Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ерөнхий боловсролын сургуулийн номын санчид, тэргүүний уншигч хүүхдүүдтэй уулзлаа

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан өнөөдөр (2023.06.29) Парламентын номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцохоор ирсэн Ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудын холбооны төлөөлөл, “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” сурагчидтай уулзлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга соёл түгээгч номын санчид, номонд дуртай хүүхэд багачуудтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Улсын Их Хурлын чиг үүрэгт шинээр нэмэгдсэн нийгмийг соён гэгээрүүлэх чиг үүрэг, энэ талаарх олон улсын чиг хандлагын талаар танилцуулав. Монголын парламентын энэхүү соён гэгээрүүлэх чиг үүргийн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар хууль, тогтоомж сурталчлах, Үндсэн хууль, парламентат ёсны талаарх сургалт, сурталчилгаа зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж буйн дотор Парламентын номын санг олон улсын жишгийн дагуу нээлттэй, хүртээмжтэй, хүний хөгжлийн төв болгох хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Парламентын номын сан цаашид үе үеийн хууль тогтоогчдын оюуны өвийг тээж, уламжлуулан залгамжлуулах Улсын Их Хурлын уураг тархи байхын зэрэгцээ парламентат ёсны хөгжлийг хангах мэдлэгийн хөмрөг, нийгмийг хууль, эрх зүйт ёс, ардчилал, Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг, мэдээллээр соён гэгээрүүлэх үүргүүдийг чиг баримжаа болгон хөгжинө гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцлов. Үүний тулд номын сангынхаа бодлого, үйл ажиллагаа, үйлчилгээг стандартжуулах, цахим технологи нэвтрүүлэх, дотоод, гадаадын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааны анхны эхүүд зэрэг чухал, ховор сан хөмрөгүүдээрээ үзэсгэлэн гаргаж олон нийтэд сонирхуулдаг байх, хүүхэд, залуучуудын боловсрол, төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх хүний хөгжлийн төв байхад чиглэсэн зорилт, зорилгуудыг хэрэгжүүлж, шинэ үйлчилгээ нэвтрүүлж буй талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Түүнчлэн тэрбээр, Улсын Их Хурлын соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх чиг үүргийн хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байгаа “Парламентын боловсрол” хөтөлбөрийг номын санчид болон уншигч хүүхдүүдэд танилцуулж, хөгжил дэвшилд хүн бүр мэдлэг, мэдээлэлтэй оролцохын чухлыг дурдав.

Уулзалтад, Ерөнхий боловсролын сургуулийн 10 номын санч, нийслэлийн дүүргүүд, Дархан-Уул, Төв аймгаас уригдан ирсэн 10 тэргүүний уншигч хүүхэд оролцсон юм. Ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудын холбооны тэргүүн Т.Отгоо Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлж эхэлсэн номын сангийн хөгжлийн шинэлэг зорилтууд бүхий хөтөлбөрийн хэрэгжилтэд амжилт хүсч, “Парламентын боловсрол” хөтөлбөр, түүний дэд хөтөлбөрүүд болох “Өсвөрийн парламент”, “Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөрт идэвхтэй оролцохыг номын санчид, уншигч хүүхдүүдэд уриалав. Тус холбоо үйл ажиллагаандаа улсын хэмжээний нийт 800 гаруй ерөнхий боловсролын сургуулийн номын санчдыг хамруулж, тэднийг болон уншигч, сурагчдыг хөгжүүлэх, эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулж ажилладаг байна.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан уулзалтын үеэр хүүхэд байх үеэ дурсаж, номонд дуртай, “Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн” сурагч байснаа сонирхуулав. Уулзалтад, Улсын Их Хурлын тамгын газрын Судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Парламентын номын сангийн эрхлэгч С.Янжинхорлоо нар оролцож, номын санчид, уншигч хүүхдүүдэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачлан хэвлүүлсэн “Үндсэн үлгэр” номыг гардууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл