Цэс

Холбоо барих

Чуулга уулзалтын салбар хуралдаанууд болж байна

Үндэсний зөвшилцлийг хангах “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд өнөөдөр (2023.01.11) Төрийн ордонд болж буй “Улс төр, эдийн засаг, эрхзүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл чуулга уулзалтын салбар хуралдаануудаар улс орны эдийн засгийн хөгжил, засаглал, шударга ёсны шинэчлэл, төрийн тогтолцоо, нийгмийн ардчиллыг төгөлдөржүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж байна.

Парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх нь сэдэвт салбар хуралдааныг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд, Зөвлөлдөх санал асуулгыг  удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар нар чиглүүлж, Үндсэн хуулиар тогтоосон төрийн байгуулалтын алдаа, оноо, цаг үеийн нөхцөл шаардлага, Монгол Улсын ирэх 30 жилийн хөгжлийн чиг хандлагад нийцэж буй эсэх, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний ололтыг цаашид улам батжуулан бэхжүүлэх тогтолцооны чадамж, боломжийн талаар ярилцаж байна. Чуулга уулзалтад оролцогчид салбар хуралдаануудад саналаараа оролцож байгаа бөгөөд Үндсэн хууль, төрийн тогтолцоо, засаглалын сэдэвт тус салбар хуралдаанд 175 орчим хүн оролцож, санал бодлоо уралдуулж байна

Эрхзүйн шинэчлэлийн асуудлаарх салбар хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, гишүүн Б.Энхбаяр нар удирдан явуулж байна. Салбар хуралдааны эхэнд дэд дарга Л.Мөнхбаатар 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн хийж буй эрх зүйн шинэчлэлийн талаар товч танилцуулсан юм. Энэ хүрээнд 40 орчим томоохон хууль, тогтоомжийг шинэчлэхээр төлөвлөснөөс 20 орчмыг нь батлаад байгаа юм. Тэрбээр, авилга, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангаруулах чиглэлээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай, төрийн өмчийн удирдлага, менежментийн хууль эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байгаа, цаашид улс төрийн намын тухай, намын санхүүжилтийн тухай, сонгуулийн тухай хуулиудад шинэчлэл хийх шаардлагатайг дурдан, чуулга уулзалтад оролцогчид саналаа хэлж байна. Тус салбар хуралдаанд 50 орчим хүн оролцож байгаагаас 25 нь үг хэлэхээр бүртгүүлсэн байна.

100 орчим оролцогч чуулж байгаа Эдийн зсгийн шинэчлэл салбар хуралдааныг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар удирдан чиглүүлж байна. Улс орны эдийн засгийн бүтцийн өрөөсгөл байдлыг халж, солонгоруулах, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрт туссан зорилго, төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам, нийгэмд газар авсан ядуурал, ажилгүйдлийг шийдвэрлэх, хавтгайрсан халамжийг хөдөлмөр эрхлэлт рүү чиглүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна. Салбар хуралдааны богино хугацаанд 50 орчим хүн үг хэлж, санал бодлоо илэрхийлэхээр нэрсээ бүртгүүлжээ.

Салбар хуралдаанууд 16.50 цаг хүртэл үргэлжилж, Чуулга уулзалтын хаалтын хуралдаанаар санал, дүгнэлтүүдээ нэгтгэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл