэхүү тэмцээний хамгийн ахмад оролцогч нь Баянхонгор аймгаас оролцож буй 91 настай Ц.Гунгаа гуай юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан энэхүү тэмцээнийг Швейцарь системээр найман  өрөг явуулах бөгөөд эрэгтэй, эмэгтэй ангилалд эхний гурван байр эзэлсэн шатарчдад шатрын спортын дэд мастер цол олгодог. Харин тэргүүн байр эзэлсэн шатарчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрх авна.


Шигшээ тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Ардын Их Хурлын депутат, Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав, Ардын Их Хурлын депутат Д.Моондой, Д.Найдан, С.Ёндонцоо, С.Билэгсайхан, Ц.Ганбаяр, Д.Чилхаажав, Улсын Их Хурлын гишүүн асан Л.Гүндалай, Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар болон албаны хүмүүс оролцов.


Ташрамд дурдахад, Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоотой хамтран Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнийг 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улс орон даяар гурван үе шаттайгаар зохион байгуулж байна.

Анхан шатны тэмцээн буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулсан.

Хагас шигшээ тэмцээн буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд бүх аймаг болон нийслэлд нэгэн зэрэг зохион байгуулсан.

Шигшээ тэмцээн буюу улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 01 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл