Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар 2023 оны гуравдугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.03.02) Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ.


Талууд хоёр улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд энэ удаагийн айлчлал өндөр ач холбогдолтойг уулзалтын эхэнд дурдаад, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог улам бататгасан үйл явдал болохыг онцолсон юм.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад Япон Улсын Засгийн газар, ард түмэн сэтгэл харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Монголын ард түмэн ямагт талархалтай байдгийг илэрхийлэв. Тэрбээр 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласныг онцлоод Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-г тааламжтай үедээ Монгол Улсад зочлохыг урилаа.


Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, тус төслийн гурав дахь үе шатыг эхлүүлэх шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхийг Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гээс хүссэн юм. 


Түүнчлэн Монгол, Японы залуус хоорондын соёлын солилцоог дэмжих, тэдгээрийн хөгжих, суралцах эрхийг хангах зорилгоор Япон Улстай “Ажиллах, амрах визийн хэлэлцээр” байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл