Цэс

Холбоо барих

Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.06.23) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс боловсруулж, Нийгмийн бодлогын байнгын хороо хэлэлцэн дэмжсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар үргэлжлүүлэн санал хураалаа. Нийт 30 гаруй санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн (2023.06.22) нэгдсэн хуралдаанаар эхлүүлж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан юм. Хуулийн төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар үргэлжлүүлэн санал хураалаа.

Хуулийн төслийн 22.8-д “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр бага боловсролыг гэрээр эзэмшүүлж болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална." гэсний “холбогдох журам” чухам юу байх тухай тодорхой заах шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хэллээ. Эцсийн хэлэлцүүлэгт энэ журмыг тодорхой нэрлэж оруулж ирэхийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чиглэл болголоо.

Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарч буй даатгуулагчийн нөхцөлийг хэвээр үлдээх, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөл болон газрын дор ажиллаж байгаа даатгуулагчийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхгүй байх, 2018 оноос дараалсан зургаа болон долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан нэг удаа шинэчлэн тогтоох, “Тэтгэврийн тогтолцоо” гэсэн бүлгийг “Тэтгэврийн төрөл” болгон өөрчлөх санал гаргасан байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулийн төсөл “Тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлого”-той нийцэж байгаа эсэх, улсын төсөв, нийгмийн даатгалын сангийн ачааллыг хэр нэмэгдүүлэх, хамтын тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилт, хамт амьдарсан хугацааны шалгуурыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцсанаар улсын төсөвт үүсэх ачаалал, уурын зуухны галч нарын ажиллах нөхцөлийн талаар асуулт асууж, хариулт авсныг дурдлаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай болон Монгол Улсын Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг буцаах зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах тухай түүний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нас барсан тэтгэвэр авагчийн 10 ба түүнээс дээш жил хамтран амьдарсан нөхөр, эсхүл эхнэрийн тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлж олгоно гэсний 10 жил гэсэн шалгуурыг нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй саналыг гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй ажээ.

Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Х.Ганхуяг нар үг хэлж, тэтгэврийг дараалсан долоон жилийн цалингийн орлогоос бодож буйг таван жил болгох, даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсаны эхний таван өдрийн тэтгэмжийг ажил олгогч өгөх, хамтын тэтгэврийн буюу гэр бүлийн хоёр хүний нэг өөд болоход үлдэж байгаа хүний тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх зохицуулалт хэзээнээс хэрэгжих, тэтгэврийн нөөц санг Ирээдүйн өв сан болон улсын төсвөөс бүрдүүлэхээр заасан нь хуульд нийцэж буй эсэх талаар асууж, Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөхөөр заасныг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлж, тэтгэвэр бодох итгэлцүүрийг зөв тогтоох, мөнхүү хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалд шилжих санхүүгийн эх үүсвэрийг оновчтой тооцох, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн менежментийг сайжруулах шаардлагатайг онцолсон юм.

Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр 2018 оноос дараалсан зургаа болон долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан нэг удаа шинэчлэн тогтоох тухай зохицуулалт нь хуульд бус уг хуулийг дагаж мөрдөх журамд оруулах процессийн асуудал гэж үзэж буйгаа илэрхийлэв. Энэ бол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн гаргасан санал бөгөөд Байнгын хорооны хуралдааны үеэр олонхийн дэмжлэг аваагүй юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлаар санал хураахад Нийгмийн бодлогын байнгын хорооны санал буюу Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн саналыг дэмжихгүй гэсэн санал дэмжигдэв.

Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, хамтын тэтгэврийн хугацааны шалгуурыг 10 жил байхаар төсөлд тусгасныг 20 жил болгох санал гаргасан нь олонхын санал аваагүй юм. Уг саналаар санал хураах үед тэрбээр, нэг гэр бүлийн хоёр хүний нэг нь өөд болоход нөгөө хүний тэтгэврийг 20 хувиар нэмэх зохицуулалтад 10-аас доошгүй жил хамт амьдарсан байх гэсэн шалгуур үзүүлэлт зааж өгч буй нь бага гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. 20-оос доошгүй жил болгох нь монгол гэр бүлийн тогтвортой хамтын амьдралыг дэмжихэд чухал болохыг дурдав. Уг асуудлаар санал хураахад Байнгын хорооны санал дэмжигдэлгүй унаж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн дэвшүүлсэн зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын гаргасан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ийнхүү санал хураалт дууссанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн тухай дурдаад, Ажлын хэсгээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй ес, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой нэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн гараагүй тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингэснээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг явууллаа. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 17, найруулгын нэг, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй гурван санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураах үед төслийн 14.9-д, даатгуулагчид тусламж үйлчилгээ үзүүлэх сэргээн засах төв болон сувиллыг сонгох, гэрээ байгуулах, санхүүжүүлэх, тусламж үйлчилгээний чанарт хяналт тавих журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасныг дэмжихгүй тухай үндэслэлээ Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр илэрхийллээ. Тэрбээр уг заалт дахь журмыг сайд биш хамтын удирдлагатай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа дурдав. Түүний саналыг үндэслэн төслийн 14.9 дэх заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өглөө.

Зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуулийн төслүүдийн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцуулав. Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг зүйл бүрээр, Ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн талаар дурдаад, 2022 онд батлагдсан Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай нийцүүлж нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн үйл ажиллагааг эрхлэх этгээдэд олгох тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг нарийвчлан зохицуулах, төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд нэмэлт тэтгэврийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа болон хөтөлбөр бүртгэхтэй холбоотой баримт бичгийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх зэрэг санал дүгнэлтийг Нийгмийн бодлогын байнгын хорооноос танилцуулж байна гэлээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 42, найруулгын нэг, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут Байнгын хорооны хуралдааны үеэр ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн гишүүнчлэлтэй ажилтан, гишүүд өөр байгууллагад шилжсэн тохиолдолд тэтгэврийг шилжүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтын талаар болон ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан ажилтны сард төлөх шимтгэлийн доод хязгаарыг тогтоосон нь сайн дурын даатгалын зарчимтай нийцэж байгаа эсэх асуудлыг хөндсөн байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоны уг асуудлыг Улсын Их Хурлын чуулганы дараагийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар санал хурааж баталсан Улсын Их Хурлын тогтоолууд болон батлагдсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уншиж сонсгов. Засгийн газраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг өнөөдрийн санал хураалтаар баталлаа.

Мөн өмнө нь эцсийн хэлэлцүүлгийг явуулж баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонсгов. Түүнчлэн, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдаж гарсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд, “Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл