Цэс

Холбоо барих

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнд УИХ-ын дарга оролцлоо

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2023 оны сургалт, зөвлөгөөний нээлт өнөөдөр (2023.01.19) болж байна. Уг үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэллээ.

Тэрбээр, хууль сахиулах байгууллагууд, түүний дотор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, алба хаагчдын ажиллах нөхцөл, боломжийг дээшлүүлэхэд Монгол Улсын Их Хурлаас онцгой анхаарч, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталсан нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад ажилтан, алба хаагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн байдал сайжрах эрх зүйн шинэчлэлт болсон. Мөн цагдаагийн байгууллагын 2023 оны төсөв урьд оныхоос 53.1 тэрбум буюу 18.4 хувь нэмэгдэж 342.2 тэрбум төгрөг батлагдсан нь төр, засгаас тус салбарын ажилтнуудын ажиллах нөхцөл бололцоог ихээхэн анхаарч байгаагийн илрэл гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дотоодын цэргийн алба хаагчид нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих, аймгийн төвөөс алслагдсан суманд тасралтгүй ажиллаж байгаа алба хаагчдад 30 сарын тэтгэмжийг 5 жил тутамд 1 удаа олгох, алба хаасан 1 жилийг 1 жил 3 сараар тооцохоор тусгасан. Мөн нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх чиг үүргийг гүйцэтгэхдээ цагдаагийн алба хаагчтай нэгэн адил баталгаа эдлэх зэрэг зохицуулалтууд тусгасан тухай танилцуулав. 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны энэ жилийн сургалт, зөвлөгөөнийг оролцоонд суурилсан арга хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Цагдаа, дотоодын цэргийн 214 удирдах албан тушаалтан танхимаар, 10.000 гаруй алба хаагч 101 байршлаас цахимаар хамрагдаж байгаа аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл