Цэс

Холбоо барих

Питер Айгэни: Парламент дэргэдээ судалгааны байгууллагатай байх нь маш чухал ач холбогдолтой

Төрийн үйл ажиллагааг цэвэр тунгалаг, авлигагүй болгох тогтолцооны шинэчлэлийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар олон талын хамтын ажиллагаа явуулж буй бөгөөд энэ хүрээнд нөхцөл байдлын шинжилгээ хийх, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт, судалгаа гаргах талаар олон улсын Транспэрэнси Интернэйшнл байгууллагатай хамтран ажиллаж байна. Тус байгууллагын үүсгэн байгуулагч, ХБНГУ-ын Хүмүүнлэгийн болон хөгжлийн хөтөлбөрийг дэмжих CARE Germany байгууллагын Захиргааны зөвлөлийн гишүүн, доктор Питер Айгэниг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай дээрх асуудлаар уулзаж ярилцаад гарч ирэхэд нь товч тодруулга авлаа.


-Монгол Улсын Их Хурлын даргатай хийсэн уулзалт амжилттай болов уу? Ямар асуудлыг хөндөж ярив?

-Монгол Улсын Их Хурал энэ хаврын чуулганаа авлигатай тэмцэх эрх зүйн шинэчлэлийг хийхэд чиглүүлж байгаа юм байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа тогтолцооы шинэчлэл ч үүнд чиглэж байгааг бид дуулж мэдлээ. Улсын Их Хурлын гишүүд авлигын төдийгүй ерөөс аливаа асуудалд ажил хэрэгчээр хандах, боловсруулж, хэлэлцэж буй хууль, тогтоомжид хөндөж буй сэдвийг судалж, мэдэх, шинжлэх ухааны үндэстэй мэдээллийг олж авах шаардлагатай болдог. Тийм ч учраас парламентын дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэн буюу тухайн гишүүний хүссэн сэдвээр судалгаа, лавлагаа гаргаж өгөх, мэдээлэл цуглуулж, цуглуулж, эрдэм шинжилгээний дүгнэлт шинжилгээг гаргаж өгдөг, дэмжлэг үзүүлж ажилладаг судалгааны байгууллага байгуулах нь маш чухал ач холбогдолтой. ХБНГУ-ын парламент Бундестаг дэргэдээ маш чадварлаг эрдэм шинжилгээ, судалгааны албатай байдаг. Тэнд ажилладаг эрдэм шинжилгээний ажилтнууд улс орныхоо салбар, салбарын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажилладаг.  Чухал хэрэгцээтэй, шинэ өгөгдөл, мэдээллийг олж авах сүлжээтэй хүмүүс байдаг.

-Трансперенси Интернэйшнл байгууллага олон улсад нэр хүндтэй судалгааны байгууллага шүү дээ. Бундестагийн дэргэдэх судалгааны албатай хамтран ажилладаг уу?

анай Трансперенси Интернэйшнл байгууллага аливаа улс орны парламент чадварлаг, хүчтэй байхыг дэмждэг. Авлигын асуудал дээр Монгол Улс тогтолцооны шинж чанартай том компанит ажил эхлүүлсэнд бид маш их баяртай байгаа. Манай байгууллагыг Монгол Улсын Засгийн газраас энэ компанит ажилдаа хамтарч ажиллахыг урьсанд баяртай байна. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Их Хуралтай хамтарч ажиллахдаа баяртай байна. Бид судалгаа, эрдэм шинжилгээний ажлынхаа хүрээнд олон талын хамтын ажиллагаа явуулдаг. Тухайлбал, ХБНГУ-ын парламентын дэргэдэх эрдэм шинжилгээний албатай нягт хамтран ажиллаж, тус албанаас өгсөн хүсэлтийн дагуу тодорхой сэдвээр дүгнэлт гаргах, шинжилгээ судалгааны ажлууд хийх, мэдээлэл боловсруулах ажлыг хийдэг.

-Парламент дэргэдээ судалгааны байгууллагатай байх нь ямар ач холбогдолтой вэ?

-Парламентын үйл ажиллагааны нэг үндсэн чиг үүрэг нь Засгийн газраа хянах байдаг. Тийм учраас парламент зөвхөн Засгийн газраас ирүүлж байгаа мэдээлэлд найдаж болдоггүй. Иймд Улсын Их Хурал дэргэдээ эрдэм шинжилгээний албыг байгуулах зайлшгүй шаардлагатай. Ийм албыг байгуулахад зардал их гарна гэж үзэж, хүмүүс эсэргүүцэж болох юм. Гэвч үүнийг ухаалгаар шийдэж болох гарц бий. Гол нь үндсэн багаа бүрдүүлэхдээ маш чадварлаг, салбар салбартайгаа нарийн уялдаа холбоо, харилцаатай эрдэм шинжилгээний ажилтнуудаар бүрдүүлэх нь чухал. Ингэж бүрдүүлж чадвал үндсэн бүрэлдэхүүн нь цомхон ажиллах боломжтой. Ингээд тэр жижиг алба маань гадагшаа тэлж, албанаасаа гадна байгаа байгууллагуудын нөөц бололцоог ашиглах байдлаар үр дүнтэй ажиллах боломжтой.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл