Цэс

Холбоо барих

АБГББХ: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.01.19/ хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.


Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг хэлэлцэх асуудлын тов, дарааллыг харгалзахгүйгээр Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх захирамжийг Улсын Их Хурлын дарга гаргасныг Байнгын хорооны дарга хуралдааны эхэнд мэдээлсэн.

Хуулийн төслийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулав.

Тэрбээр, Технологийн хөгжилтэй зэрэгцэн бидний өдөр тутмын амьдрал цахим орчин, олон нийтийн сүлжээнд өрнөх болж, худалдаа наймаагаа хийх, мэдээлэл солилцох, үзэл бодлоо илэрхийлэх, хуваалцах зэрэг явдал нь ердийн үзэгдэл болж хэвшсэн байна. Технологийн дэвшил нь мэдээлэл, бараа, үйлчилгээ солилцоонд өндөр  хурд авчирч, холыг ойртуулж, хоёрыг уулзуулж байгаа хэдий ч үүнийг дагасан сөрөг үр дагавар, аюул эрсдэл үүсгэж байна.


Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо, хохирол асар хурдацтай өсөн нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллагын мэдээллээр зөвхөн 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн 8,563 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Ганцхан жилийн дотор цахимаар залилах гэмт хэрэг 99.8 хувиар буюу 2 дахин, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 95.2 хувиар, кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг 70.7 хувиар, хулгайлах гэмт хэрэг 37 хувиар, хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 18.5 дахин, бусдын эд хөрөнгийн авахаар заналхийлэх гэмт хэрэг 8.9 дахин өсчээ.  Энэ бүх тоо статистикийг дурьдаад өнгөрөх нэг хэрэг. Нугарч өссөн тоо хэмжээ, хувь бүрийн цаана монгол хүний амьдрал, хувь заяа, амь нас, эрүүл мэнд, хүүхдийн ирээдүй, насан туршид нь үл арилах сэтгэлийн шарх, гэмтэл үлдэж хоцорно.

Зөвхөн өнгөрсөн 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас 19 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.

Цахим орчин дахь гэмт хэрэг огцом хурдан өсч байхад түүнээс урьдчилан сэргийлэх, шийдвэртэй тэмцэх ажил удаан байна, хуучинсаг байна. Шинэ орчны гэмт хэрэгтэй шинэ орчинд нь тэмцэхгүй бол хурдан машинтай малын хулгайч нарыг мориор хөөхтэй зарчмын хувьд ялгаагүй.  

Олон талын хүчин зүйл бий ч бүгдийг нь биш үндсэн гол гурван шалтгааныг онцлон хөндье: Үүнд:

Нэг. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх хууль, эрх зүйн орчингүй. Олон нийтийн сүлжээний талаар төрөөс баримтлах бодлого тодорхойгүй. Гэмт хэрэгтэй тэмцэх хүний нөөц, техник, технологийн боломж муу. Уламжлалт бус орчинд гарч байгаа гэмт хэрэгтэй уламжлалт аргаар тэмцээд үр дүнгүй. Дэлгэцийн цаанаас өндөр хурдаар тархааж, өргөн олон хүнийг хамарч, үндэстэн улсаар нь хохироодог нарийн заль мэх, арга технологи ашигласан гэмт хэрэгтэй өндөр хурдтай, үр дүнтэй тэмцэхийг нөхцөл байдал шаардаж байна. Технологи ашигласан гэмт хэрэгтэй технологи ашиглаж тэмцэхийг цаг үе Та биднээс шаардаж байна.

Хоёр. Хэрэглээнд өргөн хүрээнд нэвтэрсэн Фэйсбүүк гэх мэт олон нийтийн сүлжээ эрхлэгчтэй харилцан ойлголцох, хамтран ажиллах нөхцлөө тохирч чадаагүй, зөрчилтэй контент гэж юуг хэлэх, хэрхэн тэмцэх талаар ойлголтын эрс зөрүүтэй явж ирсэн. Монгол Улсаас янз бүрийн байгууллагууд, иргэд хүний эрхэнд халдсан, гэмт хэрэг өдүүлсэн мэдээллийг устгуулахаар хандахад 18 хувь буюу 5 тохиолдлын зөвхөн 1-ийг нь шийдвэрлэсэн байна. Харин ийм хуультай, цахим орчинд хүний эрхийг хамгаалж чаддаг Герман улсад энэ үзүүлэлт 95  хувьтай байна. Хэн ямар байгууллага үйлчилгээ эрхлэгчтэй харилцах, зөрчилтэй контентыг илрүүлж, нотлон мэдээлэх нь тодорхойгүй. Анагаах ухаанаар бол олон хүнийг хохироох халдварт өвчинтэй тэмцэх түргэн тусламж, оношлох, тусгаарлах арга хэмжээ эрс үгүйлэгдэж байна. 

Гурав. Иргэдийнхээ цахим мэдлэг боловсролд анхаараагүй, зохистой хэрэглээг төлөвшүүлээгүй, хуурамч мэдээлэл, зохион байгуулалттай, тодорхой зорилготой нөлөөллөөс өөрийгөө хамгаалах дархлаа муу зэргээс болсон байна. Эцэг эхчүүдий 95 хувь нь хүүхдээ цахим гэмт халдлагаас хэрхэн хамгаалахаа мэдэхгүй байна. Хүүхэд биеэрээ эцэг эх, багшийнхаа хараа хяналтанд, хажуу дэргэд, гэр орондоо байлаа ч оюун санаа, эрх чөлөөнд нь хэн ч хаанаас халдаж болдог хил хязгаар, хаалга үүдгүй шинэ орчинд амьдарч байна.

Иймд олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ялгаварлан гадуурхалд өртдөггүй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ баталгаатай эдэлдэг байх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсрууллаа. Мөн түүнчлэн олон нийтийн сүлжээнд үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөрчилтэй контентыг нэн яаралтай тодорхойлох, олж илрүүлэх, таслан зогсоох, цахим гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн үндсийг тодорхойлж, гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх нь энэ хуулийн зорилго мөн гэлээ.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулиар хүний захидал харилцааны нууцад халдахгүй. Олон нийтийн буюу 3 ба түүнээс дээш хэрэглэгчтэй цахим сүлжээнд нийтэд хүний эрхэнд халдсан, гэмт хэргийн шинж бүхий сөрөг агуулгатай контент нийтлэх, түгээх харилцаанд хамааруулж зохицуулсан. Хэрэглэгчийн эрх үүрэг, хүний эрхийг зөрчсөн, гэмт хэргийн агуулга бүхий контенттой тэмцэх тогтолцоог тогтоож өгчээ.

Олон нийтийн сүлжээний үйлчилгээ үзүүлж байгаа этгээд гэж хэнийг хэлэх, ямар эрх, үүрэгтэй байх, зөрчилтэй контенттой холбогдуулан хэрэглэгчээс ирсэн гомдол, мэдээллийг шийдвэрлэх, хэрэв Монгол Улсаас бүртгэлтэй 300,000 буюу түүнээс дээш тооны хэрэглэгчтэй бол төлөөлөгчийн газар нээж ажиллуулах, хэрэглэгчийг баталгаатай утасны дугаар, эсхүл цахим шуудангийн хаягаар баталгаажуулан бүртгэх, зөрчилтэй контентын талаарх олон нийттэй харилцах нэгжийн хүсэлт, шийдвэрийг хүлээн авч, 7 хоногийн дотор хянан шийдвэрлэх үүрэгтэй болохыг тусгасан байна.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах нь төр дангаар хийж хүчрэх ажил биш. Тиймээс технологийн салбарын мэргэжлийн шинжээч, судлаачид, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комиссын идэвхтэй оролцох өргөн бололцоог хуульчлан баталгаажуулах юм байна.

Зөрчилтэй контентийг хянан шийдвэрлэх, олон нийтийн сүлжээний эрхлэгчтэй хамтран ажиллах нэгж байна. Хүний эрхийг зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй контентыг 24 цагаар тасралтгүй илрүүлж, оношлон тодорхойлж, нэн яаралтай горимоор сүлжээ эрхлэгчид нотлон мэдээлэх үүрэгтэй ажиллах юм байна.  Уг нэгжийг улсын төсөвт нэг ч төгрөгийн нэмэлт зардал гаргахгүйгээр Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн бүтцэд багтаан байгуулахаар хуулийн төслийг боловсрууллаа. Засгийн газрын яамд, холбогдох байгууллагуудаас санал авч, төсөл боловсруулах ажилд оролцоог нь ханган ажилласан аж.  

Түүнчлэн хувь хүний хуулиар тогтоосон алдар нэрийг хүндэтгэх зарчмыг бэхжүүлэх үүднээс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд хүний хувийн мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд хүргэхдээ мэдээллийн эзэнд нь мэдэгдэл хүргэх зарчмыг баримталж, нийтийн албан тушаалтан төрийн байгууллага хувь хүний мэдээлэлд хүндэтгэлтэй хандах, ямарваа байдлаар олон нийтийн сүлжээнд дэлгэдэг зохисгүй байдлыг бүрмөсөн хориглох болно. Үүний эхлэл болгож татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж байгаа бөгөөд, удаа дараа татварын зөрчил гаргасан хүний хувьд тухайн хүнд нь мэдэгдэл хүргэсэний үндсэн дээр зөвхөн нэр, татвар төлөгчийн дугаар, зөрчлийн мэдээллийн хамт олон нийтэд нийтэлж, мэдээлж болох тухай агуулгуудыг тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжив

Дараа нь Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаглал II төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулсан юм.

Сайд Н.Учрал, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гарын үсэг зураад байна.


Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-аас гаргадаг “Иргэдийн цахим оролцооны индекс”-ээр Монгол Улс 2022 оны байдлаар 74 дүгээр байрт, “Дижитал өрсөлдөх чадварын индекс”-ээр 62 дугаарт байрт, Олон Улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр 120 дугаар байрт тус тус орсон байгаа нь манай улсын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж авлигыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна гэлээ.

Тус төслийн нэгдүгээр үе шат болох “Ухаалаг засаг-1 төсөл”-ийг хэрэгжүүлсэн бөгөөд Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ системд төрийн 62 байгууллагын 665 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1,016 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, Ухаалаг газрын харилцааны системийг идэвхжүүлэн 103 мянга гаруй иргэн үйлчилгээг хүргүүлсэн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас 242,005 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхэд суулгаж, олгосон байна.

Цаашид төрийн цахим үйлчилгээний суурь зөөлөн дэд бүтэц болох үндсэн болон дэмжих системийг өргөтгөн хөгжүүлж, бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр нь шинэчлэн, хэрэглээг нэмэгдүүлж, төрийн байгууллагын цахим албан бичиг солилцоог хурдасгах зорилгоор “Ухаалаг засаг -2 төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. 

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас авч ашиглах 29.5 сая зээлжих тусгай эрхийн эх үүсвэр нь жилийн тогтмол 2 хувийн хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 30 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй бөгөөд Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасны дагуу “гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ” тул Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай юм байна.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан дээрх төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн талаарх 2022 оны 12 дугаар сарын 19ий өдрийн тус Байнгын хорооны санал, дүгнэлтээр Засгийн газарт чиглэл болгож хүргүүлсэн үүргээс дөрвийг нь тусгаагүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй гэдгийг ажлын хэсэгт анхааруулсан юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Гэрээний төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Гэрээний төслийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцууллаа.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд Иргэн, гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай 1989 оны гэрээг шинэчилж,  иргэний болон арилжааны хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх, ялтан шилжүүлэх чиглэлээр тус тусад нь гэрээ байгуулахаар хоёр тал 2021 онд тохироод байгаа аж. Энэ хүрээнд Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төслийг тухайн улстай 2022 тохирсон гэлээ. Гэрээний төсөл нь 23 зүйлтэй бөгөөд төсөлд эрх зүйн туслалцаа үзүүлэх хүрээ, туслалцаа үзүүлэх хүсэлт гаргах, биелүүлэх журам, туслалцаа үзүүлэхээс татгалзах үндэслэл, харилцах журам, бусад зүйлсийг тусгасан байна. Тус гэрээг байгуулснаар хоёр улсын хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нотлох баримтыг албажуулж авах, мөрдөн шалгах ажиллагаанд холбогдох этгээдийг байлцуулах, гэмт хэргийн улмаас олдсон эд зүйл, хэрэгслийг хураан авах гэх зэрэг тодорхой төрлийн ажиллагааг хоёр улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэхэд туслалцаа үзүүлэх боломжтой болох аж.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив.

Үргэлжлүүлэн “Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.

Гэрээний төслийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулав.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас Бүгд Найрамдах Куба Улстай 1989 онд байгуулсан Иргэн, гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг хоёр улсын сүүлийн үеийн эрх зүйн зохицуулалт, практиктай уялдуулж шинэчлэн байгуулахаар хоёр тал 2021 онд тохирсон байна. Ингэхдээ хоёр тал иргэний болон арилжааны хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх, ялтан шилжүүлэх чиглэлээр тус тусад нь гэрээ байгуулах нь зүйтэй хэмээн үзэж гэрээнүүдийн төслийг боловсруулжээ. Энэ хүрээнд Иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төслийг талууд 2022 онд тохирсон байна.

Гэрээний төсөл нь 20 зүйлтэй, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх үндсэн зарчим, харилцах журам, эрх зүйн туслалцаа үзүүлэх хүрээ, хязгаар, шүүхийн болон шүүхийн бус баримт бичиг гардуулах, нотлох баримт цуглуулах, шүүхийн даалгавар биелүүлэх, баримт бичгийн бүрдүүлбэр, тавигдах шаардлага, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх гэх зэрэг зохицуулалттай аж.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл