Цэс

Холбоо барих

Хуулийн төсөл боловсруулагчдын анхдугаар сургалтад оролцогчид гэрчилгээгээ гардлаа

Монгол Улсад анх удаа зохион байгуулсан Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт өнөөдөр (2023.05.26) гурав дахь өдрөө үргэлжилсэн юм. Сургалтын үдээс өмнөх хөтөлбөрөөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, Б.Буянхишиг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг, Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах зөвлөх Б.Батчимэг нар “Фуллерийн” зарчмууд, түүний удирдлага, арга зүй, харьцуулсан эрх зүй ба эрх зүйн бүл, рецепци, хууль тогтоомжийн системчлэл, кодификаци, инкорпораци, консолидац болон хууль тогтоомжийн сан, бүртгэл зэрэг сэдвээр хичээл зааж, дасгал ажлууд хийв. Харин үдээс хойно сургалтад оролцогчид Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Парламентын боловсрол” хөтөлбөр болон Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Тамгын газрын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалттай танилцаж, сургалтын үр дүн, ач холбогдлын талаар ярилцлаа.

“Парламентын боловсрол” хөтөлбөрийн талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан танилцуулав. Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд иргэдэд парламентын боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг төлөвлөсөн бөгөөд эрдэмтэн судлаачид, багш нар, мэргэжилтнүүдийг оролцуулсан найман удаагийн уулзалт хэлэлцүүлгийг явуулсны үр дүнд хөтөлбөрийг боловсруулж, багшийн болон сурагчийн гарын авлага, сурах бичгүүдийг олон талын оролцоотойгоор хийсэн юм. Энэ талаар тэрбээр товч танилцуулаад, хууль тогтоох үйл ажиллагаанд санаачилгатай оролцож, эрхээ эдэлдэг, идэвхтэй иргэнийг төлөвшүүлэх, ардчиллыг бэхжүүлэх, парламентын нээлттэй, ил тод байдлыг хангаж, хууль батлах, хэрэгжүүлэх ажилд олон нийтийн оролцоо, хяналтын бий болгох, улмаар парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлж, засаглалыг сайжруулахад “Парламентын боловсрол” хөтөлбөрийн ач холбогдол оршиж буйг тэмдэглэв. Түүнчлэн, парламентын боловсролыг иргэддээ эзэмшүүлэх нь орчин үеийн бүхий л парламентын нэгэн үндсэн үүрэг болсныг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга цохон дурдаад, Их Британи улсад Нийтийн танхимын ажлын албанд Парламентын боловсрол, иргэдийн оролцооны алба (The Education of Engagement Service) гэсэн бүтцийн нэгж ажилладгийг жишээ татан ярив.

Ардчилсан тогтолцоонд парламент ямар үүрэг гүйцэтгэдэг талаар цогц, системтэй мэдлэг олгож, Улсын Их Хурлын үйл ажиллагааг хүүхэд, залуучуудад өөрсдийнх нь оролцоотойгоор тайлбарлан ойлгуулах, парламентын талаар зөв, бодитой төсөөлөл, хандлагатай болоход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Парламентын боловсрол” хөтөлбөрийг 12-14, 15-17, 18-аас дээш гэсэн насны ангиллаар явуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд Өсвөрийн парламент, Сургагч багшийн, Парламентын мэтгэлцээний болон Төрийн ордонтой танилцах дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Улсын Их Хурлын Тамгын газрын хууль тогтоох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг болон бүтэц, зохион байгуулалтын талаад дэд дарга Ц.Батбаатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Тамгын газрын Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилладаг Хууль эрх зүйн газрыг онцолж, хуулийн төслийг өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх, батлуулах үе шатыг тус газрын дотоод бүтэцтэй уялдуулан тайлбарлав.

Анх удаа зохион байгуулсан Хуулийн төсөл боловсруулагчдын сургалтын үр дүнгийн талаар оролцогчдыг төлөөлөн Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын мэргэжилтэн Ө.Ариунболор, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын ахлах референт Г.Сувдаа, Хүний эрхийн Үндэсний Комиссын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Хуулийн агуулга, зарчим, үзэл баримтлалыг бид төсөл боловсруулахдаа хэрхэн тусгах, ингэснээр тухайн хуулийн зорилго, зорилт биелэх нөхцөл яаж бүрдэх зэрэг чухал сэдвээр мэдлэгээ бататгаж авснаа тэд ярьж, сургалтын хөтөлбөр, зохион байгуулалт, багш нарын мэдлэг, ур чадварт талархаж буйгаа илэрхийлэв. Мөн олон нийтэд парламентын боловсрол олгох чиглэлээр цаг үеэ олсон, үр дүнтэй олон ажил хийгдсэн байгааг онцолж, амжилт хүслээ.

Хуулийн төсөл боловсруулагчдын сургалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар сүүлчийн хичээлийг оров. Тэрбээр, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, Үндсэн хуулийн эрх зүй, парламентат ёс, ардчилал зэрэг өргөн сэдвийг хөндөн, түүх, сургамжийг эшилж, хуулийн төсөл боловсруулах буюу хуулийн эх барих үйл ажиллагаа, түүний ач холбогдол, үүрэг хариуцлагыг илтгэн ярьсан юм.

Улсын Их Хурлын дарга илтгэлдээ, Богд хаант Монгол Улсын үед байгуулагдсан Улсын дээд, доод хурал, тэдгээрийн эрх, үүрэг, хууль тогтоох үйл ажиллагаа, 1915 онд байгуулагдсан Хууль зохиох хүрээ хэмээх комиссын түүхээс эхлэн 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиуд, тэдгээрийн үзэл санаа, үг хэллэг, үйлчлэл, баталсан үйл явц, авч ашигласан олон улсын туршлага зэргийг өгүүлж, хууль боловсруулах энэхүү чухал үүргийг эрх зүйн түүхэн уламжлал, заншлаа үндэслэн, мэргэжлийн хариуцлага, ёс зүйг сайтан чандлан байж зөв хийх, энэхүү ёс, дэг жаягаа үргэлжлүүлэн, залгамжлуулах учиртайг онцгойлон тэмдэглэсэн юм. Улсын Их Хурлын хууль тогтоох ажиллагаа төсөл санаачлан боловсруулах үе шатнаас залгамж чанартайгаар явдаг учир хуулийн төслийн анхны эхийг бичих ажлыг хариуцаж буй эх баригчдын үүрэг оролцоо, мэдлэг чадвар бүхий л үе шатны ажиллагааг сайжруулахад нэн чухал гэдгийг тэрбээр онцлоод, сүүлийн үед хуулийн төсөл боловсруулагчдын чадавхжуулах хэрэгцээ шаардлага тулгамдах болсныг баримт дурдан ярив. Улсын Их Хурлаас батлан гаргаж буй хуулийн чанарыг сайжруулах, давхардал, хийдэл, зөрчлийг арилгахад чухал үүрэгтэй хуулийн төсөл боловсруулах ажлыг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх, сургалтаас олж авсан мэдлэг, ур чадвараа байгууллага, хамт олонтойгоо хуваалцаж, амьдралд хэрэгжүүлэх талаар бодитой ахиц гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Дараа нь Хуулийн төсөл боловсруулагчдын сургалтыг хамтран зохион байгуулсан Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоо Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Санамж бичигт Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл нар гарын үсэг зурлаа. Хууль тогтоох үйл ажиллагаанд хуульчдын мэдлэг чадварыг ашиглаж, мэргэжлийн шинжээчийн хувьд идэвх, оролцоог хангах, хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын судалгаанд хуульчдыг оролцуулах Монголын Хуульчдын холбооны хуулиар оногдсон үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэ хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг тус холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл энэ үеэр онцлов.

Олон улсын нийтлэг жишгийн дагуу зохион байгуулсан Хуулийн төсөл боловсруулагчдын сургалтын төгсгөлд оролцогчдод гэрчилгээ гардуулах ёслол боллоо. Гэрчилгээг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл нар гардуулав. Сургалтад оролцогчид гурван хоногт нийт 24 цагийн хичээлд хамрагдаж, төсөл боловсруулагчийн баримтлах зарчим, тусгай ур чадвар, арга ажиллагаа, хууль зүйн техник, агуулга болон хэлбэрийн шаардлага, эрх зүйн рецепци, хууль тогтоомжийн системчлэл зэрэг олон сэдвийг шахуу хөтөлбөрөөр амжилттай судаллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл