Цэс

Холбоо барих

НББХ: Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай болон Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжив

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2023.07.04/ болж, Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайд нар, мөн Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний 154 байгууллагын санхүүгийн тайлан Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нэгтгэгдсэний 122-т нь дүгнэлт гаргаж, 31 байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, үйл ажиллагаа явуулаагүй нэг байгууллагыг аудитад хамруулаагүй байна. Дүгнэлт гаргасан 122 байгууллагын 105-д “Өөрчлөлтгүй”, 17-д “Хязгаарлалттай” дүн тавьжээ. Нийтдээ тайлангийн аудитын асуудлаар 38.0 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүний 26.0 тэрбум төгрөгийн зөрчилд 85 албан шаардлага хүргүүлж, 11.6 тэрбум төгрөгийн зөрчилд 173 зөвлөмж өгсөн байна. Мөн 400.0 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн 52 акт тогтоосон бол 1.3 сая төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах гурван саналыг дээд шатны төсвийн захирагчид хүргүүлжээ.

Нийцлийн асуудлаар 48.9 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 35.7 тэрбум төгрөгийн зөрчилд 55 албан шаардлага хүргүүлж, 13.2 тэрбум төгрөгийн зөрчилд 63 зөвлөмж өгч, 2.1 cая төгрөгийн зөрчилд төлбөрийн хоёр акт тогтоосон байна. Мөн нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой алдааг залруулж, зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллажээ.

Салбарын нийт төсөл, арга хэмжээний санхүүжилтийн гүйцэтгэл 90 хувьтай байгаа бол ажлын бодит гүйцэтгэл 68.9 хувьтай, бүрэн хэрэгжиж дууссан 15, хэрэгжилт дутуу болон хэрэгжээгүй 25 төсөл, арга хэмжээ байгааг Улсын Ерөнхий аудитор мэдээлэв.

Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 451 байгууллагын тайлан 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нэгтгэгдсэнээс 396-д дүгнэлт гаргаж, 54 байгууллагыг аудитын түүвэрт хамруулан, нэг байгууллага аудитад хамрагдаагүй байна. Дүгнэлт гаргасан 396 байгууллагын 329-д “Өөрчлөлтгүй”, 60-д “Хязгаарлалттай”, гуравт “Сөрөг” дүгнэлт өгч, дөрвөн байгууллагын тайланд дүгнэлт өгөхөөс татгалзжээ. Санхүүгийн тайлангийн аудитаар 161,5 тэрбум төгрөгийн 384 зөрчлийг арилгах, 11,2 тэрбум төгрөгийн 21 зөрчилд хариуцлага тооцох албан шаардлагыг тус тус хүргүүлж, 34,5 тэрбум төгрөгийн 491 зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх зөвлөмж өгч, 2,7 тэрбум төгрөгийн 278 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 0,4 тэрбум төгрөгийн гурван асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлжээ. Нийцлийн талаас 83,9 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, 65.6 тэрбум төгрөгийн 341 зөрчилд албан шаардлага, 18.4 тэрбум төгрөгийн 224 зөрчилд зөвлөмж өгч, 300.0 сая төгрөгийн 12 зөрчилд төлбөрийн акт тогтоосон байна. Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 730.5 тэрбум төгрөгийн алдаа илэрсэн байна.

Эрүүл мэндийн салбарын хэмжээнд төсөл, арга хэмжээний 2022 оны санхүүжилт 97.4 хувьтай байгаа боловч ажлын бодит гүйцэтгэл 82.5 хувьтай, хэрэгжилт дутуу болон хэрэгжээгүй төсөл, арга хэмжээний тоо 70 байна.

Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой гурван байгууллагын тайлангийн аудитын асуудлаар нийт 195.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бол Нийгмийн даатгалын сантай холбоотой 36 байгууллагын тайлан нэгтгэсэн тайланд нэгтгэгдсэнээс 32-т нь дүгнэлт гаргаж, дөрвөн байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан байна. Дүгнэлт гаргасан 32 байгууллагын 31-д “Өөрчлөлтгүй”, нэгд “Хязгаарлалттай” гэсэн дүн тавьж, санхүүгийн тайлангийн аудитын асуудлаар 174.6 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлснээс 174.0 тэрбум төгрөгийн зөрчилд 33 албан шаардлага, 600.0 сая төгрөгийн зөрчилд 38 зөвлөмж хүргүүлж, 6.6 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн 12 акт тогтоосон байна. Нийцлийн хувьд 7.1 тэрбум төгрөгийн зөрчил, нягтлан бодох бүртгэл, тайлагналын 300.0 сая төгрөгийн алдаа илрүүлжээ.

Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат цааш танилцуулахдаа, төсвийн ерөнхийлөн захирагч нар хэрэгжүүлсэн хөтөлбөр, тэдгээрийн үр дүн,   чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулахгүй байгаад анхаарах шаардлагатай дурдав. Түүнчлэн, Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг эрсдэлгүй байлгах зорилгоор төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулсан ч өсгөн нэмэгдүүлэх боломжийг ашиглаагүй, Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл байршуулаагүйгээс Засгийн газрын хэд хэдэн тусгай сангаас иргэн, хуулийн этгээдэд давхардуулан зээл олгосон нь чанаргүй болох эрсдэл нэмэгдэж байна гэлээ. Мөн, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг бодитой үнэлэх боломжгүй, гүйцэтгэл, хэрэгжилтэд тавьж буй захиалагчийн болон зохиогчийн хяналт үр дүнгүй, төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын нэгжээс хөрөнгө оруулалтад хяналт тавихгүй байгаагийн дээр төсөвлөлтийн шаардлага хангахгүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлж байгаа нь хөрөнгө оруулалтын үр өгөөж бууруулж байгааг анхааруулсан юм.

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, аудитаар илэрсэн зөрчилд хэрхэн хариуцлага тооцож байгаа болон Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хийж хэрэгжүүлэх боломжгүй болсон төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цаашид хэрхэх, мөн өсвөр насныхны бэлгийн боловсролыг сайжруулах энэ талаарх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх тухай, мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалин, хөлсний хэмжээ, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх, мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн аудитын дүгнэлтийн талаар асууж хариулт авсан юм.

Аудитаар илэрсэн зөрчилд тогтоосон акт, албан шаардлагыг хэрэгжүүлэх чиглэлээр дээд албан тушаалтанд нь тухайн албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан шаардлагыг өгдөг, үүний дагуу зохих хариуцлагыг хүлээлгэх асуудлыг шат шатны төсвийн одоо ерөнхийлөн захирагч нар, Засгийн газар дотооддоо зохион байгуулаад явах боломжтой хэмээн Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат хариулсан юм. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зарим заалт тодорхойгүйгээс үйл ажиллагаанд нь хүндрэл учирч буй байгууллагууд байгааг аудитаар тогтоож, агаарийн тээврийн сонгон шалгаруулалт, томилгоо болон цахим дэлгүүрийн худалдан авалт зэрэг хуулийн зарим зохицуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулсан талаар Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг мэдээлэв. Мөн тэрбээр, 2011 онд шавыг нь тавьж ажлыг нь эхлүүлсэн Геронтологийн үндэсний төвийн барилгын талаарх Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаагийн асуултад хариулахдаа, 6.0 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт оруулчихсан тус барилга шаардлага хангахгүй байна гэсэн аудитын дүгнэлтийг жил болгон гаргаж, танилцуулж байсан бөгөөд өнгөрсөн онд хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэсэн юм.

Аудитын зөрчилд тооцох хариуцлагын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар хариулахдаа, холбогдох арга хэмжээг авч, зарим асуудлыг хууль, шүүхийн байгууллагад, шаардлагатай тохиолдолд Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн талаар тайлбар хийсэн юм. Сумдын эрүүл мэндийн байгууллагуудын тайланг сайдын багцад нэгтгэж байгаа ч томилгоог нь сумын Засаг дарга нар хийдэг учир шууд арга хэмжээ авах боломжгүй байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дурдлаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд өнөөдрийн байдлаар 18.0 тэрбум орчим төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн үлдэгдэлтэй байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцуулж, Үндэсний аудитын газраас тус санд өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтэд яам хяналт тавьж байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа үг хэлж, Зүрх судасны эмнэлэг барих асуудлыг түргэвчлэх шаардлагатай байгааг онцлов. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, эмнэлгүүдийн ачааллын жигдрүүлэх, эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, эмийн үнэ тариф, хангамж, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг зөвлөлөө. Үүгээр Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Байнгын хорооны хорооны хуралдаанаар хэлэлцэж дуусаад, санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар боллоо.

Дараа нь Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, энэ бол хүнийг өвдсөний дараа хөөж эмчлэх бус, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх бүхий л талын харилцааг зохицуулах эрүүл мэндийн суурь хууль гэж хэлж болно хэмээн онцлоод, хуулийн төслийг богино хугацаанд сайн боловсруулж, өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт талархал илэрхийллээ.

Сайд С.Чинзориг хуулийн төслийн танилцуулгадаа, нийгмийн эрүүл мэндийн асуудлыг ихээхэн орхигдуулсан талаар өгүүлээд, олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын судалгаагаар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулж байгаа 1.0 ам.доллар ирээдүйд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах 40 хүртэлх ам.долларыг хэмнэдэг гэсэн үр дүн гарсныг дурдаж, өндөр хөгжсөн орнуудад эрүүл мэндийн салбарын нийт зардлын 60-аас доошгүй хувийг нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулж байхад Монгол Улсад энэ үзүүлэлт 19 хувьтай байгаа нь хангалтгүй юм хэмээлээ. Хуулийн төслийг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа ажилтнууд, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, эрдэмтэн, судлаач, доктор, ахмад ажилтан, эрдэмтэд, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан, гүйцэтгэх албан тушаалтнууд оролцсон 18 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, төслийг яамны цахим хуудас, d.parliament.mn-д байрлуулан, иргэд, олон нийтээс санал авчээ.

Хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үндэсний хэмжээний бүтэц, тогтолцоог бүрдүүлэх, боловсронгуй болгох, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт, илрүүлэлтийн нэгжийг  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх статистик, мэдээллийн нэгжтэй нэгтгэн Өвчний хяналт сэргийлэлтийн төвийг байгуулахаар заажээ. Мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх, хяналт тандалттай холбоотой зардал санхүүжилтийг улсын төсвөөс шууд санхүүжүүлэх, иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, салбар хоорондын зохицуулалтыг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахалж ажиллахаар тусгасан байна.

Эрүүл мэндийн сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, хуулиар өрхийн эмнэлгүүдийн үүрэг, ачаалал хэр нэмэгдэх, төсөв, санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн тооцож байгаа талаар асууж, нийгмийн эрүүл мэндийн асуудал хоол хүнсний хангамж, аюулгүй байдал, эрүүл хооллолттой холбоотой онцлон тэмдэглэсэн юм. Мөн Улсын их Хурлын гишүүн Б.Бейсен, эрүүл мэндийн салбарын байгууллага, удирдлагын тогтвортой байдлыг хангах шаардлагатай байгааг анхааруулав. Улсын их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, хуулийн төслийг боловсруулахад иргэдийн оролцоог хэрхэн хангаж, тэдний саналыг яаж тусгасан болон урьдчилсан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт ард иргэд идэвх, оролцоо ямар байсан, уг үзлэг, илрүүлэгт орсон иргэдээ эмчлэх, хүрээлэн буй орчин, эрүүл ахуй, биеийн тамирын багш, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах боловсон хүчнийг хэрхэн бүрдүүлэх талаар хэрхэн ажиллаж байгаа талаар асууж, хариулт авлаа.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын их Хурлын чуулганы хнэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Үүний дараа, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.

Дархлаажуулалтын тухай хуулийн 10.1-д “Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно” гэж заасан байдаг. Үүний ...В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар...” гэсний дараа “А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар” гэсэн нэмэлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна. А вируст гепатит бол халдварт шар, пневмококк нь уушгины хатгалгаа, хүний папиллома вирусийн халдвар нь умайн хүзүүний хавдар үүсгэгч хүний хөхөнцөр вирус юм.

Сайд танилцуулгадаа, Монгол Улсад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд А вируст гепатитын халдвар 2011 оноос өмнө жил бүр 9000 гаруй хүүхэд шинээр өвчилж, өвчлөгсдийн 70 гаруй хувийг 9 хүртэлх насны хүүхэд эзэлж байсныг дурдаад, тухайн онд Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж, дархлаажуулалтад хамруулж эхэлснээс хойш шинэ тохиолдлын тоо 21.5 дахин буурсан талаар мэдээлэв. Мөн тэрбээр, хүн амын дундах өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох амьсгалын тогтолцооны өвчлөлийн дотор уушгины хатгалгаа өвчин 51.2 хувийг эзэлж, пневмококкоор үүсгэгдсэн хатгалгаа хоёр хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл, нас баралтын гол шалтгаан болж байсныг 2016 оноос 13 цэнт вакцинаар дархлаажуулж эхэлснээр 26 хувиар буурсан хэмээлээ.

Мөн манай улсад, хүний папиллома вирусийн халдвар буюу умайн хүзүүний хорт хавдрын тархалт өндөр байгааг сайд танилцуулж, Зүүн Өмнөд Азийн орнуудад 100 000 хүн тутамд өвчлөлийн түвшин 10.9, нас баралтын түвшин 4.1 байгаа бол Монгол Улсад эдгээр үзүүлэлт 23.5, 10.2 байна гэсэн юм. Мөн тэрбээр, хууль батлагдсанаар улсын төсөвт шинээр дарамт үүсэхгүй бөгөөд шаардлагатай зардлыг сайдын багцад нэгэнт тусгаж баталсан байгаа талаар танилцуулж, анхны хэлэлцүүлгээр яаралтай батлуулахад дэмжлэг үзүүлэхийг Байнгын хорооны гишүүдээс хүсэв.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа асуулт тавьж, вакцины талаар тайлбар, тодруулга авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, энэ хуулийн төслийг нэн яаралтай батлах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж, дараагийн хэлэлцүүлгүүдийг яаралтай хийж өгөхийг Байнгын хорооны даргаас хүссэн юм. Энэ саналыг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин дэмжиж байгаагаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, дархлаажуулалтын үр дүн ямар байгаа, ямар өвнөөс урьдчилан сэргийлж байгаа талаар асууж, энэ талаар олон нийтэд мэдээлэх ажлыг эрчимжүүлэх, өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн замын халдварт өвчний тархалтыг бууруулах талаар идэвхтэй ажиллах шаардлагатайг дурдав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен хуулийн төслийг дэмжиж байгаа илэрхийлж, дархлаажуулалтын товлолт, вакцины хадгалалт хамгаалалт, хорогдол, нэр төрөл, зардал санхүүжилт холбоотой асуудлуудыг хөндөн ярив.

Улсын Их Хурлын гишүүд Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлсний дараа уг төслийг хэлэлцэх, эсэх талаар санал хураав. Хуулийг төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл