Цэс

Холбоо барих

“Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сургалтад оролцогчид Зочин илтгэгчидтэй санал солилцлоо

Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Бодлогод залуусын хяналт” Төрийн бус байгууллагатай хамтран явуулж буй “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сургалт зохион байгуулж байна. Энэ сарын эхнээс эхэлсэн тус сургалтад залуу сэтгүүлчдийн зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож байна. Танхимаар явуулсан хоёр өдрийн үндсэн лекцийн зэрэгцээ зочны лекцүүд, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцах практик аяллаар үргэлжилж буй сургалтын өнөөдрийн (2023.06.16) хөтөлбөрт Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан нар уригдаж, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг боловсруулан баталж, хэрэгжүүлсэн туршлага болон Парламентын боловсрол хөтөлбөрийн тухай танилцуулга хийлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, парламентын хяналт шалгалтын тогтолцооны гол зорилго нь ард түмний засаглах эрхийг хангахад оршиж буй болохыг онцлоод, 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт болон Улсын Их Хурлын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөтэй уялдуулан нэн даруй хийх зүйлсийн нэг нь хяналт шалгалтын үүргийг хэрэгжүүлэх арга хэлбэрийн тогтоох байсныг дурдаж, хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг ахлан, олон талын хамтын ажиллагаа, олон хүний хүчин чармайлтаар Германы эрх зүйн хэв маягийн баримталсан хуулийг 2021 оны арван хоёрдугаар сард батлуулсан. Хуульд “хяналт шалгалт”, “түр хороо” зэргээр томъёолж оруулсан үйл ажиллагаа бол чухамдаа “парламентын мөрдөн шалгалт” болохыг тэрбээр тайлбарлаад, Улсын Их Хурлын хянан шалгах бүтэц, арга хэлбэр, тэдгээрийн зарчим, дэг, үр дагаварын талаар танилцуулсан юм.

Улсын Их Хурлын тухай хуульд Тамгын газрын эрхлэх үндсэн 25 ажлын нэг нь “парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах” (44.4.19) болохыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцолж, энэ хууль болон Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд хэрэгжүүлж байгаа нэг гол хөтөлбөр бол “Парламентын боловсрол” юм гэлээ. Тэрбээр, парламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудын парламентуудад хууль тогтоох, төлөөлөх, хяналт тавих гэсэн энэ уламжлалд буюу сонгодог чиг үүргүүд дээр нэгэн шинэ чиг үүрэг бол нэмэгдсэн нь соён гэгээрүүлэх чиг үүрэг гэдгийг дурдаж, парламентын боловсрол гэдэг бол амьдран буй нийгмийнхээ хариуцлагатай нэгэн эд эс байж, мэдээлэлтэй, оролцоотой, идэвхтэй иргэн байхыг заасан цагаан толгой хэмээн тодорхойллоо. Монгол Улсын парламентын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа парламентын боловсрол хөтөлбөр 2021 оны арван хоёрдугаар сарын 23-наас хэрэгжиж эхэлснийг тэрбээр танилцуулж, түүний зорилго зорилт, алсын хараа, хүрэх үр дүн зэргийг товч тайлбарлан, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээ, мөн энэ бүхэндээ хүрэхийн тулд боловсруулсан сурах бичгүүд, ном товхимлуудын талаар ярилаа. Зөвлөх багш нар, эрдэмтэн, судлаачдын талаар өгүүлж, хөтөлбөрийн цар хүрээ, ач холбогдол болон иргэд, олон нийт, хүүхэд багачууд, сэтгүүлчдийн идэвх оролцооны үүргийг тодорхойлон ярьсан юм.

“Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сургалтын үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн Үндэсний зохицуулагч С.Батбаатар, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри нар оролцож залуу сэтгүүлч нар, иргэний нийгмийн төлөөлөгчдөд улс төрийн сэтгүүлзүй, парламентын сурвалжлагчийн ажил үүрэг, мэдлэг мэдээлэл, ёс зүйн талаар болон олон нийтийн дуу хоолой болж, хариуцлагатай ажиллах нь хэр чухал болох тухай ярив. Сургалтад оролцогчид уг арга хэмжээний ач холбогдол, үр өгөөж, хүртээмжийн талаар болон сургалтын гол агуулга болон Улсын Их Хурлын хянан, шалгах үүрэг, тогтолцооны талаар зочин илтгэгч, доктор Л.Өлзийсайхан, Үндэсний зохицуулагч С.Батбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар болон бусад хүмүүстэй санал солилцож, харилцан ярилцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл