Цэс

Холбоо барих

БОХХААБХ: Гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2023.04.18) хуралдаан 10 цаг 22 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын долоон гишүүнээс 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам тавилаа.

Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолд мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэр, хадгалалт, тээвэрлэлт, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг мөрдүүлэх, хүнсний сүлжээний үе шат бүрд хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, түүнийг баталгаажуулах эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллагын тоог нэмэгдүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн явцад аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг бүрэн хангасан эсэхэд тавигдах дотоодын хяналтыг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож байгаа урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээнүүдийн хүрээнд Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэв.

Монгол Улсын хүн амын нас баралтад амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судасны тогтолцоо, хавдар болон хоол боловсруулах эрхтний өвчин зонхилж статистик мэдээгээр 2021 оны байдлаар 65 хувийг эзэлж байна. Хоол хүнс, өдөр тутмын хэрэглээ чанартай баталгаатай байна гэдэг нь биологи, хими, физикийн аливаа хорт бодисоор бохирдоогүй байх юм. Хүн зөв зохистой хооллох, хоол хүнсний чанар баталгаажилт, хаяг шошгоны талаарх мэдлэг мэдээллийг авах, органик үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих нь чухал гэдгийг төсөл санаачлагч онцолсон.

Хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгааны дүгнэлтэд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, тэжээллэг, хүнд ээлтэй байгалийн гаралтай органик үйлдвэрлэлийг дэмжих, олон нийтэд сурталчлах, мэдлэгийг сайжруулах, органик брэнд бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох чадвартай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эд боловсруулах, баталгаажуулах, хяналт тавих, бүртгэл мэдээллийн сан байгуулах тогтолцоо бүрдүүлэх нь хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Органик бүтээгдэхүүний тухай хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжин зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, бүс, орон нутгийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, органик хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экспортод гарах боломж бүрдэнэ гэдгийг төсөл санаачлагч гишүүн мэдээлэлдээ дурдлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Х.Болорчулуун, Б.Саранчимэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун Органик хүнсний тухай хуулийг Органик бүтээгдэхүүний тухай хууль гэж хүрээг нь хэт өргөн агуулгатай болгосноор гол зорилго чиглэл нь хазайх магадлалтайг сануулахын зэрэгцээ генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний импортыг хязгаарлах заалтыг төсөлд хэрхэн тусгасныг лавласан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг хуулийн төсөлд газар тариалангийн бүтээгдэхүүнийг эрэмбэлэн хамруулж буйг дэмжиж байгаагаа илэрхийлээд төсөлд мах, сүү зэрэг хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүнийг хамруулах, эсэх үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс татварын бодлогоор дэмжих, чөлөөлөх нөхцөл боломжийг хэрхэн тусгасныг тодруулж байлаа.

Төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам хариултдаа, Органик хүнсний тухай хууль хэрэгжээд таван жил болж байна. Эл салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд цуврал хэлэлцүүлэг хийх үеэр ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүн, гоо сайхан, уламжлалт эм бэлдмэл зэрэг өргөн хүрээнд үйлдвэрлэл эрхлэх боломж буйг ярьж байсан. Хуулийн төслийн хүрээг өргөтгөн, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хамруулснаар төрийн дэмжлэг, хөшүүрэг бий болж улмаар бүтээгдэхүүнээ экспортлоход нэн хэрэгтэй гэж байсныг онцлов. Түүнчлэн хуулийн төсөлд газар тариалан төдийгүй, хөдөө аж ахуйн уламжлалт гол салбар болох мах сүү, арьс шир зэрэг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний асуудлыг тусгаж, хүрээг өргөтгөсөн гэж байлаа. Мөн тэрбээр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжвэл цаашид Улсын Их Хурлаас байгуулагдсан Ажлын хэсэг хэлэлцүүлгийн явцад хүнсний гэсэн цар хүрээнд  асуудлыг сайжруулах чамбайруулах боломжтой хэмээн хариулж байсан.

Харин Ажлын хэсгийн зүгээс хуулийн төсөлд хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болон өсөлтийн даавар ашиглахыг органик үйлдвэрлэлд хориглох зохицуулалтыг тусгасан. Мөн хуулийн төслийн зардлын тооцоог судлаачид, мэргэжилтнүүдээр хийж гүйцэтгүүлсэн. Уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийн хүрээнд төсөвт тодорхой хэмжээний зардал гарна. Гэхдээ органик бүтээгдэхүүн экспортод гаргах, эл салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжсөнөөр хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх эерэг нөлөөлөл нь илүү  ач холбогдолтой гэсэн тооцоолол гарсан хэмээн нэмэлт тайлбарыг өглөө.   

Ингээд Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар ахалж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Э.Батшугар, Г.Дамдинням, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар болсон бөгөөд тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдлын талаарх мэдээллийг сонсов

Хуралдааны төгсгөлд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдлын талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг тус тус сонслоо.

Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ  мэдээлэлдээ, Монгол орны ой нь мөнх цэвдэг, ус, чийгийг тогтоон барих, гадаргын усны горимыг зохицуулах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, ургамал, амьтны амьдрах таатай орчныг бүрдүүлэх зэрэг байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах хамгааллын өндөр ач холбогдол бүхий эмзэг тогтоцтой онцлог экосистем гэдгийг онцлоод 2020 оны байдлаар ойгоор бүрхэгдсэн талбай 7.9 хувийг эзэлж байгааг дурдсан.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөнд 27 үйл ажиллагаа, 154 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг тодотгоод 2022 оны байдлаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буй аж ахуй нэгжүүд манлайлан "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурж, 21 аймаг, нийслэл нийт 680 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгж 608 сая, банк санхүүгийн байгууллагууд болон бусад аж ахуйн нэгжүүд нэгдэн 221.1 сая буюу нийт 1.5 тэрбум ширхэг мод тарихаар амлалт өгөөд, ажил хэрэг болоод ажиллаж байна гэлээ.

Түүнчлэн 2021 онд аймаг,  нийслэлийн хэмжээнд 2.6 сая, 2022 онд 12.1 сая, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 2 сая буюу нийтдээ 17.6 сая ширхэг мод тарьж ургуулсныг онцлоод 2023 онд аймаг, нийслэлийн хэмжээнд 33.9 сая, уул уурхайн аж ахуйн нэгжүүд 9 сая буюу улсын хэмжээнд нийт 42.9 сая ширхэг мод тарьж ургуулах урьдчилсан төлөвлөгөө гаргаад байна гэв.

Улсын хэмжээнд нийт 1750 га талбай бүхий 336 мод үржүүлгийн газар байна. Нэг мод үржүүлгийн газрын дундаж талбай хэмжээ 5.2 га орчим бөгөөд дээрх мод үржүүлгийн газруудад 2022 оны жилийн эцсийн байдлаар 51.6 сая тарьц, суулгац ургуулж байна гэсний зэрэгцээ “Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлан ургуулах чиглэлээр 1017 сургагч багш бэлтгэж, МУИС-д хоёрдогч бакалаврын зэрэг олгох “Ойн аж ахуй” хөтөлбөрийг шинээр нээж 2022-2023 оны хичээлийн жилд нийт 52 оюутан элсэн суралцаж байна. ХААИС Батлан хамгаалахын яамтай хамтран давхардсан тоогоор 23.600 хүнд мод тарьж, ургуулах 40 цагийн сургалт, 120 хүнд сургагч багшийн сургалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран 54 хүнд сертификаттай, 51 хүнд сургагч багшийн сертификаттай сургалт, Хан-Уул дүүргийн 51 хүнд сертификаттай сургалт, нийт 23.876 хүнд сургалтыг цахим, танхим, дадлага хослуулж явуулсан. Цаашид ойн салбарт ойрын гурван жилд 7000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлагатай байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.

Дараа нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулав.

Тэрбээр мэдээлэлдээ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын хооронд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах гэрээг 2021 оны 11 дүгээр сард байгуулж, Нийслэлд 2030 он хүртэлх хугацаанд 120 саяас доошгүй мод тарьж ургуулах амлалт  өгснийг дурдаад Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050",  Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт, “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө" зэрэг Нийслэлийг хөгжүүлэх урт, дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан доройтсон ойг нөхөн сэргээх, хамгаалалтын ойн зурвас байгуулах-агро ойн аж ахуйг хөгжүүлэх, хотын ногоон  байгууламжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж “Нэг зуун хорин сая мод” тарьж, арчлан хамгаалж, ургуулах үйл ажиллагааг нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ гэж байлаа.

Мөн нийслэл Улаанбаатар хот нийт 470.444 га нутаг дэвсгэртэй бөгөөд 1/4 хувийг буюу 116,258 га талбайг ойн сан газар эзэлдэг.  Ойн сангийн талбайн 95,233 га буюу 84.4 хувь нь ойгоор бүрхэгдсэн, 17.543 га буюу 15.6 хувь нь ойгоор бүрхэгдээгүй талбай эзэлж байна. Ойгоор бүрхэгдээгүй талбайн 17.098 га талбайг ойжуулах,  нөхөн  сэргээх  шаардлагатай байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үр дүнд 2030 он гэхэд нийслэлийн нутаг дэвсгэрийн ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 20.2 хувь байсныг 22.9 хувьд хүргэхээр зорилт тавин ажиллаж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд 2030 он хүртэл хугацаанд  нийслэлийн нутаг  дэвсгэрт ойжуулалт, ой нөхөн сэргээлтийг 12.948 га талбайд 20.7 сая, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас 3500 га талбайд 34.3 сая, Улаанбаатар  хотын ногоон  байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх чигэлэлээр 3750 га талбайд 65.0 сая, нийт 120.0 сая ширхэг мод тарьж, арчлан хамгаалж, ургуулахаар  төлөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд 2023 оны 04 дүгээр сарын байдлаар 29 аж ахуйн нэгжийн нийт 49.6 га талбай мод үржүүлгийн газар байна. Эдгээрт 4.6 сая ширхэг тарьц, суулгацын нөөцтэй  гэсэн урьдчилсан мэдээ гаргаад  байна гэв.

Тэрбээр, Хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 3750 га талбайг цэцэрлэгжүүлж, нийт 65.0 сая ширхэг мод бут, сөөг тарина гэсний зэрэгцээ хэрэгжилтийг хот, дүүргийн түвшинд зохион байгуулах чиг үүргийг бүх шатны Засаг дарга хариуцан гүйцэтгэнэ. Зорилтыг хэрэгжүүлсний үр дүнд 2030 он гэхэд нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид 28.170.245, хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламжид 25.216.245, тусгай хэрэгцээний ногоон байгууламжид 11.613.510 ширхэг тус тус мод таригдана. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө, хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлснээр нэг хүнд  ногдох ногоон  байгууламжийн хэмжээ 2021 онд 5.1 м2-г 2030 онд 25 м2-д хүрнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж байлаа.

Нийслэлийн ногоон  бүсийн ойг нөхөн сэргээх, хамгаалалтын ойн зурвас байгуулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд 86.6 тэрбум төгрөг, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлан хамгаалахад 8.2 их наяд төгрөгийн  төсөв хөрөнгө шаардагдах  урьдчилсан тооцоо хийгдээд байна. Энэхүү арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө, орон нутгийн  хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр төлөвлөснийг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө мэдээлэлдээ онцолсон.

Түүнчлэн “Тэрбум  мод” үндэсний хөдөлгөөнийг нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд нэн тэргүүнд стандартын шаардлага хангасан тарьц, суулгацын нөөцийг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ойн мэргэжлийн байгууллагуудад мод үржүүлгийн зориулалтаар газар олгож дэмжлэг үзүүлэх, мод үржүүлдэг аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, мод үржүүлэг, агро-ойн аж ахуйн байгуулахад усан хангамж, ус ашиглалтыг зохицуулах, агро-ойн аж ахуйн загварыг олон улсын туршлагад үндэслэн бий болгон хөгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог сайжруулах, мод тарих соёлыг нутагшуулах нөлөөллийн аяныг зохион байгуулах, нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих үйл ажиллагааг идэвхжүүлэх  арга хэмжээг  авч хэрэгжүүлэхээр  зорьж байна гэж байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, мод бут сөөгийг нь устгаж байгаад "Усан парк" барих төсөл нэрийдлээр газар авсан атлаа барилга барьж байгаа асуудалд холбогдох байгууллагууд арга хэмжээ авч буй эсэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд олон улсын менежмент, зөвлөх үйлчилгээ авсан талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Тэрбум мод тарих нэг хэрэг харин арчлах ургуулах нь чухал гэдгийг онцлоод газар тариалангийн талбай тойруулан мод тарих нь чухал гэдгийг анхааруулж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жимсгэнэ, жимсгэнийн хангамжийг сайжруулах асуудалд ач холбогдол өгч, арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулахын зэрэгцээ нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд хэдий хэрийн мод тарихаар төлөвлөснийг лавласан. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг  салбарын яамнаас 7000 ойн мэргэжилтэн бэлтгэх тооцоо, судалгаа гаргасантай холбогдуулан тэднийг ажлын байраар хангах асуудлыг бодож төлөвлөсөн эсэх, иргэд аж ахуйн нэгжийг мод тарихад салбарын яамнаас үзүүлж буй дэмжлэг бодлогын талаар илүүтэй тодруулж байлаа.

Мөн мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны дарга Б.Саранчимэг үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, ой модны хортон шавьжтай тэмцэхдээ сүүлийн үеийн дэвшилтэд технологи, аргыг нэвтрүүлэхийг салбарын яамныханд анхааруулахын зэрэгцээ иргэд, аж ахуйн нэгжүүд мод бут тарих, бойжуулах талбай, хүнс тарих талбайг дуудлага худалдаагаар бус өөр бусад эрх зүйн зохицуулалт хийх боломжтой эсэх, нийслэлийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд KFC Land байгуулах асуудлыг сонгон шалгаруулалтад ямар шалгуураар тэнцсэн, холбогдох байгууллагуудын шийдвэрүүд гараагүй үед газар шорооны ажлаа эхлүүлсэн асудлыг хөндөж, тодруулсан юм. 

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналын дагуу Байнгын хорооны тэмдэглэлээр сарын хугацаатай үүрэг өгөхөөр болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл