Цэс

Холбоо барих

БСШУБХ: Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр (2023.05.03) хуралдлаа. Хуралдааны эхэнд Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Боловсролын ерөнхий хуулийн төслийн танилцуулсан. Тэрбээр, Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 58, дэд ажлын хэсэг нийт 31 удаа хуралдлаа. Ажлын хэсэг ажлын дэд хэсгээс бэлтгэсэн болон иргэд ажлын хэсгийн гишүүд, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, түүнчлэн салбарын яам, агентлаг, төрийн бус байгууллагаас ирүүлсэн санал нэг бүрийг хуулийн төсөлд тусгах боломжтой эсэх асуудлыг судлан үзэж ажиллалаа. Монгол Улсын Үндсэн хуульд хүний суурь эрхийн нэг нь боловсрол эзэмших, суралцах эрх гэж заасан байдаг. Энэ эрхийг хангах, иргэн бүрд чанартай, тэгш боломж бүхий боловсролын үйлчилгээ үзүүлэх нь төрийн үүрэг юм. Энэ үүргийг хэрэгжүүлэх зохицуулалтыг боловсролын хуулиар тодорхойлдог гэдгийг та бид мэдэх билээ. Өнөөг хүртэл хэрэгжиж ирсэн Боловсролын тухай хууль нь 2002 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан бөгөөд түүнээс хойш энэ хуульд Монгол Улсын хөгжлийн бодлого, бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд нийтдээ 31 удаа өөрчлөлт орсон. Боловсролын хуулийг дагалдан Дээд боловсролын тухай хуульд 11 удаа, Бага дунд боловсролын тухай хуульд 14 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 6 удаа, мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд 2012,2015, 2016 онуудад тус тус нэмэлт өөрчлөлт оруулж иржээ. Эдгээр шинэчлэл, өөрчлөлтүүд нь хууль тус бүрээрээ дангаараа хийгддэг байсан бөгөөд энэ удаагийн шинэчилсэн найруулга нь багцаараа хийгдэж байгаа нь өмнөх шинэчлэлүүдээс  онцлог юм.  Боловсролын тогтолцоонд албан боловсролоос гадна албан бус боловсрол, амьдралын орчинд суралцахуйг хүлээн зөвшөөрөх зэрэг суурь асуудлыг хамарсан эрх зүйн шинэчлэлийг хийх нь насан туршдаа суралцахуйн тогтолцоог бүрдүүлэх үндэс болох юм гээд  ажлын хэсгээс зарчмын өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгах заалтуудыг танилцуулав. Тухайлбал, боловсролын санжүүжилтийг авч үзэхдээ цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн санхүүжилтийг хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн суурь, хувьсах зардал болон гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийг шинээр тусгажээ. Мөн УИХ-ын гишүүн Г.Дамдинням, хуулийн төсөл батлагдсанаар салбарын байгууллага, хүний нөөц, суралцагч, иргэнд гарах үр дүнг танилцуулж, Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш олон нийт болон талуудад 42 удаа танхимаар болон онлайнаар хэлэлцүүлж, 1600 орчим санал зөвлөмжийг хүлээн аваад байна. Хуулийн төслүүдтэй 37174 иргэн танилцсан ба үүнээс Боловсролын ерөнхий хуулийн төслийг 28442 иргэн судлан үзэж, 1568 санал ирүүлээд байна гэв. Түүний дараа зарчмын зөрүүтэй санал бүрийг заалт бүрээр хэлэлцэн, санал хураав. Мөн санал хураалтын үеэр УИХ-ын гишүүд Ажлын хэсгээс асуулт, асууж хариулт авсан.

 Монгол Улсын боловсролын зорилго нь хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, насан туршдаа суралцаж, ажиллах, ёс суртахуунтай, сайн зан чанартай иргэнийг төлөвшүүлэхэд оршино, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон суралцагчийн зөвшөөрөлгүй эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, сорилд хамрагдахгүй байх, ялгаатай хэрэгцээнээс үл хамааран чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор хангагдах, гадаад болон дотоодын мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид Засгийн газраас тогтоосон шалгуур, шаардлагыг хангасан тохиолдолд суралцагчийн тэтгэлэг олгоно, сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн  болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь багшлах эрхийн гэрчилгээтэй байна, аймаг, сум,  дүүргийн захиалга, эсхүл өөрөө хүсэлт гаргаж 3 буюу түүнээс дээш жил багш дутагдалтай боловсролын сургалтын байгууллагад багшийн мэргэжлээр ажиллах гэрээ байгуулсан багшид төрөөс дэмжлэг үзүүлнэ гэх зэрэг 84 зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдлээ. Боловсролын ерөнхий багц хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхлэхийг мөн дэмжлээ. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н. Учрал, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуульд Боловсролын их сургууль төгссөн бол тусгай шаардлага тавьж, дахин багшлах эрхийн шалгалт авахаар тусгажээ. Өнөөдөр багш бэлтгэх сургуульд элсэгчид маш цөөхөн байна. Боловсролын их сургуульд 4 жил суралцаж багшийн мэргэжил эзэмшинэ гэдэг хангалттай. Тэгэхээр тусгай шаардлага нэрийдлээр багш нарт дахин дарамт үзүүлэх шаардлага байгаа эсэх, мөн хуулийн төсөлд эцэг, эх, сурагчийн хүсэлтээр ажлын бус цагаар багш нар ажиллаж болно гэсэн заалт оруулчих хэрэгтэй юм. Өнөөдөр Ерөнхий боловсролын сургуулийн багш нар ажлын бус цагаар хичээл заахыг хориглосон байгаа. Энэ боломжийг нь хуульчлан нээж өгөх ёстой гэх зэрэг санал хэлж, асуулт  асуулаа.  

Боловсрол шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан, багшийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагын асуудлыг нухацтай авч үзэх цаг болсон. Тиймээс багш болох хүнээс  багшлах эрхийн шалгалт авах нь зүйн хэрэг. Харин багшийг өөрийгөө хөгжүүлэх, суралцах боломжийг хангах асуудлыг хуульчлах ёстой хэмээн хариулсан. Тус хуулийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн  Г.Дамдинням, өнөөдөр манай багш нарын ажлын ачаалал их байна. Анги танхимд хичээл заахаас гадна хичээлээс гадуурх олон нийтийн үйл ажиллагаа их бий. Гэтэл дахин хичээлээс гадуур сургалтын үйл ажиллагаа явуулж болно гэж хуульчлах шаардлагагүй гэв. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам багш мэргэжлээр 20 ба түүнээс дээш жил ажилласан бөгөөд эмэгтэй 50 нас, эрэгтэй 55 нас хүрсэн багш өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасан байна. Их, дээд сургуулийн багш нар тэтгэвэрт гарахдаа бусад шатлалын боловсролын багш нар шиг 36 сарын цалинтай дүйцүүлэн тэтгэмж олгох асуудлыг хуульчлахад Ажлын хэсгийн санал ямар байгаа талаар асуулаа. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Багшийн нийгмийн баталгаа, цалин хөлс өндөр байх ёстой гэж үзэж байна. Тэтгэвэр тэтгэмж, цалин хөлстэй холбоотой асуудлыг салбарын хуулиар бус нэгдсэн тогтолцоогоор шийдэх ёстой гэж  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэргээс зөвлөмж өгсөн  учраас заалтыг татаж авч байна. Харин их, дээд сургуулийн багш тэтгэвэрт гарах тохиолдолд тухайн сургууль дотоод журмын дагуу тэтгэмж олгох нь зүйтэй юм. Гэхдээ заавал сүүлийн 36 сарын дундаж цалинтай дүйцэхүйц гэж хуульчилж өгөх боломжгүй гэж үзсэн гэв. 

УИХ-ын гишүүн Н.Учрал, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын дэргэд судалгааны Ёс зүйн хороотой, бүх шатны байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө гэсэн заалтыг тайлбарлаж өгөхийг хүслээ. 

УИХ-ын гишүүн  Г.Дамдинням, манайхаас бусад ихэнх оронд их, дээд сургуулиудын дэргэд Ёс зүйн хороо байна. Өнөөдөр хэн нь хэнийхээ эрдмийн ажлыг хуулж байгаа нь мэдэгдэхгүй, баахан эрдмийн цолтнууд төрж байгааг үгүйсгэхгүй. Тиймээс заавал Ёс зүйн хороотой  байж, хуулалт зэрэг ёс зүйн зөрчилд хяналт ёстой гэж үзсэн. Энэчлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, дэмжигдсэн саналуудыг  УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр болов. 

Түүний дараа Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тус хуулийн төслийн танилцуулгыг Соёлын сайд Ч.Номин танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6.3.3-т “... үндэсний агуулгатай инноваци шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацийн салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгож, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж зорьсон. Урлахуйн үйлдвэрлэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийг хангах үзэл баримтлалыг дэмжиж, эдийн засгаа олон тулгууртай болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хамгаалж, хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэгддэг. Юнескогоос хийсэн судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хувьд 2.2 их наяд ам.долларын орлоготой, 30 гаруй сая ажлын байрыг бий болгож, экспортын нийт орлого нь 253 тэрбум ам.доллар байна.  Соёлын яамнаас Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг анх удаа хийлгэсэн. Судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ДНБ-д оруулж буй хувь нэмэр 481.4 тэрбум төгрөг буюу улсын дүнд 1.4 хувийг эзэлж байгааг тогтоосон. Энэ салбарт 11,697 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 5,665 нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байна.

Иймд дэлхийн нийтээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих төрөл бүрийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж, цар тахлын дараа эдийн засгийг сэргээх, цаашид улс орны тогтвортой хөгжлийг хангах, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хөгжүүлэх гол салбараар нэрлэж байна. Манай улсын хувьд соёлын салбарын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж үйлчилж байгаа боловч өөрийн орны өвөрмөц онцлогийг хадгалан, нөөц боломж, технологийн хурдацтай хөгжил, дижитал шилжилт зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэж давамгай соёлын нөлөөлөл болон дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнийг даван туулах, мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцоор нь төрийн бодлогоор дэмжих зохицуулалт хангалтгүй байна.  

Иймд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэж үзсэн гэв. Мөн тэрбээр цааш нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин бүрдэж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц нэмэгдэх зэрэг  уг хуулийн төсөл батлагдах ач холбогдолыг тодотгов. 

Хуулийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Б.Жаргалмаа нарын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын нэгдсэн хуралдаанд анхны хэлэлцүүлэгт оруулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл