Цэс

Холбоо барих

Хууль тогтоогчдын арын алба, ажлын хэсгийнхний талаар дурсахуй

Одоогоос 31 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монголын нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглан баталсан.

Энэ түүхэн үйл хэрэгт оролцсон Арын албаныхны талаар товч өгүүлье гэж бодсон юм.

АИХ-ын II хуралдааныг зохион байгуулах 11 ажлын хэсэг Улсын Бага Хурлын даргын захирамжаар 1991 оны 10-р сард байгуулагдсан. Нэг ажлын хэсэг 6-12 ажилтантай, бүгд 100 гаруй хүн хамрагдаж байсны дотор АИХ, УБХ-аас 55, Засгийн газраас 21, Ерөнхийлөгчийн  Тамгын газраас 14, бусад яам, тусгай газар, үйлчилгээний байгууллагуудаас цөөн хүн байв. Тухайлбал, УБХ-ын Тамгын газрын хэлтсийн орлогч дарга Ч.Бавуу гуайтай Техник үйлчилгээний хэсэг 16 хүнтэй ажилласан. АИХ-ын хуралдааны аппаратын орлогч, ерөнхий нарийн бичиг, нарийн бичгийн даргаар УБХ-ын Тамгын газрын орлогч дарга Л.Хангай, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Моломжамц, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Р.Түнжин, Хууль зүйн сайд Ж.Амарсанаа нар ажилласны дээр өөрийн байгууллагаас АИХ-ын хуралдааны ажлын хэсэгт ажиллаж буй хүмүүстээ анхаарч, ажлын хэсгийнхээ ахлагч нарын удирдлагад бүрэн дүүрэн ажиллах ёстойг сануулдаг байсан нь сайхан санагддаг.

1990 оны 5-p сарын 20-нд Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль батлагдсан нь Байнгын ажиллагаатай парламент БНМАУ-ын Бага хурал байгуулагдах эрх зүйн үндсийг тогтоосон. Хуульд “БНМАУ-ын Бага хурал нь хууль тогтоох, шалгах, зохион байгуулах бүрэн эрх бүхий төрийн эрх барих байнгын дээд байгууллага” гэж заасан. Үүний дараа 1992 оны 1-р сарын 13-нд шинэ Үндсэн хууль батлагдаж, энэ үеэс Монгол Улсад хууль тогтоох эрх мэдлийг хэд хэдэн байгууллага эдэлж байсан гажуудал арилж, Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийг батлах, өөрчлөх асуудлыг эрхлэх болсон.

Үндсэн хуулийн төслийг БНМАУ-ын АИХ-ын депутатууд үг, өгүүлбэр, зүйл заалт, утга агуулга нэг бүрээр нягтлан шүүж, шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Ингэхдээ асуудал бүхэнд намын, хувийн болон аливаа нэг бүлэглэлийн эрх ашгийн үүднээс бус, нийтлэг эрх ашгийн үүднээс ханддаг байсныг арын албанд зүтгэж явсны хувьд дурдаж, ширүүн маргаан өрнөж, хуулийн хэлэлцүүлэг хойшлогдох явдал байсан боловч эцэстээ харилцан ярилцсаны дүнд хуулийн төслийн үндсэн үзэл баримтлалд харшлахгүйгээр шийдэж байсан нь депутатууд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комисс болон УБХ-ын гишүүдийн гавьяа мөн.

УБХ-аас өргөн мэдүүлсэн төслийн нэр нь “Их цааз“ гэж байсан бөгөөд зөвхөн энэ нэрийг тойрч 3 өдрийн турш хэлэлцсэн. Төслийн анхны хэлэлцүүлгээр нэрийг ”Их засаг хууль“ гэж тогтоосон байв. Төсөлд улсын нэрийг “Монгол Улс” гэж оруулсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад зөвшилцсөнөөр хуулийн нэрийг “Монгол Улсын Үндсэн хууль“ гэж тогтсон.

Шинэ Үндсэн хууль амархан бүтээгүй. 1990 оны 3-р сард БНМАУ-ын АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн VIII чуулганаар БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон БНМАУ-ын АИХ-ын депутатуудын сонгуулийн хуулийн төсөл боловсруулах асуудлыг хэлэлцсэнээр шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажил эхэлсэн. Улмаар 1990 оны 9-р сард БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар БНМАУ-ын Ерөнхийлөгч, УБХ-ыг сонгосноор УБХ-ын анхдугаар чуулганаар БНМАУ-ын Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг 1990 оны 10-р сард байгуулсан. Энэ үед АИХ, УБХ гэсэн дээд, доод хоёр хуралтай байсан. БНМАУ-ын АИХ-ын дарга Ж.Гомбожав дөрвөн орлогч, таван байнгын комиссын дарга, ажлын албаны гурван хүнтэй ажлаа явуулж, техник хэрэгсэл дутмаг мөн ч их ажилтай байсан.

АИХ-ын депутат, Орон нутгийн засаг захиргааны байгууллагын удирдах ажилтнуудын улсын зөвлөгөөнийг бүсчилсэн байдлаар, 1991 оны 6-р сарын 26-28-нд Архангай, Дундговь, Ховд, Хэнтий, Дархан хотод, 7-р сарын 1-3-нд Улаанбаатар хотод хийж, Үндсэн хуулийн төсөл, УБХ, Засгийн газрын үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг хийхээр АИХ-ын дарга захирамжилсан.

Зөвлөгөөний дүнг УБХ-аар хэлэлцэж тогтоол гаргасан. Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх, хянан боловсруулах талаар БНМАУ–ын АИХ депутатуудын гаргасан санаачилгыг дэмжиж, Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах, уг ажлыг депутатуудын уулзалттай уялдуулан хийх тухай заалт гаргасан.

АИХ-ын депутатууд Үндсэн хуулийн төслийг боловсронгуй болгох талаар чуулган эхлэхээс өмнө идэвхтэй оролцож байсан. АИХ-ын чуулганыг 18-21 хоногт 3.8 сая төгрөгт багтаан хийх төсөв, байр, унаа, бусад асуудлыг төлөвлөж эхэлсэн ч хоёр сар хагасын хугацаанд 20 гаруй сая төгрөгийн санхүүжилттэйгээр явагдсан билээ.

1991 оны 11-р сард Монгол Улсын “Их цааз”-ын төслийн ажлын хэсгүүдийн ажлыг уялдуулан зохицуулах Депутатуудын хороог 21 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тус хороо нь АИХ-аас анхны хэлэлцүүлгээр тогтсон зарчмын тохиролцоог үндэслэн депутатууд болон Их цаазын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын томьёолон өгсөн саналыг нэгбүрчлэн хянан үзэж, санал бэлтгэн ажилласан. Арын албаныхнаас Үндсэн хуулийн жинхэнэ эх дээр гарын үсгээ үлдээсэн хүмүүс нь зөвлөх Б.Мандахбилэг, Д.Ганболд, Ж.Нарантуяа, Б.Одонжил, Ж.Элбэгсайхан, Д.Батбаатар, бичээч Т.Уранчимэг нар юм.

Ардчилсан Үндсэн хуулийг батлах хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлын арын албанд ажилласан УИХ-ын Тамгын газрын Ж.Нэргүй, Д.Алтангэрэл, Б.Энэбиш, С.Туул, Ж.Нарантуяа, Д.Насанжаргал, Д.Алтанцэцэг, Д.Цэндсүрэн Ц.Нарантуяа, Л.Баярсайхан, Ж.Батсайхан, Ө.Оюунчимэг, Г.Нарантуяа, Г.Совд, Л.Ганбаатар, Ш.Бурмаа, Х.Шаандар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Н.Лувсанжав, З.Өлзийсайхан, Н.Гэрэлсүрэн, Г.Далайжамц, А.Сумъяа, Засгийн газрын ХЭГ-ын С.Хажидсүрэн, Ж.Нарантунгалаг, М.Лантав, Ц.Сувд, Г.Аюурзана, хэвлэл мэдээллийн байгууллагын Б.Пүрэвдаш, Д.Цэдэн-иш, Монгол телевизийн С.Мягмар, О.Бат-эрдэнэ, Засгийн газрын Хэвлэх үйлдвэрийн С.Итгэлт, Б.Оюундэлгэр, Ордны гуанзны С.Төмөр-Өлзий, С.Татьяна, Автобаазын А.Аюурзана, Б.Осоржамаа, БХЯ-ны Ж.Жадамбаа, Н.Амгалан, ЦЕГ-ын Б.Пүрэв, Э.Баярсайхан, “Улаанбаатар” зочид буудлын Г.Хайсандай, “Залуучууд” зочид буудлын Г.Нямжав, Б.Туул, Монцамэ агентлагийн Б.Зоригт, Н.Алтай, 2-р эмнэлгийн Б.Алтанчимэг, С.Хишгээ, Ц.Чойжинхорол, Ордны комендатурын Б.Бизьяа, Г.Доёд,  Алтангэрэл нарын журмын нөхдөө санан дурсаж, бахархахгүй байж үл чадна.

Төрийн ажлын тогоонд чанагдаж, аливаад зохицох чадвар эзэмшсэн, бичиж боловсруулах ажилд гаршсан, депутатуудын хүсэлтийг барагдуулж, шийдвэрлэхэд туршлагажсан, ажилдаа түрүүнд ирж сүүлдэж явдаг, амралт, баяр ёслолын өдөр гэдгийг үл огоорон ажиллаж байсан хүмүүс бол эд юм. Депутат нарын санал, хэлсэн үгийг тэр үедээ л сайн гэгддэг магнитофонд бичиж байсан ч хальс дутагдалтайгаас цаасан дээр хурдан буулгахын тулд 24 цагаар ажиллах, тухайн өдрийн хуралдааны талаар гараар давхар тэмдэглэл хөтөлж орой бүр АИХ-ын дарга Ж.Уртнасан, эх баригч Б.Чимэд нарт танилцуулдаг байв.

Үндсэн хууль үнэхээр амар биш бүтсэн. Танхимын гадуур хийгдсэн ажил маш их. Тэдний ажлыг үл огоорч, зөвхөн хууль тогтоогчид, АИХ-ын депутат нар л гэж ярьж бичих болжээ. Ер нь аливаа ажилд зонхилж, манлайлж, аль эсвэл ачааны хүндийг үүрч, хариуцлагыг илүүтэй үүрч, зүтгэж чармайдаг нь “арын албаныхан” байдаг. Тэдний хийж бүтээснийг үнэлж, тэдний тухай дурсан ярих ёстой бөгөөд тэд ч бас санаа бодлоо хэлэх учиртай. Бидний яаж зүтгэж байсныг хууль тогтоогчид одоо ч сайнаар ярьдаг. Үндсэн хууль тогтоогчдын арын алба, ажлын хэсгийнхнийг  АИХ-ын орлогч дарга, доктор, профессор Л.Дашням “Ажлын морьд” гэж нэгэнтээ бичсэн.

Арын албаныхны ажил Үндсэн хууль батлаад өндөрлөөгүй, УИХ-ын Тамгын газарт үргэлжлэн ажиллаж, шинэ Үндсэн хуулиа сурталчлан хэрэгжүүлэгчид болсон. Тиймээс шинэ Үндсэн хууль нь хууль тогтоогчид, тэдний арын албаныхны хамтын оюун санааны бүтээл гэж бихувьдаа үздэг.

 

АИХ-ын ажлын хэсгийн ажилтан асан, доктор, профессор О.Лхагварэнцэн

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл