Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бямба гаригийн зочноор уригдаж, залуу сэтгүүлчидтэй ардчиллын тухай ярилцав

-Ганц миний саналаар л дутав гэж дээ гэсэн үл тоомсорлол Зөвлөлдөх ардчиллын үйл явцад хязгаарлалт болдог.

-Төрийн төлөө оготно... гэх хайнга хандлагыг манайхан их гаргадаг даа.

-Энэ уул нь “Төрийн төлөө оготно ч болов тэмцэх ёстой” гэсэн утгатай Зүчи жанжны үг юм билээ. Энэтхэгт аян дайн хийж явсан Монголын арми заант цэргүүдтэй тулгарч л дээ. Монгол морьд үзэгдэж харагдаагүй урт хошуутай амьтнаас ургаж бусгаад, манайхан хиар цохиулж ухрахаас аргагүйд хүрчээ. Тэгээд Зүчи жанжин бодож байгаад цэргүүддээ оготно барихыг тушаажээ. Олон зуун оготно цуглуулж, саванд хийж, өлгөн уурлуулж байгаад өнөө заант армийн өөдөөс тавьж ялалт байгуулсан гэдэг юм...

Энэ бол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, залуу сэтгүүлч хоёрын дунд болсон богинохон яриа. Энэ яриа Улсын их Хурлын Тамгын газраас “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сургалтын “Бямба гаригийн зочны лекц”-ийн үед болсон юм.

Залуу сэтгүүлч, иргэний нийгмийн төлөөлөгчдийн урилгаар очсон зочин нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байсан хэрэг. Тэрбээр, лекцэндээ парламентын ардчилал, зөвлөлдөх санал асуулга, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа, түүний үргэлжлэл, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын арга хэрэгслүүд зэрэг өргөн хүрээний сэдвийг хөндөн ярьж, залуустай чөлөөтэй санал солилцлоо.

Олон нийтийн санал бодлыг авч, бодлого шийдвэрт тусгах гэдэг тийм ч амар биш. Дээр дурдсан иргэдийн үл тоомсоглол бол нэг хязгаарлалт. Хүмүүс бодсоноос бага үзэл бодол-той байдаг гэж тэрбээр онцлоод, мэдэхгүй гэж хариулах дургүйгээсээ болоод үзэл бодлоо таамгаар илэрхийлдгийг жишээ аван ярилаа.

АНУ нэгэн туршилт хийж л дээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хуулийг хүчингүй болгох уу гэсэн санал асуулга явуулсан байгаа юм. Үнэний хэрэгтээ ийм хууль огт байгаагүй юм байна л даа. Гэвч “мэдэхгүй гэж хариулсан хүн байгаагүй гэдэг. Өөрөөр хэлбэл, хүмүүс мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрөх дургүй байдгийг тэрбээр энэ жишээгээр илэрхийлэв.

Аливаа асуудлаар хүмүүс зөвхөн өөрийн хүрээллийнхэнтэй л санал солилцдог нь нийгмийн санаа бодлыг танин мэдэх боломжгүй болгодгийг тэрбээр өөрий жишээгээр өгүүлэв. Калифорниад Стэнфордын Их сургуульд суралцаж байхдаа ойр дотны эрдэмтэн, судлаач найз нартайгаа ярилцаж суухад бүгд л Трампад дургүй, түүнийг дэмждэггүйгээ илэрхийлж байсан. Тэдний яриаг сонсож байхдаа би, Трамп сонгогдохгүй юм байна гэж бодож байлаа. Гэтэл дараа жил нь сонгогдчихсон. Зөвхөн өөрийн хүрээллийн хүмүүсээр асуудалд дүгнэлт хийж болохгүйг энэ үйл явдал надад гүнзгий ойлгуулсан гэж Улсын Их Хурлын дарга залууст сургамж болгон өгүүлсэн юм.

Олон нийтийн санаа бодлын дөрөв дэх хязгаарлалт бол суурь мэдээлэл хангалтгүй хүмүүсийн үзэл бодол хувирамтгай байх явдал. Энэ нь Зөвлөлдөх санал асуулгыг хэрэгжүүлэхдээ заавал тэнцвэртэй, бодитой мэдээллээр хангах шаардлагыг бий болгодог хүчин зүйл болохыг тэрбээр лекцийнхээ үеэр чухалчлан дурдсан юм.

Түүнчлэн тэрбээр Зөвлөлдөх ардчиллын зарчмууд, Монгол Улсын Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд нарийвчлан тусгасан бүрэлдэхүүн хэсгүүдийг нэг бүрчлэн тайлбарлаж, ач холбогдол, үр дүн бол ардчилалд тулгамдаж буй сорилт, бэрхшээлүүдийн талаар тун сонирхолтойгоор ярив. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл явцын үе шат бүрд иргэдийг оролцуулах, эгэх холбоотой байх нь хүчирхэг парламентыг бэхжүүлэхийн гол цөм болохыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлоод Олон Улсын Парламентын Холбооноос тодорхойлсон төлөөллийн чадамжтай, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай, үр нөлөөтэй байх Ардчилсан парламентын таван шалгуурыг хангах хүрээнд 2019 онд хийсэн шинэчлэлтийн үргэлжлэл болгож Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсныг тодорхой тайлбарлан ярив.

“Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сургалтыг Швейцарийн хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр явуулж байгаа бөгөөд өнгөрөгч долоо хоногт танхимын үндсэн сургалтуудыг явуулсан юм. Өнөөдрөөс эхэлж буй “Бямба гаригийн зочны лекц” хоёр долоо хоног үргэлжлэхийн хамт Улсын их Хурлын үйл ажиллагаатай танилцах зэрэг бүрдэл хэсгүүдэд залуу сэтгүүлчид хамрагдаж, хөтөлбөрийн төгсгөлд парламентын хяналт шалгалтын үйл ажиллагаа, түүнд иргэд, олон нийтийн оролцоог хангахын ач холбогдлын талаар сэтгүүл зүйн бүтээл туурвина.

Өнөөдрийн “Бямба гаригийн зочны лекц”-ийн хүрээнд болсон панел хэлэлцүүлэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан, Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Бадамрагчаа, “Цогц хөгжлийн үндэсний төв” Төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал М.Энхбадрал нар оролцож, Улсын Их Хурлын хяналт шалгалтын үйл ажиллагаа, хууль, түүний хэрэгжилтийн талаар сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөлөгчидтэй харилцан ярилцаж, санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл