Цэс

Холбоо барих

Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.06.16/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 05 минутад үргэлжилж, Ерөнхий сайдын мэдээлэл:Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаарх мэдээллийг сонсов.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг  мэдээлэл хийсэн.

Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өвчнийг эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог улсын хэмжээнд эхлүүлснийг дурдаад эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн 648 байгууллага, 5000 гаруй эмч, эмнэлгийн ажилчдыг түшиглэн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоог хийж байна гэв.

Эрт илрүүлэгт 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийт хүн амын 31.1 хувь буюу 1 047 271 хүн хамрагдсанаас 45 хувь нь эрэгтэйчүүд, 55 хувь нь эмэгтэйчүүд, насны байдлаар авч үзвэл 60.5 хувь нь хүүхэд, 39.5 хувь нь насанд хүрэгчид байна. Өвчлөлийн 700881 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 60.5 хувь нь хоол боловсруулах тогтолцооны, 11.9 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн болон бодисын солилцооны, 8.1 хувь нь шээс бэлгийн тогтолцооны, 6.3 хувь нь зүрх судасны тогтолцооны, 3.6 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь нийт өвчлөл, эмгэгийн сэжигтэй тохиолдлын 90.4 хувийг эзэлж байгааг Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ онцоллоо.

Мөн эрүүл мэндийн байгууллагуудын эрт илрүүлгийн цахим мэдээллийн программуудыг стандартын дагуу нэгтгэн мэдээллийг солилцож, улмаар эрт илрүүлгийн их өгөгдөл санг бий болгов. Мэдээний санд боловсруулалт, дүн шинжилгээ хийх эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн долоон багийг томилон ажиллуулж байна. Судалгааны үр дүнгээс дурдвал: Эрт илрүүлэгт хамрагдсан тав хүртэлх насны хүүхдийн 10.2 хувь нь илүүдэл жинтэй, 5.3 хувь нь таргалалттай, 39.3 хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй, 17.5 хувь нь өсөлтийн хоцролттой буюу намхан, 6-17 насны хүүхдийн 6.5 хувь нь илүүдэл жинтэй, 25.7 хувь нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй байгаа тул хүүхдийн хоол тэжээлийн байдал, эрүүл амьдрах хэв маягт бага наснаас нь сургах, эрүүл хооллолтын талаарх зөв мэдлэг, дадал, хандлага суулгах нэн шаардлагатай болохыг харуулж байна. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд хангалтгүй байгаа нь бусад өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Судалгаагаар  гурван настай гурван хүүхэд тутмын нэгд,  таван настай  гурван хүүхэд тутмын  хоёрт, холимог шүдтэй 6-11 насны таван хүүхэд тутмын гуравт, 12-17 хүртэлх насны хоёр хүүхэд тутмын нэг нь шүд цооролттой байгааг С.Чинзориг сайд мэдээлэлдээ онцлон тэмдэглэсэн.

Мөн тэрбээр, Зүрх судасны өвчний үзлэг, шинжилгээгээр 40, түүнээс дээш насны нийт хүн амын 47.4 хувь нь бага, 41.6 хувь нь дунд, 9.7 хувь нь өндөр, 1.3 хувь нь маш өндөр эрсдэлтэй, цусны даралт ихсэлт буюу артерийн гипертензийн тархалт  65 хувь, артерийн судас хатуурах эрсдэлтэй 28.5, судас хатууралтай 3.2 хувь байна. Үзлэгт хамрагдсан нийт хүн амын 8.1 хувь нь чихрийн шижинтэй байснаас 2.8 хувийг нь шинээр илрүүлсэн. Чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын 20.3 хувь нь өндөр эрсдэлтэй байна. Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан зорилтот 45 болон 60 насны хүн амын 11.8 хувь нь сэтгэцийн эмгэгийн сэжигтэй байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн үндсэн дөрвөн эмгэгээс архаг ядаргаа 3.5, сэтгэл түгшилт 7.6, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 6.9, сэтгэл гутрал 1.7 хувь тус тус тохиолдсон байна. Судалгаагаар 329 хорт хавдрын оношийг баталгаажуулснаас 255 хүн нь шинээр оношлогдсон. Шинээр оношлогдсон тохиолдлын 29 нь онош батлагдсаны дараахан нас барсан нь хожуу шатандаа илэрч байна. Энэ нь уг илрүүлгийг тогтмолжуулж, эрт шатанд нь оношлох шаардлагатайг харуулж байгааг дурдлаа.


Түүнчлэн ходоодны хорт хавдар шинээр оношлогдсон тохиолдлыг “хорт хавдар оношлогдсон дундаж хугацаа”-нд үндэслэн тооцоолж үзэхэд нэг хүн дунджаар 10.4±9.1 жилийн өмнө “хавдраа эрт илрүүлж” оношлуулжээ. Ийнхүү ходоодны хавдрыг эрт оношлогдсон 44 хүний хувьд 228 хүн жилийг амьдралын хугацаандаа уртасгасан байна. Дээрх хүмүүс эрт илрүүлэн оношилсноор цагаасаа эрт нас барахаас сэргийлж, мөн амьдралын дараагийн жилүүдэд ажил, хөдөлмөр эрхлэн 6.3 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой болсон гэж үзэхээр байна. Нэг хүний боломжит орлогын хэмжээ 143,0 сая төгрөг байна. Дээрх үр дүнгүүдээс харахад аливаа өвчнийг эрт илрүүлснээр тухайн улс оронд хүний нөөцийн хангамж, эдийн засгийн асар их ач холбогдолтой байж, хувь хүн, гэр бүлийг  ядуурлаас сэргийлэх бүрэн боломжтойг харуулж байна гэж байлаа.

Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрт илрүүлгийг эрчимжүүлэх, хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай” 06 дугаар тогтоолд 6-17 насны багцад А бүлгийн стрептококийн хурдавчилсан сорилыг нэмэх, сумын эрүүл мэндийн төвд 18-30 насны багцын тусламж үйлчилгээг үзүүлэх, иргэн даатгуулагч эрт илрүүлэг багц үзлэгт хамрагдаж эхэлснээс дуусах хүртэлх хуанлийн 20 хоногийн хугацааг ажлын 20 хоногт багтаах, даатгуулагчийг тухайн эрүүл мэндийн байгууллагад эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд шууд илгээх зохицуулалтуудыг тус тус тусгаснаар шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй авах нөхцөлөөр хангав. Эрт илрүүлгээр илэрсэн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг авч ажиллаж байгааг сайд мэдээлэлдээ дурдсан.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Xүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд xамруулax  ажил эхлээд нэг жил өнгөрч байгаа хэдий ч улсын хэмжээнд нийт хүн амын дөнгөж 31 хувь нь хамрагдсан байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт гэдгийг онцлоод эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилт нэвтэрсэн нь эмч нар үндсэн ажлаасаа хөндийрч маш их цагийг ажлын гүйцэтгэл гаргах тооцооны ажилд зарцуулж байгаа юм байна. Тиймээс  эрүүл мэндийн салбарт цахим мэдээллийн сүлжээг боловсронгуй болгож хөгжүүлэхэд Засгийн газар, ялангуяа Эрүүл мэнд, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтарч ажиллах нь чухал гэдгийг дурдсан.

Мөн эрт илрүүлгийн  явцад аймаг, сумдын эрүүл мэндийн төвийг шаардлагатай тоног төхөөрөмж, оношлуур, урвалж бодисоор хангах, чадавхжуулах, алслагдсан сум, баг, хороонд амьдардаг болон хөгжлийн бэрхшээлтэй, бусад шалтгаанаар эрүүл мэндийн байгууллагад хандах боломжгүй иргэдэд явуулын хэлбэрээр үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх хэрэгцээ байгаа нь харагдсан. Орон нутагт хийгдэх оношилгоо, эмчилгээнд алсын зайн технологи ашиглан, цахим эрт илрүүлэг, эргэн дуудах тогтолцоог бүрдүүлэх ажлыг нэвтрүүлэх ажил удаашралтай байгааг Ц.Туваан гишүүн санал, дүгнэлтдээ онцлоод Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, зарцуулалтад хяналт тавих тогтолцоог илүү сайжруулах, үүний тулд Эрүүл мэндийн даатгалын сангийн Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хараат бус ажиллах бодлогын арга хэмжээг яаралтай авах шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.

Түүнчлэн хүн амын эрүүл мэндийн асуудал өрхийн орлого, амьдралын чанартай шууд холбоотой. Сүүлийн жилүүдэд өрхийн бодит орлого буурч, хүнсний гол хэрэгцээт барааны үнэ нэмэгдэж, ядуу иргэдийн тоо өсөж байгаа нь тулгамдсан асуудал боллоо. Улс орны эдийн засгийг тогтворжуулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ үгүйлэгдсээр байна. Ийм нөхцөл байдалд эрүүл мэндийн төвүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангах, хүний нөөцийн зөв бодлого явуулж, чадавхжуулах, олон улсын байгууллагуудын санхүүгийн тусламжийг энэ чиглэлд түлхүү зарцуулах, эрт илрүүлгийн ажлыг төлөвлөсөн хугацаанд бүх иргэдийг, ялангуяа орлого багатай иргэдийг бүрэн хамруулах хэлбэрээр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Эцэст нь эрт илрүүлгийн ажлыг нийтийг хамаарч хийхийн зэрэгцээ оношилгооны чанар үр дүнг нь сайжруулах үүднээс зүрх судасны өвчин, хавдар, бэлгийн замаар дамжих халдварт өвчин гэх мэт анхаарал татсан өвчлөлөөр  зохион байгуулах нь нэн чухал гэдгийг  онцлон тэмдэглэв.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Бейсен, О.Цогтгэрэл, Н.Ганибал нар асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.12, 109.13.-т “Энэ хуулийн 109.11-д заасан цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг Тамгын газар нэгтгэж нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлнэ”, “Энэ хуулийн 109.12-т заасан асуултыг нам, эвслийн бүлэг ангилан багцалж, нам, эвслийн бүлэг тус бүрээс нэг гишүүн төлөөлж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно” гэж заасны дагуу хуралдаан асуулт, хариултаар үргэлжиллээ.


Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн, Ж.Чинбүрэн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен нар "D-Parliament" цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг уламжилж, ажлын хэсгээс хариулт авсан. Тухайлбал, хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд xамруулax ажилд иргэдийн дөнгөж 31 хувь нь хамрагдсан шалтгаан болон энэхүү үзлэг оношилгоонд ажиллаж буй нэг эмчийн ажлыг хэрхэн үнэлж тооцож буйг лавласан байв. Мөн эмнэлгүүдийг үзлэг оношилгоо хийх, ялангуяа ходоодны дуран бусад төхөөрөмжөөр хангах асуудалд авч буй арга хэмжээ, зарим иргэд эрүүл мэндийн шинжилгээний хариугаа авч чадахгүй байгаа шалтгаан, хүртээмжийн талаар тодруулсан.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариултдаа, “Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өвчнийг эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоог улсын хэмжээнд эхлүүлснээс хойш нийт хүн амын 31 хувь нь хамрагдаад байна. Үүнд  хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, иргэдийн энэ талаарх оролцоо ойлголт, мэдээлэл дутмаг байна. Гол хүчин зүйлс нь хөдөө, ялангуяа сум, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн оношилгоо, шинжилгээнд хамрагдах нөхцөл боломж хязгаарлагдмал байсаар байна. Энэ нь насанд хүрэгчдийн эрт илрүүлгийн зургаан багцын шинжилгээг сумын эрүүл мэндийн байгууллагаасаа авах нөхцөл боломж хангагдаагүй, боловсон хүчин хүрэлцээгүй, оношилгоо эмчилгээний тоног, төхөөрөмж хүрэлцээ хангамж, дутмаг байгаатай холбоотой. Иймд аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвөөр үйлчлүүлэх, үзлэгийн дараалал, ачаалал их байгаагаас орон нутгийн иргэд ялангуяа малчид эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байна. Энэ хүрээнд бид явууллын багийг зуны цагт ажиллуулж, хөдөөгийн иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах, ходоодны дурангийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Цаашдаа 2023, 2024 онд эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд  нийт иргэдийг 100 хувь хамруулна” гэж байлаа.


Мөн тэрбээр “Эрт илрүүлэг, урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд хамруулахдаа насанд хүрэгчдэд зургаа, хүүхдэд хоёр төрлийн багцаар үйлчилж байгаа. Эдгээр үзлэг, шинжилгээнд ажиллаж байгаа эмч нарын үнэлгээг нэг иргэнээр тооцох санхүүжилтийн үнэлгээгээр явж байгаа. Цаашлаад 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын хүрээнд төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх болсонтой холбоотойгоор гүйцэтгэлийн санхүүжилтийн тарифт өөрчлөлт оруулж, цалинг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авна” хэмээн хариулсан.  

Түүнчлэн Ажлын хэсгээс, "Эрүүл мэндийн эрт илрүүлэг, урьдчилсан сэргийлэх үзлэгт өнөөдрийн байдлаар 38.9 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан. Эмнэлгүүдэд хамгийн их зардалтай байдаг дуран болон холбогдох ариутгал халдваргүйтлийн аппарат, бусад хэрэсглээр хангасан. Цаашдаа эмнэлгүүдэд гүйцэтгэлийн санхүүжилтээрээ авсан 38.9 тэрбум төгрөгөөрөө хэрэгцээт тоног, төхөөрөмжөө авах замаар хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Иргэдийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээний хариуг e-mongolia цахим нэг цонхны үйлчилгээгээр дамжуулан өгч байгаа гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл