Цэс

Холбоо барих

ТБХ:Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.15/ хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн  Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураав.

Мөн Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул хуралдаан даргалагчаас уг асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу дахин боловсруулж, санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Д.Тогтохсүрэн, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж нараас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 3.15 дахь хэсгийн “судалгаа эрдэм шинжилгээ туршилт зохион бүтээхтэй холбоотой” гэснийг “шинжлэх ухааны суурь хавсарга технологи, хөгжүүлэлтийн туршилт судалгаа болон инновацын судалгааны” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс төслийн 2 дугаар зүйлийн “баталсан өдрөөс” гэснийг “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь  дэмжив.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс гаргасан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл буюу 40.5 дахь хэсгийн "хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд тавигдах" гэснийг “хуулийн 23.2-т заасан” гэж өөрчлөх, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  1 дүгээр зүйл буюу 19.1.6 дахь заалтын “орон нутгийн салбар, нэгжийг нэгдсэн удирдлагаар хангаж ажлын уялдааг сайжруулах,” гэснийг “энэ хуулийн 20.1-д заасан төвийн үйл ажиллагааны салбар дундын хамтын ажиллагааны зохицуулалтыг хангах,” гэж өөрчлөн “,ажлын гүйцэтгэлийн тайланг үнэлэх” гэснийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас экспортыг эрчимжүүлж гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд эдийн засаг 2023 оны нэгдүгээр улиралд 7.9 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц энэ оны эхний таван сарын байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрч сайжирсныг дурдаад эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн ч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр инфляц төдийлөн буурахгүй, иргэдийн бодит орлогод нөлөөлж байгаа тул амьжиргааг дэмжих, зайлшгүй шаардлага бий болж байна гэв.

Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах орчныг сайжруулах, хотын түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгалаа. Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрд олгохын зэрэгцээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд нөхөж олгох, тэтгэврийн зөрүүний асуудлыг цалингийн суурь итгэлцүүрийг шинэчлэх замаар шийдвэрлэх, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, төрийн албаны цалингийн тогтолцоог шинэчилж суурь цалингийн хэмжээг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж авто замын сүлжээг өргөтгөх зэргээр нийслэлийн түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг төсөв хооронд зохицуулалт хийж шийдвэрлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасныг Сангийн сайд онцолсон.

Мөн тэрбээр, Төсвийн тодотголын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1.7 их наяд, нэгдсэн төсвийн нийт зарлага 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нэгдсэн төсвийн нийт алдагдал 1.6 их наяд төгрөг буюу анх батлагдсан дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ий) 2.6 хувиас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөсөн гэж байлаа.

Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат, Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нар тус тус танилцуулав.

Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн байлаа.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн “Улсын Их Хурлын арван Байнгын хороо хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хороодоос зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Байнгын хороодын санал, дүгнэлтүүдийг гишүүдэд бичгээр тараасан. Иймд үүнийг танилцсанд  тооцъё” гэх горимын санал гаргахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн, Б.Энх-Амгалан, Д.Цогтбаатар нараас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа төслийн 1 дүгээр хавсралтын “IX.1.112.Ард Аюушийн өргөн чөлөөний гэрэлтүүлэг /Улаанбаатар, Баянгол дүүрэг/” гэсэн төсөл, арга хэмжээний төсөвт өртөг болон 2023 онд санхүүжих дүнд өөрчлөлт оруулахгүйгээр төслийн нэрийг “Ард Аюушийн өргөн чөлөөний болон төв гудамжнуудын гэрэлтүүлэг /Улаанбаатар, Баянгол дүүрэг/” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ажлын хэсгийн зүгээс гэрэлтүүлэг хийх сонгон шалгаруулалт нь дээрх нэр томьёогоор нэгэнт зарлагдсан тул өөрчлөх боломжгүй гэсэн тайлбар хэлж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу “6 дугаар зүйл” гэснийг “6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг” гэж өөрчлөх,  мөн төслийн 2 дугаар зүйлийн “1 дүгээр хавсралтаар” гэснийг “энэ хуулийн хавсралтаар” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл