Цэс

Холбоо барих

Иргэний бүртгэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов

Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо өнөөдөр (2023.04.05) Иргэний бүртгэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов.

Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, өнөөдөр Монгол Улсын Их Хурлын даргын 45 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Мөн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно хэмээн заасан бөгөөд хуулийн хугацаанд багтан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулах зорилт тавин ажиллаж байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хэд хэдэн зарчмын саналууд тусгагдаж байгаа. Нэгдүгээрт, Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулахаар хуулийн төслүүдэд тусгагдсан. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн эрх бүхий иргэний бүртгэлийн асуудал чухал ач холбогдолтой болж байна. Хоёрдугаарт, гадаадад, ажиллаж, амьдарч, суралцаж байгаа иргэдийг сонгуульд өргөн хүрээтэй оролцуулах боломжийг хуулийн төсөлд тусгасан. Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэд байгуулагдсан Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо сонгуулийг явуулахад тулгамдаж буй, шийдвэрлэх асуудалд анхаарал хандуулж ажиллахыг санууллаа.  

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан Улсын бүртгэлийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, сонгуулийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Танилцуулгад, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 3.4 сая иргэн, 1.1 сая үл хөдлөх хөрөнгө, 218 мянган хуулийн этгээд, 150 сая цаасан эх нотлох баримт, 110 ТВ цахим мэдээллийн өгөгдөл дээр ажилладаг томоохон байгууллага бөгөөд уг байгууллага дээр 42 төрлийн систем, 37 төрлийн мэдээллийн сан, сонгуулийн үйл ажиллагаанд хэрэглэгддэг 2100 гаруй оффлайн файлын санг хэрэглэдэг талаар дурдав. Тэрбээр, улсын бүртгэлийн үйлчилгээний шинэчлэлтэй холбоотойгоор харьяалал харгалзахгүй үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байгааг онцлов. Тухайлбал, өмнө нь зөвхөн тухайн харьяалалтай газраасаа бүртгэлийн үйлчилгээг авдаг байсан бол одоо аль ч нэгж дээрээс харьяалал харгалзахгүй үйлчилгээг авдаг болжээ. Мөн шилжилт, хөдөлгөөний бүртгэлийг боловсронгуй болгож байгаа аж. Тодруулбал, өмнө нь нэг газраас хасалт хийгээд нөгөө газраа очиж бүртгүүлдэг байсан. Хасалтаа хийлгэчээд, бүртгүүлээгүй иргэдийн хувьд дунд нь хаяггүй, хаягийн зөрчилтэй үйлдэл гардаг асуудал байсан. Одоо бол зөвхөн нэг талдаа бүртгүүлээд нөгөө талаас систем дээрээс автоматаар хасдаг зохицуулалт хийснээр дунд нь иргэд ямар нэгэн байдлаар хоцорч үлдэхгүй байх зохион байгуулалтыг хийжээ. Тус байгууллага олон байгууллагатай дундын мэдээллийн санг ашигладаг аж. Жишээлбэл, Газрын харилцаа, геодези зураг зүйн газартай хамтран газрын бүртгэлтэй холбоотой дундын мэдээллийн санг ашигладаг байна. Төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс шаардахгүй гэдэг зарчмын үүднээс иргэд өөрсдийнхөө мэдээлэлтэй танилцах боломжоор хангагдсан, тухайлбал, e-Mongolia систем дээр 90 гаруй үйлчилгээг цахимжуулаад байгаа талаар дурдав. 1988 онд ХААТР буюу Хүн амын автоматжуулсан төв регистер нэвтрүүлснээс хойш регистерийн дугаарыг хэрэглэж ирсэн. Энэ регистерийн дугаар нь хөгжлийн явцад зарим дутагдалтай тал гарч ирж байгаа бөгөөд өнөөдөр иргэн төрмөгц давтагдахгүй, өөрчлөгдөж солигдохгүй бүртгэлийн 12 оронтой дугаар олгож байгаа аж. Мөн түүнчлэн тоон гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлж, өнгөрсөн сарын байдлаар 600 гаран мянган иргэнд тоон гарын үсгийг улсын бүртгэлийн байгууллагаас олгосон талаар мэдээллээ. Цаашилбал биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, гэрлэлтийн бүртгэл, Монгол Улсын харъяат болсон, харъяатаас гарсан, харъяалал сэргээсэн бүртгэл, хориг тавих, хориг цуцлах, эрх сэргээх түдгэлзүүлэхтэй холбоотой бүх бүртгэлээс бусад үйлчилгээ цахим болжээ. Улсын бүртгэлийн газар сонгуулийн хуулиар хүлээсэн үүрэг, үүнтэй холбоотойгоор тулгамдсан асуудлын талаар танилцуулав. Шинэчилсэн бүртгэл бий болгосноос хойш буюу 2012 оноос хойш нийт 21 сонгуулийг автоматжуулсан систем хэрэглэн явуулж иржээ. Сонгуулийн үйл ажиллагаанд улсын бүртгэлийн байгууллагын хувьд хамгийн чухал асуудал нь сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах, хүргүүлэхтэй холбоотой асуудал байдаг. Улсын бүртгэлийн байгууллагаас ойролцоогоор 75 – 85 ажилбар бүхий Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган ажилладаг байна. Сонгогчийн эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг бүхий мэдээллийг багтаасан нэрийн жагсаалтыг бүртгэлийн байгууллагаас гаргаж, цахим хуудсанд байршуулж, жагсаалтыг танилцуулах үйл ажиллагаа эхэлдэг. Сүүлийн үед зохион байгуулагдсан сонгуулиудад иргэд өөрийн мэдээлэлтэйгээ танилцах боломжоор хангагдсан. Тухайлбал, тухайн иргэн өөрийн хаяг дээр оршин суугаа бусад хүмүүсийн мэдээлэлтэй танилцдаг болжээ. Үүнтэй холбоотой гарсан зөрчил, маргааныг улсын бүртгэлийн байгууллагад хандан шийдүүлэх, шалгуулах бололцоогоор хангагдсан байна. Улсын бүртгэлийн газраас сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх процесс  болгон дээр нягтлан шалгах үйлдэл хийгддэг аж. Улсын бүртгэлийн байгууллагын “burtgel.gov.mn” цахим хаягт өөрийн мэдээллийг шалгах цонхыг 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс нээн ажиллуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 205 588 иргэн мэдээллээ шалгаснаас 95.1 хувь нь зөрчилгүй, мэдээлэл шалгуулах хүсэлт гаргасан 9904 иргэний мэдээллийг шалгахад зөрчилгүй 952, шалгаж шийдвэрлэсэн 1866, тухайн иргэн өөрөө хууль тогтоомжийн дагуу шилжилт хөдөлгөөний бүртгэлээр шийдвэрлүүлэх 5716, шалгагдаж байгаа 1370 хүсэлт байгаа талаар мэдээллээ.

Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга С.Золжаргал мэдээлэлдээ, Гадаад харилцааны яамны хувьд гадаадад амьдарч байгаа иргэдийг сонгуульд оролцуулах ажлыг нийт 4 удаа зохион байгуулсан талаар дурдаад Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын жилийн эцсийн тайлан мэдээллээр манай улсын 176 мянган иргэн гадаадын 90 орчим улсад амьдарч байгаа талаар мэдээлэв. Үүнээс БНСУ-д 52 мянга орчим иргэн, АНУ-д 30 мянга, БНХАУ-д 17 мянга гаруй, Япон Улсад 13 мянга орчим, Чех Улсад 10 мянга гаруй, Швед Улсад 8 мянга гаруй иргэн оршин сууж байна. Түүнчлэн  Автрали, ХБНГУ, БНТУ, Франц улсад тус бүр 5-6 мянга орчим иргэн оршин сууж байгаа аж.  Эдгээр иргэдээс 125 мянган иргэн хууль ёсоор оршин сууж байгаагаас 20 мянга орчим нь 0-16 насны хүүхэд, 40 мянга орчим нь оюутан ажээ. Харин хууль бусаар 37 мянга орчим иргэн оршин сууж байгаа талаар танилцуулав. Гадаад харилцааны яамны хувьд 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулийг гадаадад байгаа дипломат төлөөлөгчийн газраа түшиглэн 39 салбар комисс байгуулан ажиллаж, энэ үеэр 4276 иргэн сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн байна. Үүнээс санал хураалтад 2777 иргэн буюу 64.9 хувь нь оролцжээ. 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд  мөн 49 салбар комисс байгуулан ажиллаж, энэ үеэр 6233 иргэн оролцохоо илэрхийлж бүртгүүлснээс санал хураалтад 4248 иргэн буюу 68.2 хувь нь саналаа өгчээ. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийг хилийн чанадад зохион байгуулаагүй, тухайн үед Төв комиссыг Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор татан буулгасан байна. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг дипломат төлөөлөгчийн газраа түшиглэн 45 салбар комисс байгуулан ажиллаж, уг сонгуульд 7211 сонгогч оролцохоо илэрхийлснээс санал хураалтын эхний шатанд 4816 иргэн буюу 66.8 хувь нь оролцжээ. Хоёр дахь шатны сонгуульд 2799 иргэн буюу 37.7 хувь нь оролцжээ. 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дипломат төлөөлөгчийн газраа түшиглэн 44 салбар комисс байгуулан ажиллаж, 7394 иргэн сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн боловч санал хураалтад 5618 буюу 76 хувийн ирцтэй санал өгчээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран гадаад улсад байгаа сонгогчдоос санал авах ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлд, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-гийн 216 улсын дунд хийсэн судалгаагаар нийт 150 улс гадаад улсад суугаа иргэдийнхээ саналыг ямар нэг хэлбэрээр авдаг бөгөөд энэхүү 150 улсын тоонд манай улс багтдаг хэмээгээд эдгээр улсын 109 нь санал авах байраар, 53 улс нь шуудангаар, 15 улс нь цахимаар, 19 улс нь итгэмжлэгдсэн хүнээр дамжуулан санал авдаг байна. Манай улсын хувьд санал авах байраар дамжуулан иргэдийнхээ саналыг авдаг хэлбэрт багтдаг аж. Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын дүнгээр 6, түүнээс дээш сарын хугацаагаар гадаадад оршин суугаа 122.3 мянган иргэн тоологдож 2010 оноос 14.2 хувиар өсжээ. Өнгөрсөн хугацаанд болсон сонгуулиудад гадаадад оршин суугаа иргэд оролцохдоо хоёр үйлдэл хийж иржээ. Эхний шатанд гадаадад суугаа иргэд бүртгүүлж, дараа нь саналаа өгдөг байна. Энэ нь гадаадад оршин суугаа хүмүүс сонгуульд оролцон саналаа өгөхөд төвөгтэй байдал үүсгэдэг аж. Өөрөөр хэлбэл, гадаадад суугаа иргэн сонгуульд оролцохдоо эхлээд бүртгүүлчихээд, дараа нь саналаа өгөх гэж ирэх үед оролцох хувь нь буурдаг. Иймд энэхүү процессыг хөнгөвчлөх нь зүйтэй талаар дурдлаа.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Хаягжуулалтын ажлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, 2013 онд Хаягжуулалтын тухай хууль батлагдсан бөгөөд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгаа талаар дурдав. Тухайлбал, хаягийг шинээр өгөх, өөрчлөх, баталгаажуулах субьект тодорхой биш байх, хаягжуулах ажил нэгдсэн удирдлага, зохион байгуулалтгүй, хаягийн өгөгдөл мэдээлэл зөрүүтэй, давхардалтай, объект хаяггүй байх, байгууллага хоорондын уялдааг хангах зохицуулалт байхгүй,  холбогдох хуулийн заалтууд уялдаагүй, давхардалтай байх, хариуцлагын тогтолцоо байхгүй, хаягтай холбоотой зардлын эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх асуудал тодорхойгүй зэрэг хэрэгцээ шаардлагын үүднээс хуулийн төслийг шинээр боловсруулан ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Ц.Туваан, Б.Пүрэвдорж нар сонгогчдийн нэрсийн жагсаалтыг хэрхэн баталгаажуулдаг талаар, сонгогчдын нэрсийн жагсаалтаас зөвхөн өөрийн мэдээлэл болон гэр бүлийн гишүүдийг харахаас гадна бүх улс даяарх сонгогчдын нэрсийн жагсаалтыг харж болох эсэх, санал тоолох төхөөрөмжийн баталгаажилтыг хэрхэн хийдэг вэ, санал тоолох төхөөрөмжийн программ хангамж, алгоритмыг хэрхэн баталгаажуулдаг талаар асуулт асууж, хариулт авлаа.

Асуулттай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, санал тоолох төхөөрөмжийн баталгаажилтыг ээлжит сонгуулийн өмнө тухайн төхөөрөмжид үзлэг хийж Тагнуулын ерөнхий газрын хяналт дор комисс гарч үзлэг оношилгоо хийж баталгаа, гэрчилгээжүүлж байж сонгуульд ашигладаг. Уг төхөөрөмж хөдөлмөр маш сайн хөнгөвчилдөг, олон улсад өргөн хэрэглэгддэг. Олон нийт, иргэд уг төхөөрөмжийн талаар шүүмжилдэг. Энэ дагуу хууль хяналтын байгууллага олон удаа шалгасан. Одоогоор буруу ажилласан гэдэг баримт гараагүй. Бид 2012 оноос ашиглаж байна. Ашиглалтын хугацааг 6 жилээр тогтоосон, 2018 онд дуусах байсан боловч Ажлын хэсэг гарч үзлэг оношилгоо хийж ашиглалтын хугацааг 2024 он хүртэл сунгасан. Мөн 200 гаран төхөөрөмжийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт саналаа хүргүүлсэн байгаа. Харин 2000 гаран төхөөрөмж хэвийн ажиллах боломжтой хэмээн хариуллаа. Мөн уг төхөөрөмжийн програм хангамжийн лицензийн төлбөрийг цаг тухай бүрд төлж байгаа талаар дурдлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дарга Г.Ганболд, сонгуульд ялагдсан хүмүүс гомдол гаргадаг. Үүнийг тэр даруй нь Хяналтын тооллого хийж, шалган тодруулж хариу өгдөггүй нь нийгэмд хардлага үүсгэдэг. Тийм ч учраас дэд хорооны гишүүд та бүхнээс дахин дахин тодруулж, лавлаж байгаа нь учиртай юм. Холбогдох байгууллагуудаас хийсэн өнөөдрийн мэдээллээс үзэхэд санал тоолох төхөөрөмжийн ашиглалтын хугацааны асуудлыг Улсын Их Хурал болон холбогдох байнгын хороонд танилцуулж, бүртгэл, хаягжилтын асуудлыг сонгуулиас өмнө цэгцлэх, гадаадад байгаа хүмүүсийн саналыг авахад гарах зардал, тооцоо судалгааг хийн дэд хорооны дараагийн хурал дээр тодорхой саналтай орж ирэхийг холбогдох байгууллагуудын удирдагуудад үүрэг болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл