Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн албаны зөвлөлийн тайланг сонслоо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.04.05/ хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайлан сонсов.


Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг танилцуулсан. Тэрбээр тус зөвлөлөөс хэрэгжүүлсэн ажлын үр дүнд ур чадварын шилжилт хийх эрх зүйн үндэс бүрдсэн хэмээн онцлов.

Хууль хэрэгжүүлэх эхний жилүүдийн сорилт сургамжид үндэслэн төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор төрийн албаны албан тушаалын ангилал хооронд ур чадварын шилжилт хийх эрх зүйн үндэс бүрдсэн гэлээ. Хуулийн энэ өөрчлөлтийн дагуу Төрийн албаны зөвлөл 8 журмыг шинээр боловсруулж баталснаас гадна өмнөх онд 47 дүрэм, журамд шинэчлэл хийжээ. Төрийн албаны өөр өөр ангиллын албан тушаалуудыг адилтгах, ажилласан хугацааг дүйцүүлэн тооцох болсноор ажилтны туршлага, ур чадварыг ашиглах замаар сэлгэх, шилжүүлэх, хүний нөөцийн нөхөн хангалтыг тэлэх боломж нээгдэж, төрийн албанд тулгарч буй хүний нөөцийн хомсдолыг тодорхой хэмжээгээр нөхөх нөхцөл бүрдүүлсэн хэмээлээ.


Тэрбээр, Сонгон шалгаруулалтыг цахимжуулан энэ тогтолцоог боловсронгуй болгох замаар ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлэхэд хувь хүний ёс суртахуун, зан төлөв, туршлага, чадварыг үнэлж, зөв хүнийг шилж олон сонгох, тохирох албан тушаалд томилох аргачлалыг олон улсын түвшинд хүргэхээр хичээсэн нь зохих үр дүнгээ өгч эхэлж байна.

Тайлант онд төрийн албаны ерөнхий шалгалтыг 2 удаа зохион байгуулснаар  төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөц 3739-өөр нэмэгдэж, нийтдээ 14000-д хүрлээ. Хувийн хэвшлийн салбарынхан ч нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх боллоо.

Төрийн захиргааны удирдах албан тушаалын 729, гүйцэтгэх албан тушаалын 5042, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн 358 албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулснаар 3731 иргэдийг нэр дэвшүүлж томилуулав.

Сонгон шалгаруулалтын үйл явц бүрэн цахимжиж, иргэд төрийн албанд томилогдох адил тэгш боломж, шударга, ил тод байх зарчмын хэрэгжилтэд ахиц дэвшил гарч, иргэдийн итгэл сэргэх эхлэл тавигдлаа.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хэрэгжилтэд үнэлгээ хийсэн олон улсын шинжээчдийн тайланд төрийн албан тушаалд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа бүрэн цахимжсан нь сайн туршлага болсныг онцлон тэмдэглэсэн нь эерэг мэдээ юм хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга мэдээлэлдээ дурдлаа.

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил аажмаар буурах хандлагатай байна гэж Б.Баатарзориг дарга онцолсон.

Тайлант хугацаанд 415 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргаж, шийтгэл хүлээснээс төрийн захиргааны албан тушаалтан 221, төрийн үйлчилгээний албан тушаалтан 194 байгаа аж.


Ёс зүйн зөрчлийн тоо өмнөх оноос бага зэрэг буурсан нь сахилга, хариуцлага, ёс зүйг сайжруулах талаарх УИХ-ын бодлого, Төрийн албаны зөвлөл болон төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа соён гэгээрүүлэх болон нөлөөллийн олон талт үйл ажиллагаа нь төрийн албан хаагчдын харилцаа хандлага, ёс зүй, соёлд тодорхой хэмжээний эерэг нөлөөлөл үзүүлж эхэлсний үр дүн гэж Төрийн албаны зөвлөл үзжээ.

Улсын хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар төрийн 2961 байгууллагын дэргэд  ёс зүйн зөвлөл байгуулагдан, Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа, зөрчлийн бүртгэл, мэдээллийн  цахим системийг нэвтрүүлж,  ашиглаж эхэлсэн байна.

Ингэснээр зөрчлийг тухай бүрд нь илрүүлэх, хариуцлага тооцох, нийтэд мэдээлэх тогтолцоо төлөвшиж, нийгмийн хяналтад орох нөхцөл бүрдэх бөгөөд олон нийтээр хэлэлцэгдэж буй Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаар энэ чиглэлээр тодорхой өөрчлөлт гарна гэсэн шударга ёсны хүлээлт байгааг Төрийн албаны зөвлөлийн дарга мэдэгдсэн.

Мөн төрийн албанд зүй бус замаар орж ирсэн зарим иргэний ёс суртахуунгүй үйлдлийг нийтэд хамаатуулан төрийн алба, төв шударгуу төрийн албан хаагчдын нэр хүндийг харлуулах нь ёс зүйгүй хандлага гэдгийг тэмдэглэсэн юм.

Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт үр дүнд хүрч байгааг онцлох үр дүнгийн нэг хэмээн мэдээлсэн.

Хуульд заасан томилгооны хяналт, шалгалтыг тайлант онд төрийн 58 байгууллагын 1012 албан хаагчийг хамруулан хийж, 193 иргэн, албан хаагчийг төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсныг тогтоож “Зөрчил арилгах хугацаатай үүрэг, даалгавар”-ыг томилох эрх бүхий албан тушаалтан болон албан хаагчдад хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллажээ. Тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд Төрийн албаны зөвлөл тухайн шийдвэрийг шууд хүчингүй болгож 31 тогтоолыг гаргасан байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 453 байгууллагын 7178 албан хаагчийн томилгоонд хяналт шалгалт хийж 1489 зөрчилтэй томилгоог илрүүлж, хуульд нийцүүлэх арга хэмжээ авчээ.

Томилгооны хяналт, шалгалтаас гадна чадахуйн зарчмын хэрэгжилтэд хийх хүний нөөцийн аудитыг яам, агентлаг, орон нутгийн 57 төрийн байгууллагын 1585 албан хаагчийг хамруулан зохион байгуулж хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан байна.

Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн заалт бодитой хэрэгжиж эхэлснийг Б.Баатарзориг дарга мөн онцолсон.


Хуулийн энэ заалтын дагуу төрд хохирол учруулсан хууль бус шийдвэр гаргасан 27 албан тушаалтанд холбогдох 303 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага хүргүүлж, уг шаардлагыг биелүүлээгүй 7 албан тушаалтанд холбогдох 107 сая төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Иргэний хэргийн шүүхээр 13 хэрэг эцэслэн хянан шийдвэрлэгдэж, төрд учруулсан 145.7 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд үүнээс 39.5 сая төгрөгийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж төрийн сангийн дансанд төвлөрүүлэн,  үлдсэн 102.2 сая төгрөгийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад ханджээ.


Өнгөрсөн 4 жилийн хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн хууль бус томилгоотой холбоотой шүүхийн шийдвэрийн бүртгэлийг Төрийн албаны зөвлөл нэгтгэн хөтөлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байгаа аж. Эдгээр арга хэмжээний үр нөлөөгөөр албан хаагчийг хууль бусаар томилох, чөлөөлөх зөрчил мэдэгдэхүйц багасаж, эрх бүхий албан тушаалтнууд хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, хууль бус шийдвэрийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүний нөөцийн зөвлөгөө, тусламж авах эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн нь хууль засаглах соёл төлөвших эерэг эхлэл тавигдсан хэмээн мэдээлсэн юм.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд төрийн албанд томилогдсон албан хаагчдын томилгоог хууль тогтоомжид нийцүүлэх бэлтгэл ажлыг Төрийн албаны зөвлөл хангажээ.

Ковидын хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд төрийн албанд томилогдсон нийт 2808 иргэний томилгоонд өнгөрсөн онд хяналт хийж, хуулийн болон албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй 794 иргэнийг төрийн албанаас чөлөөлүүлж, шаардлага хангасан 823 иргэнийг сонгон шалгаруулалтад оруулж  төрийн албанд жинхлэн томилуулах арга хэмжээ авчээ.  

Төрийн албаны зөвлөл Нийтийн албанд томилогдох эрх нь хасагдсан иргэдийн судалгаа, мэдээллийн сантай болсон байна.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрх хасагдсан иргэдийг “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системд бүртгэн, хяналт тавих ажлыг эхлүүлжээ.

2019-2022 онд шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрх нь хасагдсан нийт 579 иргэнийг санд бүртгэсэнээс 227 нь эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдсон байна. Эдгээр албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлөх хуулийн заалтыг хэрэгжүүлэн  ажиллаж буй аж.

Төрийн албан зөвлөлийн дарга Б.Баатарзориг тус төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахимжуулах ажил, төрийн албан хаагчийн тасралтгүй сургалт, судалгаанд суурилсан төрийн албаны шинэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн.  

Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтөлж Улсын Их Хурал, Засгийн газрыг мэдээллээр хангах чиг үүрэгтэй.

Энэ үүргийнхээ дагуу тайландаа төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн талаар дэлгэрэнгүй тусгажээ.


Эцэст нь тэрбээр Төрийн албаны тухай хуулийн 74 зүйлд заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээний санал, төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, мэдлэг, ур чадвар, туршлагад суурилсан, хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааны талаар цаашид авах арга хэмжээний талаарх саналаа танилцуулсан.

Улсын Их Хурлын түвшинд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан төрийн албаны шинэтгэлийн суурь зарчмыг шинэчлэх, төрийн байгууллагуудын бүтэц, төрийн албаны ангилал, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг боловсронгуй болгох стратегийн баримт бичиг батлан мөрдүүлэх; Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн албаны ангиллыг өөрчлөх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт туссан “төрийн албан хаагчдын тоог үе шаттайгаар бууруулах” арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа танилцуулсан.

Хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаарх Төрийн албаны зөвлөлийн 2022 оны тайланд хийсэн шинжилгээний талаар УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн танилцуулав.


Шинжилгээний үр дүнд тулгуурлан Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, түүний үр дүнг дээшлүүлэх, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулахад чиглэсэн дараах зөвлөмжийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ.

·      Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага, ажлын байранд баримтлах соёлыг төлөвшүүлэн хэвшүүлэх чиглэлээр соён гэгээрүүлэх сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж байгаа хэдий ч цаашид төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэхэд чиглэсэн үр дүнд суурилсан судалгаа шинжилгээ хийж, үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгөх;

·      Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг хуульд заасны дагуу боловсруулж, хэрэгжүүлэх үүрэгтэй ч хөтөлбөрүүдийн агуулга, хамрах хүрээ, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг боловсруулсан байдал харилцан адилгүй байгаад анхаарах;

·      Орон нутагт төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний чухал шаардлагатай мэргэжлийн зарим албан тушаалд ажиллах хүний нөөцийн хомсдол үүсэж, албан тушаалын сул орон тоо нөхөгдөхгүй байсаар байгаад анхаарч, энэ талаарх судалгаа шинжилгээ хийх, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, оновчтой бүтцийг тогтоох ажлыг үе шаттай эхлүүлж, зохион байгуулах;

·      Зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.8-д заасан төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, түүний үр дүнг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулах чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажиллах;

·      Төрийн албан хаагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа, ялангуяа 2022 онд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид 4.2-10.6 хувиар өссөн хэдий ч үр дүн, бүтээмж нэмэгдсэн талаар тайланд тодорхой дурдаагүй бөгөөд цаашид төрийн албыг цомхон, чадварлаг болгох замаар цалинг нь нэмэгдүүлж, бүтээмжийг өсгөх, үр дүнг нь сайжруулах цогц шинэчлэлийг хийх;

·      2019-2022 онд шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрх нь хасагдсан нийт 579 этгээд мэдээллийн санд бүртгэснээс 227 буюу 39.2 хувь нь эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдсон байгаад анхаарч цаашид төрийн албаны ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтлан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарах;

·      Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн тоон үзүүлэлт 2021 оноос 0.1 хувиар буурсан хэдий ч албан үүргээ гүйцэтгэх явцдаа болон ажлын байранд архидан согтуурсан, төрийн албан хаагчийн харилцаа хандлагын зөрчил нийт зөрчлийн 75 хувийг эзэлж байгаад үнэлэлт өгч, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон үр дүнтэй арга зүйн удирдлагаар хангах;

·      Төрийн албаны зөвлөл нь 2022 онд 2400 орчим байгууллагын дэргэд ёс зүйн зөвлөл ажиллахаар төлөвлөсөн боловч 567 байгууллага буюу 23.6 хувь нь өөрийн санаачилгаар ёс зүйн зөвлөлийг байгуулан ажиллуулсан нь төлөвлөсөн зорилтын хэрэгжилт хангалтгүй байгаад анхаарах шаардлагатай байна хэмээн зөвлөжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төрийн бүтээмжийг сайжруулахын тулд хэрхэн ажиллаж байгаа талаар лавлаад, төрийн захиргааны албан тушаалд ажиллаж буй хүмүүсийн хүйсийн тэгш байдал алдагдаж буйд санаа зовниж буйгаа илэрхийлж байлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар 2400 орчим байгууллагын дэргэд ёс зүйн зөвлөл ажиллахаар төлөвлөсөн боловч 567 байгууллага ёс зүйн зөвлөлөө байгуулаад буйг дурдаад, ингэж удааширч буйн шалтгааныг тодруулсан бол, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн төрийн албан хаагчдын эрхийг хамгаалах асуудлыг хөндөж, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа алслагдсан бүс нутагт ажиллах төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын байранд тавих шаардлага хэт өндөр байгаа талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Хараат бус төрийн алба нь мэдэхүй, чадахуйн зарчимд суурилдаг. Чадвартай, ёс зүйтэй төрийн албаны тогтолцоо байж гэмээнэ монгол төрийн нэр хүнд өндөр байна. Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Тодорхой үр дүнгүүд ч гарсан. Сонгон шалгаруулалтыг цахимжуулж, хараат бусаар, үр дүнтэй явуулж байгааг харсан, танилцсан. Сургалт, судалгааны ажлуудыг эрчимжүүлж, ахиц дэвшлүүд гарч байна. Гэхдээ нийгмийн хүлээлтэд хүрэхгүй байна. Одоо бүх сонгон шалгаруулалтыг шударга, нээлттэй явуулахын зэрэгцээ ярилцлагыг бас нээлттэй явуулж, хувь хүний зан, төлөвшил ёс суртахууны байдалд үнэлэлт хийгээд төрийн албан хаагчийг томилдог болбол төрийн албаны нэр хүнд өснө. Ийм учраас төрийн өмчийн бүх компанийн удирдлагуудыг сонгон шалгаруулалтаар томилдог журмыг баталж мөрдүүлэх хэрэгтэй. Үүнийг зөрчиж томилогдсон бүх хүмүүсийг шүүр ажиллагааны хүрээнд шүүрдэж цэвэрлэх хэрэгтэй. Энэ л төрийн бодлого, зорилттой нийцнэ. Тиймээс Төрийн албаны зөвлөлийн тайланг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн төрийн албыг цомхон, чадварлаг болгож, төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа, цалин хангамжийг дээшлүүлэх хэрэгтэй. Нэг талдаа ёс зүй, сахилга хариуцлага шаардаж байгаа бол нөгөө талдаа цалин хөлс, хангамжийн асуудлыг цогцоор нь шийдэх нь зүйтэй хэмээсэн.

Байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын дарга Төрийн албаны зөвлөлийн тайланг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлье, төрийн албанд тулгараад байгаа асуудлуудыг цогцоор нь хэлэлцэж анхаарал хандуулья гэсэн санал гаргалаа. Энэ саналыг дэмжиж байна.


Нэмээд хэлэхэд, төрийн албаны талаар хүмүүс янз бүрийн ойлголт, байр суурьтай байгаа. Төрийн алба данхайж байна гэдэг. Бусад улс орнуудын төрийн захиргааны албан хаагчидтай харьцуулж үзвэл манайх бусад орнуудаас томроод данхайсан зүйл үгүй юм билээ. Өнөөдрийн байдлаар нийт төрийн албан хаагчдын 1.7 хувийг улс төрийн албан хаагч нар эзэлж байна. Төрийн захиргааны албан хаагчид 9.8 хувийг, төрийн тусгай албан хаагч 20.9 хувийг, 68 хувийг нь үйлчилгээний албан хаагч эзэлж байгаа. Бид энэ талаар зөв мэдээлэл өгч ажиллах ёстой. Цаашдаа захиргааны, улс төрийн албан хаагчдын тоог бууруулах, ялангуяа төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын тоог бууруулах гэх мэтчилэн нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудын талаар чуулганы нэгдсэн хуралдаанд Төрийн албаны зөвлөл танилцуулах байх. Бид ч төрийн албанд тулгамдаад байгаа асуудлуудыг судалж, хууль тогтоомжид ямар нэмэлт, өөрчлөлт орох вэ гэдгийг  анхаарч ажиллах шаардлагатай байна хэмээсэн. Эцэст нь байнгын хороо Төрийн албаны зөвлөлийн тайланг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл