Цэс

Холбоо барих

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.06.30) хуралдаан 10 цаг 45 минутад эхэлж, найман асуудал хэлэлцэхээр боллоо. Олон улсын парламентын өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дарга мэндчилгээ дэвшүүлэв. (бүрэн эхээр)


Эхлээд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Хууль зүйн байнгын хороо 2023 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан  1 санал хураасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн тогтоолын төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 2 санал хураасныг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн гэв. Ийнхүү нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, Байнгын хорооны танилцуулга болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн болохыг Ц.Сандаг-Очир гишүүн танилцууллаа.


Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Б.Баттөмөр гишүүн, хөтөлбөрийг баталсантай холбогдуулан олон хууль тогтоомжид өөрчлөлт орох шаардлага үүсч буйг хэллээ. Түүнчлэн олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, төрийн байгууллагууд ил тод байдлыг хангах, үйл ажиллагаагаа цахимжуулах асуудлууд хөтөлбөрт тусгагдсан нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа, үүний зэрэгцээ авлигын эрсдэлийг тооцдог механизм бүрдүүлэх, АТГ-ыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг санал хэлсэн юм. АТГ-ын үйл ажиллагааг орон нутагт өргөжүүлэх, тэр дундаа эдийн засгийн чухал үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь, Орхон зэрэг салбар байгуулах боломжийн талаар тодруулав. Авлигын эсрэг тэмцэх ажлуудыг орон нутагт идэвхжүүлж, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авдаг сүлжээ бүрдүүлж, холбогдох хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдээд 8 орчим жил болж байгааг Байнгын хорооны дарга Б.Энхбаяр хариуллаа. Цагдаагийн байгууллага шиг орон нутаг бүрд салбар байгуулах асуудал бол хууль, тогтолцооны хүрээнд иж бүрнээр яригдах, Засгийн газраас шийдэх боломжтой гэлээ. Ийнхүү гишүүн асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 40 гишүүний 95 хувь нь дэмжиж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Тус тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Энэ удаа 11 зорилгыг дэвшүүлэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталлаа. Энэ хүрээнд улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх манлайлал, ил тод байдлыг сайжруулна. Олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид, ёс зүйт нийтийн албыг бэхжүүлэх зорилгыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ. Иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүл зүй, мэргэжлийн хяналт, төрийн хяналтын байгууллагууд хяналтын хэвтээ тогтолцоонд шилжиж байгааг сая баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-өөр баталгаажуулж байна. Төр дангаараа авлигын эсрэг тэмцэх биш бүх нийтээр, хамтын хүчин чармайлтаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Улсын Их Хурлаас баталж буй бүх хууль, тогтоолд авлигатай тэмцэх үзэл санааг багтаасан байгаа. Энэ чуулганыг авлигатай тэмцэх хууль, эрх зүйн орчныг сайжруулсан чуулган болно гэдгийг хэлж байв. Энэ зорилтоо бид өнөөдөр нэг алхмаар үргэлжлүүлж, олон нийтийн шүүмж, хөндлөнгийн судалгааны байгууллагуудын үр дүнд нийцүүлэн төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байх нөхцөлийг хангаж энэ өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг өнөөдөр баталлаа” хэмээн хэлэв. (бүрэн эхээр)


Дараа нь Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь тус тус танилцууллаа.

Аймгийн баяр наадмын тэгш ойд 256 бөх барилдах, улсын баяр наадамд амжилт гаргасан бөхөд олгох цолыг тодорхой болгох, улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр зохицуулах, аймгийн баяр наадамд үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авах, мөн хариуцлагын механизмыг Улсын баяр наадамтай адилтган авч үзэх, Үндэсний их баяр наадмын тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль хоорондын зөрчлийг арилгах, хуулийг нэг мөр хэрэглэх эрх зүйн орчныг бий болгох зэрэг зохицуулалтуудыг тусгаж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг үндэслэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулжээ.


Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны зургадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын d.parliament.m” цахим системд байршуулсан гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдав.

Байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.


Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Ганбаатар, Б.Бейсен нар асуулт асууж, хариулт авав. Үндэсний их баяр наадмыг хуулийн хугацаанд улс орон даяар тэмдэглэх асуудлын талаар, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулсан гишүүдийн асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хариулт өглөө. Үндэсний их баяр наадмыг жил бүр аймаг, сум долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, улсын баяр наадмыг долдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэхээр хуульчилсан. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд л өөр өдрүүдэд улс, аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх боломжтой бөгөөд улс, аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтоох зохицуулалттай гэв. Ингэхдээ аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх хугацааг наймдугаар сарын 10-ны өдрөөс хэтрүүлэхгүй байх ёстой аж. Энэ хуулийн хэрэгжилтийг бүх нийтээр хангаж ажиллах чиглэлийг орон нутгийн удирдлагуудад Шадар сайд хүргүүлээд байгаа гэв. Аймгийн наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг авч байх төслийн зохицуулалтыг онцлон, үндэсний их баяр наадмын үеэрх бөхийн барилдааны үеэр үүсч буй допингийн асуудлуудыг таслан зогсоох, баяр наадмын үйл ажиллагааг маргаангүй, шударга зохион байгуулахтай холбоотой асуудлуудаар гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Үндэсний их баяр наадмыг улс орон даяар шударга, эмх цэгцтэй зохион байгуулах ёстой бөгөөд үндэсний өв уламжлал гэдэг агуулгаар нь чухалчлан анхаарах нь зүйтэй гээд, төслийг хэлэлцэхийг дэмжив.


Ийнхүү гишүүд үг хэлсний дараа төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 61 хувь нь дэмжсэн тул Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтэрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулав.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр тогтоолоор “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан Мал эмнэлгийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасныг салбарын сайд танилцуулгадаа дурдаад мөн уг тогтоолоор “... Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгуулллагуудын жагсаалтад “Мал эмнэлгийн алба”-ыг нэмж оруулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан.


Түүнчлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын 2 дахь заалтын 4 дэх дэд заалтад “...өндөр ашиг шимт малын үр хөврөлийг гадаад улсаас нэгдсэн бодлогоор авах, үржил селекцийн ажилд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, малын удмын санг хамгаалах, мал үржүүлэг, технологийн ажлыг эрчимжүүлэх...;” арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан.

Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах талаар салбарын хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдээгүйгээс мал, амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалт нэмэгдэх, малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл олгоход тавих тусгайлсан нөхцөл, шаардлага тодорхой бус байгаагаас малыг өөрийн дур зоргоор үржилд ашиглаж, үүний улмаас малын үүлдэрлэг байдал, тэсвэрт чанар алдагдах, бие давжаарах, ашиг шим буурах нөхцөл байдал үүсээд байна. Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэх, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор мал аж ахуйн салбарын харилцааг зохицуулж байгаа Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны эрүүл мэнд, малын удмын санг хамгаалах, баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох талаарх зорилтууд хэрэгжих, мал эмнэлгийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болж, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах худалдааны түнш орнуудын шаардлагыг хангах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ төрийн байгууллагууд давхардуулан гэрчилгээ олгодог явдал үгүй болж, бизнес эрхлэх таатай орчин орчин бүрдэж, иргэдийн эрхийн баталгаа сайжрах аж.


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулав. Дээрх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Мал аж ахуйн салбарын хуулиудын давхардал, хийдэл зөрчлийг  арилгаснаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны эрүүл мэнд, малын удмын санг хамгаалах, баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох таатай орчин бүрдэнэ гэж үзэн хууль санаачлагчид хуулийн төслийг боловсруулан, d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байгаа юм байна.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн аж.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Идэрбат, Г.Тэмүүлэн, Н.Ганибал, С.Ганбаатар, О.Цогтгэрэл нар асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Малыг амьдаар нь экспортлох боломжийг нэмэгдүүлэх талаар тодруулсан гишүүний асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хариулт өгөв. Дорноговь аймгаас хонийг амьдаар нь экспортлож байгаа бөгөөд баруун, зүүн бүсээс экспортлох санал яригдаж байгаа гэлээ. Гэхдээ малыг хөлөөр нь экспортлохоос илүүтэй дотооддоо нэмүү өртөг шингээн боловсруулж, бүтээгдэхүүн болгон экспортлох нь зөв бодлого гэдгийг хэллээ. Махны экспортын талаарх асуултад Х.Болорчулуун сайд хариулахдаа,  экспорт өнгөрсөн оныхоос нэмэгдсэн бөгөөд 2023 оны эхний хагас жилийн байдлаар 40 мянган тонн мах экспортлоод байгаа, оны эцсийн гүйцэтгэлээр энэ тоо нэмэгдэнэ гэв. Түүнчлэн махны экспортын квотыг цуцалж, экспортын зөвшөөрөл олгох асуудлыг нэг цонхны бодлогод нийцүүлж, цахимжуулаад байгаа аж. Ирэх сарын 01-ний өдрөөс махны экспортын зөвшөөрлийг цахимаар олгох юм байна. Малын эм тариа, вакцины хангамжийн талаар тодруулсан Г.Тэмүүлэн гишүүний асуултад ажлын хэсгээс хариулт өгөв. Өнөөдрийн байдлаар манай улсад малын гурван төрлийн гоц халдварт өвчний асуудал үүсээд байгаа аж. Бог малын мялзан өвчний нөхцөл анхаарал татахуйц нөхцөлд хүрээд байгаа бөгөөд вакцинжуулалтын сарын төлөвлөгөө гаргаад ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар ерөнхий дархлаажуулалт 67 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэв. Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Н.Ганилбал, Ц.Идэрбат, Т.Энхтүвшин нар үг хэлсэн бөгөөд төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 55.3 хувь нь дэмжсэн тул Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтэрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.


Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 28 гишүүн энэ сарын 09-ний өдөр төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл  ажиллагааны мөрийн хөтөлбөр”-ийн 2.1-ийн 2.1.8-д “Эм, эмнэлгийн  хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлэн бүртгэл, хяналтын цахим тогтолцоог бүрдүүлнэ.” гэж заасан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас баталсан Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагын үүрэг, хариуцлагыг тодорхой болгох асуудал чухал гэв. Эрүүл мэндийн яам болон Азийн хөгжлийн банкны санаачлагаар 2017 онд “Монгол Улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа”-г дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон олон улсын Эрүүл мэндийн үйл ажиллагааны байгууллагын стандарт аргачлалын дагуу хийж гүйцэтгэжээ.

Судалгааны дүнд хамгийн хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмийн хүртээмж хангалтгүй байх ба улсын байгууллагын хангамж 53.6 хувь, хувийн байгууллагын хангамж 68.9 хувь, эмийн эргэлтийн сангийн хангамж 51.2 хувь байгаа аж. Үүнээс үзэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу зайлшгүй шаардлагатай эмийг 80 хувийн хүртээмжтэй байлгах зорилгод хүрэхгүй байна хэмээн төсөл санаачлагч танилцууллаа. Иймд эмийн хүртээмжийн хангалтгүй байдлын шалтгаан нөхцөлийг нарийвчлан судлах шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлах журам,  жагсаалт батлахтай холбоотой тулгамдаж буй асуудлыг тодорхойлон үе шаттайгаар судлах шаардлага тулгарсан гэв.

“Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар” хянан шалгах түр хорооноос “хүний эмийн чанар, стандартыг шалгах явцад эмийн үнийн асуудлыг нарийвчлан судлах, зах зээл дээр худалдаалагдаж байгаа болон Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн үнийн өсөлтийн бодит шалтгаан нөхцөлийн харилцан уялдаатайгаар хяналт шалгалтыг цаашид үргэлжүүлэн хийх шаардлагатай” гэх дүгнэлтийн дагуу цаашид эмийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах шаардлагатай байгааг Ж.Чинбүрэн гишүүн төсөл санаачлагчийн илтгэлдээ тэмдэглэлээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийн дүнг нэгдсэн чуулганд танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг боловсруулжээ. Нийгмийн бодлогын байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулахад 53.8 хувь нь дэмжиж “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл