Цэс

Холбоо барих

БОХХААБХ:Малын хорогдол болон малчдад үзүүлж байгаа даатгалын үйлчилгээний талаарх мэдээллийг сонслоо

 

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.20/ хуралдаан 11 цаг 47 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг гишүүдийн ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Малын хорогдол болон малчдад үзүүлж байгаа даатгалын үйлчилгээний талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг  сонссон.

Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхөлөг мэдээлэл хийв. Улсын хэмжээнд 2022-2023 онд нийт 190.2 мянган малчин өрхөд 71.1 сая мал өвөлжиж, манай улсын мал сүрэг одоогийн байдлаар 17.0 сая төлөөр өсөн 3.1 сая том малын зүй бус хорогдол гараад байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ том малын зүй бус хорогдол 3.1 сая, үүнээс тэмээ 2.6 мянга, адуу 178.2 мянга, үхэр 270.5 мянга, хонь 1.3 сая, ямаа 1.3 сая зүй бусаар хорогдсон нь оны эхний нийт малын 4.4 хувийг эзэлж байна. Малын зүй бус хорогдол хамгийн их болох Архангай /534.7 мянга/, Хэнтий /490.9 мянга/, Сүхбаатар /475.0 мянга/, Увс /303.5 мянга/, Завхан /205.1 мянга/ зэрэг аймгуудад нийт 2.2 сая мал хорогдсон нь нийт хорогдлын 63.4 хувийг эзэлж байна гэж байлаа.

Түүнчлэн, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг Монгол Улсын Шадар сайд, ХХААХҮ-ийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллан танилцаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаануудад 6 удаа танилцуулан улсын нөөцийн өвс, тэжээл хөнгөлөлттэй үнээр олгох, малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд зориулан туулах чадвар сайтай автомашин, гэр, хүнс, шатахууны дэмжлэг үзүүлэхэд нийт 7.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүллээ. Мөн олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран ажиллаж 21 аймаг, нийслэлийн хоёр дүүргийн 14785 өрхөд бэлэн мөнгө, өвс, тэжээл, хүнс, хүүхэд, эмэгтэйчүүдийн багц зэрэг 8.0 тэрбум төгрөгийн эд зүйлсийн дэмжлэг үзүүлсэн гэв.

Мөн тэрбээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр албан даалгавар, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын А/141 дүгээр тушаалын хэрэгжилтийг зохион байгуулан улсын хэмжээнд зүй бусаар болон гамшгийн улмаас хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах, хашаа хороо, бууц, худаг уст цэгүүдийг халдваргүйтгэх ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2.7 сая толгой малын, 10 мянган амьтны хүүр, сэг зэмийг  устгалд оруулж  79.0 хувийн гүйцэтгэлтэй байна. Мал, амьтны гоц халдварт өвчний халдварын тархалтыг зогсоох, эрсдэлийг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийн арга хэмжээнд нийт 9.7 сая м2 талбай (10365 хашаа, хороо, 1801 худаг уст цэг, 914 нийтийн эзэмшлийн талбай, 4239 түүхий эд бэлтгэх цэг, зоорь агуулах, тэжээлийн цэг зэрэг объект)-д орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажлыг гүйцэтгэлээ. Хорогдсон мал, амьтны сэг зэмийн устгал, мал эмнэлгийн халдваргүйтгэлийн арга хэмжээнд орон нутгийн байгууллага, малчид, мал бүхий иргэд зэрэг нийт 6500 орчим хүн хүчний нөөцтэй ажиллаж байна. Сэг зэм устгалд зориулж хорогдол ихтэй есөн аймаг, нийслэлд 104.0 сая төгрөгийн хлорын шохой, 20.0 сая төгрөгийн шатахуун, 3.0 сая төгрөгийн халдвар хамгааллын хувцас, 5.0 сая төгрөгийн халдваргүйтгэлийн багаж, хэрэглэгдхүүн нэмэлтээр олгосон гэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын А/269 дүгээр тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Улсын онцгой комиссын орлогч даргын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад цаг уурын аюулт үзэгдлийн дараах хохирлыг үнэлгээ хийхээр ажиллаж байна. Өвөлжилт, хаваржилтийн явцад нийт мал нь 50 ба түүнээс дээш хувиар мал нь хорогдсон малчин болон мал бүхий өрхийн судалгааг Архангай, Завхан, Увс, Төв, Хэнтий, Сүхбаатар аймаг болон нийслэлээр гарган Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлэхээр ажиллаж байна гэдгийг сайд мэдээлэлдээ дурдсан.     

 

Дараа нь малын индексжүүлсэн даатгалын талаар танилцуулсан. Тэрбээр мэдээлэлдээ, Дэлхий банкны санхүүжилтээр 2006 оноос Малын индексжүүлсэн даатгал (МИД) төсөл эхэлж, 2014 оныг дуустал хэрэгжиж 21 аймгийг хамарсан малын индексжүүлсэн даатгалын тогтолцоог бий болгож чадсан. Улмаар 2014 онд Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль батлагдаж “Үндэсний давхар даатгал” ХК хариуцан ажиллаж байгааг онцлов.

Мөн малын индексжүүлсэн даатгалын онцлог нь нэг малчны хотонд гарсан хохирлоос бус сумын хэмжээнд гарсан хохирлоос тооцож нөхөн төлбөр олгодог. Хэрэв тухайн жил суманд их хэмжээний мал хорогдсон ч тухайн хотонд мэнд орсон тохиолдолд мөн л адил даатгалын нөхөн төлбөр авах боломжтой. Гэвч зөвхөн тухайн хотонд л хорогдол үүссэн бол нөхөн төлбөр олгох боломжгүй. Энэ нь малчдыг хариуцлагажуулж буй хэлбэр юм. Уг даатгалд зуд, өвчин эмгэг, чоно нохойд бариулах, хулгайд алдах нөхцөлд хорогдолд нөхөн төлбөр олгодог гэж байлаа.

Малын индексжүүлсэн даатгалд 2022 онд малын индексжүүлсэн даатгалд 27,456 өрхийн 5.7 сая толгой малыг 3.9 тэрбум төгрөгийн хураамжаар даатгуулсан. Улсын хэмжээнд нийт малчин өрхөөс даатгуулсан малчин өрх 14.4 хувь, даатгалд хамрагдсан малын тоо найман хувийг эзэлж байв. 2022 оны даатгалын нөхөн олговор хагас жилийн мал, тэжээвэр амьтны тооллогын дүнг үндэслэн олгогдоно гэдгийг дэд сайд танилцуулгадаа дурдсан.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Г.Ганболд, Д.Өнөрболор, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Мөн гишүүд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор босго үзүүлэлтийг сумын хэмжээнд зургаан хувь гэж тусгасан шалтгаан болон “Үндэсний давхар даатгал” ХК-ийн өмчийн хэлбэрийг лавлахын зэрэгцээ малын тоо толгойг хагас жил тутам тоолох хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа шалтгааныг илүүтэй тодруулав.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд босго үзүүлэлт зургаан хувь гэж байгаа. 2006 онд Дэлхийн банк Монгол Улсад малын индексжүүлсэн даатгалын төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхдээ олон улсын шинжээчид ажиллан малчдад тохиромжтой, санхүүгийн боломжид нийцсэн, гамшгийн эрсдэлээс хамгаалахад чиглэсэн гамшгийн даатгалын асуудлыг судалсан. Ингэхдээ Монгол Улсын 1974 оноос хойших малын хорогдлын статистик тоо мэдээнд тулгуурлаж, 5-6 хувь гэдэг малын хорогдлын хэмжээг гаргасан хэмээн “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант хариулсан. Мөн тэрбээр хариултдаа, “Үндэсний давхар даатгал” ХК нь 2014 онд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд заасны дагуу “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компани нэртэйгээр Засгийн газрын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан төрийн өмчит аж ахуйн нэгж юм. Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан уг компани 2019 оноос эхлээд үндэсний хэмжээнд ердийн давхар даатгалын үйлчилгээгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна гэж байлаа.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй нөөцийн өвс, тэжээл хөнгөлөлттэй үнээр олгох, малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд зориулан туулах чадвар сайтай автомашин, гэр, хүнс, шатахууны дэмжлэг үзүүлэхэд ажлуудыг эрчимжүүлж сайжруулах, цаашлаад малын даатгалын асуудлыг эргэн харж, холбогдох арга хэмжээг шуурхай авах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд малын индексжүүлсэн даатгалыг малчин бүрээс албан журмын дагуу авдаг болгох, харин холбогдох хууль, журамд заасан босго үзүүлэлтийг буулгаж, хорогдсон мал бүхэнд нөхөн төлбөр олгодог тогтолцоог бүрдүүлбэл уг даатгал үр дүнд хүрнэ гэсэн саналыг хэлж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, малчны хотонд нүүрлэдэг зуд, өвчин эмгэг, чоно нохойд бариулах, хулгайд алдах зэрэг бодит эрсдэлийг  холбогдох хуульд тусгасан ч уг даатгалд хамруулах ажил сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бүрэн хэрэгжиж чадахгүй байна. Энэ асуудалд салбарын яам эрхзүйн хүрээнд болон холбогдох шийдэл гаргахад анхаарч ажиллах нь чухал гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил мэдээлэл хийж буй асуудлын хүрээнд Байнгын хороо ажлын хэсэг байгуулж, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнг судалж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх саналыг гаргаж байлаа.

Монгол Улсын олон талт олон улсын гэрээ, гэрээний хорооны зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг сонсов

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын олон талт олон улсын гэрээ, гэрээний хорооны зөвлөмжийн хэрэгжилтийн талаарх тайланг сонсов. 

Мэдээллийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж буй ажлын явц байдалтай танилцах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулсан.   

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, Монгол Улсын олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийг Улсын Их Хурлын Байнгын хороодоор хэлэлцэж, цаашлаад УИХ-аас холбогдох тогтоол баталж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгөхөд чиглэж буйг дурдаад Ажлын хэсэг нийт 10 удаа хуралдаж, Хууль зүй болон Нийгмийн бодлогын байнгын хороонд тус тус танилцуулсныг тэмдэглэлээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж заасан байдаг. Монгол Улс нийт 294 олон талт олон улсын гэрээнд нэгдэж орсон бөгөөд НҮБ болон холбогдох олон улсын байгууллагуудад тайлан хүргүүлдэг 30 конвенц байдаг. Ажлын хэсэг өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүний эрхийн 18, байгаль орчны тав, гэмт хэрэгтэй тэмцэх дөрөв, эрүүл мэндийн гурав буюу хамгийн чухал 30 гэрээг судалсан. Эдгээр 249 олон талт олон улсын гэрээ, тайлангаа хүргүүлдэг 30 конвенцод 6-7 төрлийн дутагдал байна. Улсын Их Хурал, Засгийн газраас үүнийг засаж залруулахгүй бол хууль тогтоомжоо ч сайжруулж чадахгүй, цаашлаад олон улсын өмнө хүлээсэн үүргээ ч биелүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн.   

Мөн танилцуулгад, Олон талт олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагуудын уялдаа холбоо, зохицуулалт, харилцан мэдээлэл байхгүй, хүний нөөцийн тогтворгүй байдлаас шалтгаалан залгамж чанар алдагддаг байдлыг залруулах үүднээс энэ талаарх дата бааз бий болгох, Монгол Улсын шүүх олон улсын гэрээний заалтыг хэрэгжүүлэх дадлага, туршлага байхгүй, шүүхийн байгууллагын албан хаагчийн олон улсын гэрээний талаарх мэдлэг дутмаг байгааг харгалзах сургалт явуулах, олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, олон улсын гэрээнд нэгдэн орохдоо үүсэж болох хууль эрх зүй, нийгэм, эдийн засаг, санхүүгийн үр нөлөө, хүлээх үүрэг хариуцлага, тэдгээрийг хэрэгжүүлэх боломжтой, эсэхийг нарийвчлан үнэлж, холбогдох хууль, эрх зүйн нөхцөлийг бүрдүүлж байж нэгдэн орох, нэгдэн орсон гэрээ, конвенцын хэрэгжилтийн тайлан, хэлэлцүүлсэн дүн, өгсөн зөвлөмжийг Улсын Их Хурал, Засгийн газарт танилцуулах, биелэлтэд хяналт тавих нэгдсэн механизм бий болгох, хэрэгжилтийг хангахад төрийн бус байгууллагуудыг оролцуулах, орчуулгыг жигдлэх зэрэг олон тулгамдсан асуудал байгааг  дурдсан байв.

Ажлын хэсгээс Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах олон улсын конвенцын талаарх танилцуулгыг гишүүдэд хүргүүлсэн бөгөөд Монгол Улс одоогоор байгаль орчны салбарт 12 конвенц, таван протокол, бие даасан нэг хэлэлцээрт нэгдэн ороод байгаа аж.


Мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Г.Ганболд, Д.Өнөрболор, Б.Саранчимэг нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, олон улсын гэрээ конвенцын хэрэгжилтийг цаашдаа жил бүр танилцуулах асуудалд салбарын яам онцгойлон анхаарч ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэхэд төрийн бодлого, эрх зүйн орчноос шалтгаалан хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн шалтгаан, нөхцөл болон цаашид Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэлдээ тусгах шаардлагатай байгааг салбарын яамныханд зөвлөж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл