Цэс

Холбоо барих

“Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрт оролцогчид батламжаа гардлаа

Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Бодлогод залуусын хяналт” Төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр (2023.06.30) боллоо.

Парламентын ардчилал, хяналт шалгалтын бүрэн эрх, чиг үүрэг, түүний суурь зарчмууд болон Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх өргөн хүрээний сэдэв, агуулгыг хамруулсан тус хөтөлбөрийг Олон улсын парламентын өдрийг угтаж явуулсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцогчдод баяр хүргэж хэлсэн үгэндээ дурдсан юм. Тэрбээр, 2020-2024 оны Улсын Их Хуралд 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулж, парламентын хяналт шалгалтын шинэ тогтолцоо бүрдүүлж, хэвшүүлэх онцгой үүрэг, хариуцлага ноогдсон талаар онцолж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг анхнаас нь зөв хэрэгжүүлж, иргэд, олон нийтийн оролцоог хангах нь нэн чухал гэлээ. Тэрбээр Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганы онцлог, хэлэлцэн шийдвэрлэж буй асуудлууд, тэр дундаа Монгол Улсын Үндсэн хууль оруулсан өөрчлөлт, Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлт, нийгмийн даатгалын болон боловсролын реформ, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн үзэл баримтлалын талаар товч танилцуулав.

Улсын Их Хурал ард түмний төлөөллийн байгууллага тул хяналт шалгалтын бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэхдээ иргэд, олон нийтийн оролцоог хангаж, тэдний эрхийг хамгаалахад чиглэх учир үүнд мэргэшсэн сэтгүүлчдийн хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтой хэмээн Улсын Их Хурлын дарга чухалчилж, төр-иргэний хооронд гүүр болох сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

“Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” сургалтад оролцсон залуу сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид танхимын үндсэн болон Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцах сургалтууд, гурван удаагийн бямба гаригийн зочны лекцээр нийт 48 кредит цагийн агуулгыг судалсан юм. Ингэснээр хөтөлбөрт оролцогчид Монгол Улсын засаглал, төрийн байгуулалтын талаар, тэр дундаа Улсын Их Хурлын хянан шалгах эрх, үүргийн талаар мэргэшиж буй тул цаашид идэвхтэй хамтран ажиллахыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгйин дарга, доктор Л.Өлзийсайхан санал болгосон юм. Тэрбээр, Монгол Улс бол парламентын Бүгд Найрамдах Улс. Бидний сонгосон энэ зам бол хамтдаа улс эх орныхоо өнөө, ирээдүйг тодорхойлох, ард нийтээрээ олуулаа, ард түмэн засаглах зам бөгөөд асар их үнэ цэнэтэй болохыг тэмдэглэж, парламентын засаглал, парламентат ёсоо бэхжүүлэн төлөвшүүлэхийн төлөө хамтран зүтгэхээр залуус ирж байгаад маш их баяртай байна гэлээ. “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан байгууллага, хүмүүс, оролцогчдод хичээл орсон багш нар, эрдэмтэн судлаачдад тэрбээр талархал илэрхийлээд, сэтгүүлчдэд зориулсан хөтөлбөр үүгээр дуусахгүй, агуулга, хамрах хүрээг өргөжүүлж, цаашид тогтмол зохион байгуулна гэсэн юм.

Хөтөлбөрт оролцсон сэтгүүлч болон иргэний нийгмийн байгууллагын идэвхтэн залуус гурван багт хуваагдаж, тус бүр Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, түүний зохицуулалт,хэрэгжилтийн талаар богино хэмжээний видео контент бэлтгэснийг үзэж сонирхлоо. Хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Т.Амарзаяа сургалтын үйл ажиллагаа, чанар, ач холбогдлын талаар ярьж, Улсын Их Хурлын Тамгын газарт талархлын дурсгал гардуулсан юм. Оролцогчдыг төлөөлөн сэтгүүлч З.Энхбаяр. Г.Ариунболор, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Ц.Бодьцэцэг нар сэтгэгдлээ хэлж, багш нарын сургалт, дадлага ажлууд, зохион байгуулагчдын арга барил ихээхэн үр дүнтэй, өгөөжтэй болсныг ярилаа.

Хаалтын үйл ажиллагааг Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын зөвлөх С.Батбаатар удирдан явуулж, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Т.Амарзаяа нар хөтөлбөрт оролцогчдод батламж гардуулав.

Дараа нь хөтөлбөрт оролцогчдыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Төрийн ордон дахь албан өрөөндөө хүлээн авч, Тамгын газрын удирдлагын багийн гишүүдийг танилцуулав. Сэтгүүлч, олон нийтийн байгууллагын залуучууд Улсын Их Хурал, түүний Тамгын газар болон иргэний нийгмийн хамтын ажиллагааны хүрээнд цаашид явуулах хамтын ажиллагагааныхаа талаар Ерөнхий нарийн бичгийн даргатай чөлөөтэй ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл