Цэс

Холбоо барих

ТББХ: Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.06.07/ хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар болон О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын гишүүдийн тус тусдаа боловсруулж, өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн хэлэлцэх тухай Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу Ажлын хэсэг байгуулагдан ажилласан байна.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн Байнгын хорооны хуралдаанд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулав. Ажлын хэсэг нэгтгэсэн төсөлтэй холбоотой 55, хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбоотой дөрөв, нийт зарчмын зөрүүтэй 60 орчим саналын томъёолол бэлтгэсэн байна. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэх, гадаад улсад суугаа иргэдээс санал авах өдрийг товлох, санал авах төв болон салбар комиссын чиг үүрэг, зохион байгуулалтын зарим асуудлыг тодорхой тусгах, сонгогч тойрогт нэр дэвшигчид болон нам, эвсэлд санал өгөх тухай зохицуулалтыг зааж өгөх, төрийн аудитын байгууллага, нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлан, сонгуулийн зардлын дээд хэмжээ зэргийг батлах, тойрог бүрд нэр дэвшигчийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ хандив, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох, нийгмийн төлөөллийн оролцоог бүрэн хангах, жагсаалтаар нэр дэвшигчдийн сурталчилгааг нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага явуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимаар хоёр удаа нягтлан шалгах зэрэг асуудлуудыг тусгасан байна.

Хуулийн төслүүдийг нэгтгэхдээ Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын боловсруулж, өргөн мэдүүлсэн төслийг суурилан, О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын төслийн зохицуулалтыг нэгтгэсэн тухай Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн дурдаж, энэхүү нэгтгэлийг зөвшөөрч байгаа эсэх талаар санал хураалт явуулах горимын санал гаргасан юм. Түүний гаргасан горимын саналаар санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд Ажлын хэсгээс боловсруулж бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг зүйл нэг бүрээр хэлэлцэж, санал хураалаа. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах, тойргоос болон жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог 78/48 байхаар, жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа 1:1 байхаар тусгаад байгаа юм. Мөн тойрогт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар төсөлд тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адьяасүрэн, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нарын гишүүдээс “40-өөс доошгүй” болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Түүнчлэн хуулийн нэгтгэсэн төсөлд, нэг намын саналын босго 3.0 хувь, хоёр нам бүхий эвслийн босго 5.0 хувь, гурав болон түүнээс олон нам бүхий эвслийнх 7.0 хувь байх, мөн жагсаалтаар болон тойрогт давхар нэр дэвшихгүй, намууд тойргийн мандатын 50 доошгүй хувьд нэр дэвшүүлэх, жагсаалтаар нэр дэвшигчдийн цахим хуудсыг бүртгэх, цахим орчинд явуулах сурталчилгааны зардал нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын 15 хувиас хэтрэхгүй байх, төсөвт тусаагүй нийгмийн халамж хамгааллын хөтөлбөр зарлах, амлалт өгөхийг хориглох, сонгогчийн нэрийн жагсаалтын нэгдсэн санд бүртгэлийн хуудас авсан сонгогчийг ялган тэмдэглэж, хурууны хээгээр нэгдсэн санд таниулах, сонгогчид жагсаалт дахь нэг нам, эвсэлд, эсхүл жагсаалтаар нэр дэвшигчээс нэгийг сонгож саналаа өгөх, нэр дэвшигчид өгсөн саналыг тухайн нам, эвслийн саналд тооцох, жагсаалтаар нэр дэвшигчид гадаад улсад байгаа иргэдээс санал авах, сонгогчдын нэрийн жагсаалт ил тод байх, нийслэл, аймгийн төвд 400, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагч ажиллах, нэр дэвшигчийн сонин, сэтгүүлийн хэмжээ хоёр хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй, ухуулах хуудас нэг хэвлэлийн хуудас байх, аймаг, дүүргийн нэг хэсэгт тав, бусад газарт гурван зурагт самбар байрлуулах зэрэг зохицуулалтуудыг тусгаж байгаа юм байна.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, хуулийн төсөлд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө олгохоор тусгасныг 22 болгож, хуучнаар нь үлдээх, мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, саналын хуудсанд нам, эвслийн нэрийг Улсын Их Хурлын өмнөх сонгуульд авсан суудал, саналын тооны ихээс бага руу жагсаах дарааллаар бичнэ гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасны Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дууссаны дараа найруулгын болон хуулийн төслийн нэр томьёог жигдлэх, зүйл, хэсэг, заалт, эшлэлийн дугаарыг нийцүүлж өөрчлөх Ажлын хэсгийн саналаар санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн хамт өргөн мэдүүлсэн Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж, Эрүүгийн болон Монгол Улсын төсвийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзэв. Ингээд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Түүнчлэн, хуулийн төслийн зүйл, заалтууд Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэнтэй холбоотойгоор сонгуулийн сурталчилгааны нэгдсэн зурагт самбарын зохицуулалт, бэхэн тэмдэглэгээний тухай заалт орох болсноор шаардлагагүй болж буй төслөөр хөндөгдөөгүй хуулийн 66.14 дэх заалтыг хасах, сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 хоног болгохтой уялдуулсан өөрчлөлтийг хийх, хуулийг дагаж мөрдөх хугацааг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй нийцүүлэх асуудлуудаар Улсын Их Хурлын Тамгын газраас хууль зүйн дүгнэлт гаргуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл