Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 26 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Хөтөлбөр соёрхон батлах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиудыг нийтэлсэн тул дээр нэрлэсэн  хуулиудад оруулсан нэмэлт, өөрчлөлттэй дэлгэрэнгүй танилцах боломжтой юм.

Харин Хөтөлбөр соёрхон батлах тухай Монгол Улсын хуулиар Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “2022-2023 оны зээлийн төлөвлөгөөний  Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталжээ.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай, Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай     Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг  нийтэлсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын 1 дүгээр хавсралтаар 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг баталж, тус хавсралтад дурдсан хугацаанд багтаан холбогдох  хууль тогтоомжийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулах ажлыг зохион байгуулахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж Төрийн ордны барилга байгууламж, нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны танхим, өрөө тасалгааны зохион байгуулалттай холбогдох зураг төсөл, техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн өөрчлөлт хийхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж, бусад шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт тус тус даалгажээ. Түүнчлэн тогтоолд тухайлан заасан арга хэмжээний хүрээнд хийх ажлын төлөвлөгөө гаргах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар баталсан байна.

Мөн эмхэтгэлийн дугаарт Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн  дүгнэлт, Монгол Улс болон Азийн хөгжлийн банк (АХБ) хоорондын 2022-2023 оны зээлийн төлөвлөгөөний  Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал,  Монгол Улс болон Азийн хөгжлийн банк (АХБ) хоорондын 2022-2023 оны зээлийн төлөвлөгөөний  Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр нь Монгол Улсын хөгжлийн зорилтууд болон “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан зорилтуудын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийн үед тулгамдаж буй асуудлууд болох боловсролын хүртээмж болон нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх зорилготой хийгдсэн бодлогын зээлүүд юм.

Дээрх ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зээл хоёр эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн санхүүжилт нь 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн хөтөлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй бол энгийн эх үүсвэрийн зээлийн санхүүжилт нь баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 0.5-0.75 хувийн нэмэгдэлтэй, 20-25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй хийгдсэн байна.

“Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр /2022-2023 оны зээлийн төлөвлөгөө/”-ний хэрэгжүүлэх төслүүдийн хүрээнд Хилийн үр бүтээмжийг сайжруулах тогтвортой худалдааг дэмжих, Бүс нутгийн Авто замыг хөгжүүлэх, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай эрчим хүчний цахилгаан дамжуулах агаарын шугам, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсвийн дэмжлэгийн зээлийн хөтөлбөр, Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгагджээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл