Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нар Баянхонгор аймагт ажиллаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нар энэ сарын 12-ноос 14-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудад ажиллаж байна. Энэ үеэр УИХ-аас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэл, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар иргэд, сонгогчдын саналыг авч,тэдний үзэл бодол, байр суурийг сонсох юм.

Мөн төрийн албаны шинэчлэлийн талаар уулзалтууд зохион байгуулж, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлага, тэдний цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.

УИХ-ын дарга болон гишүүд  өнөөдөр /2023.05.12/ тус аймагт баригдаж буй Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт болон гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ тавих ажилтай танилцлаа. Монгол Улс, БНСУ хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын 10 аймагт Дулааны цахилгаан станц барих төсөл хэрэгжиж байна. Баянхонгор аймгийн Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт хамгийн хурдацтай явж байгаа талаар тус төслийн инженер М.Алтанбагана танилцуулж байлаа. Энэхүү ДЦС баригдсанаар аймгийн төвийн эрчим хүчний хүчин чадал хоёр дахин нэмэгдэх, тогтвортой хэрэглээний халуун устай болох боломж бүрдэх юм. Мөн тогтвортой болон түр ажлын байрууд нэмэгдэнэ. 



Баянхонгор сумын 7 байршил газарт гэр хорооллын бохир, дулааны шугам сүлжээ тавих ажил ид өрнөж байна.

Тус аймгийн III багийн иргэн Г.Заяа, нөхөр бид хоёр орон сууцанд орохоор төлөвлөж байсан боловч больсон. Харин одоо хашаандаа сайхан байшин барихаар шийдсэн. Цэвэр, бохир усны сүлжээ гэр хороололд тавигдаж байгаад иргэд маш их баяртай байгаа гэж байв.



Түүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нар Баян-Овоо суманд очиж мод тарих үйл ажиллагаанд оролцсоны дараа сумын иргэдтэй уулзалт хийв. Энэхүү уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл өгч, иргэдийн байр суурийг сонссон юм.







Үдээс хойш УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүд аймаг, сумдаас ирсэн ИТХ-ын төлөөлөгчид уулзалт хийсэн. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар Ардчилсан намын байр суурийг танилцууллаа. Тэрбээр гүйцэтгэл, хяналтын тэнцвэрийг хангах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, олон намын тогтолцоог парламентад бий болгоход тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг онцлов. УИХ-ын гишүүн Д.Адъяасүрэн хэлэхдээ, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэх журмыг танилцууллаа. Тэрээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачилгыг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэснээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль санаачлагчийн илтгэлийг сонсож асуулт асууж, хариулт авсан байгаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд ард иргэдээсээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал авахаар ажиллаж байна. Иргэдийн саналыг нэгтгэж Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгахаар ажиллана гээд дараагийн хэлэлцүүлгийн үе шатыг танилцууллаа.

Түүний дараа иргэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар санал бодлоо илэрхийлж, асуулт асуув.



Иргэн Б.Соронзонбаатар, УИХ-ын гишүүдийн тоог дэмжиж байна. Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, ардчиллыг бэхжүүлэх, төлөөллийн ардчиллыг хөгжүүлэхэд гишүүдийн тоог нэмэх нь зөв гэсэн бол А.Бямбаа, Д.Мягмар нарын иргэд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох нь хэт олон байна. Гишүүдийн тоог нэмэх зардлаараа тэтгэврийг нэмэх, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлж, ард иргэдийнхээ амьжиргааг дэмжих санал хэлж байв. Мөн зарим иргэд 108 болгох нь оновчтой хувилбар гэж байв. Шаргалжуут сумын иргэн Ганбат, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай байгаа. Монгол Улсын хэтийн бодлого төлөвлөлтөд чухал үр нөлөөтэй. Өнөөдөр хүн амын тоо өссөн. Гишүүдийн тоог нэмснээр жижиг намын төлөөллөөс хүн орж ирэх боломжтой. Намын жагсаалтаар орж ирэх хүмүүс шинжлэх ухаанч хийгээд салбарын төлөөллийг оруулж ирэх нь чухал гэж байв.



УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндсэн хуульд өөрчлөлт хийхдээ иргэдийнхээ саналыг чухалчилж, шүүмжлэл, бухимдлыг ч анхааралтай сонсож явна. Тиймээс уулзалтын 10 хувьд нь хуулийн төсөл болон УИХ-ын эрх зүйн шинэчлэл, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах зэрэг асуудлыг танилцуулж 90 хувьд нь иргэд санал бодлоо илэрхийлж, тэдний асуултад хариулах зарчим баримталж байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлт бол ард түмний хүсэл, сонирхлыг тусгасан, хэтийн зөв хөгжлийн учрыг хатгасан шинэчлэл болох ёстой юм. Хамгийн гол нь сэтгэлийн хөөрөл, сошиалын буруу, зөрүү мэдээлэлд автах бус судалгаа, шинжилгээтэй, мэдлэг, мэдээлэлтэй байх нь иргэн хүний үүрэг юм.  Энэ бол төрийн хэрэг. Бүгдээрээ хэлэлцэж, ардчиллын зарчмыг баримталж, санал бодлоо илэрхийлж байгаад талархаж байна. Иргэн таны бодит саналд үндэслэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хийх учраас та бүхэн маань  санал бодлоо идэвхтэй илэрхийлэхийг хүсье гэв.  УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нар маргааш тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзаж, Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн арга хэмжээнд оролцоно гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл