Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин хайлуур жоншны баяжуулах үйлдвэрийн нээлтэд оролцов

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо эрдэс баялгийн салбарт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ашигт малтмалыг түүхийгээр гаргахгүй байх, боловсруулалт, баяжуулалтын түвшинг ахиулах, улмаар ажлын байр, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, экспортыг өсгөх бодлого баримталж байна. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Төв аймгийн Баянцагаан сумын нутагт байгуулагдсан хайлуур жоншны баяжуулах үйлдвэрийн нээлтэд оролцох үеэрээ дурдсан юм.


Чулуут цагаан дэлийн жоншны орд газарт Монгол, Оросын геологичид 1970-аад оны дунд үед эрлийн ажил, геологийн зураглал хийж, 1978-1982 онд хуучнаар Чехословак Улсын геологийн нарийн мэргэжлийн байгууллага нарийвчилсан хайгуул хийн, нөөцийг тогтоожээ. Тус ордыг 1982 оноос “Монголчехметалл” ХХК ашиглаж, бүтээгдэхүүнээ ОХУ, БНХАУ-д экспортлож ирсэн бөгөөд 2020 оноос баяжуулах үйлдвэрээ барьж эхэлсэн байна.

Эрдсийн түүхий эдийг боловсруулах, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх төр, засгийн бодлогод нийцэж буйн зэрэгцээ сум, орон нутгийн хөгжил, иргэдийн болон өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг тус үйлдвэрийн нээлтийн үеэр Байнгын хорооны гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан нар онцолж байлаа.

“Монголчехметалл” ХХК-ийн баяжуулах үйлдвэр жилд 200 мянган тонн хүдэр боловсруулж, 97 хувиас дээш агуулгатай 64 мянга тонн жоншны баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Чулуут цагаан дэлийн уурхай 43 хувийн агуулгатай 3.7 сая тонн хайлуур жоншны нөөцтэй бөгөөд 2013 оноос явуулсан олборлолтын үр дүнд 30-35 хувийг агуулга бүхий 400 мянган тонн хүдрийн овоолго хуримтлагдаад байгаа аж. Энэхүү хуримтлалыг шинээр олборлох хүдэртэй хольж баяжуулан, 97 хувиас дээш өндөр агуулгатай баяжмал гаргах технологийн горимыг тус үйлдвэрт суурилуулсан байна.

Буталж, нунтагласан хүдрийг флотацийн аргаар хөвүүлэн баяжуулах үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмж, туршилт тохируулгыг БНХАУ-ын Xinhai групп хариуцан ажилласан байна. Үйлдвэрт 1.0 кг хүдрийг баяжуулахад 3.3 литр ус зарцуулах бөгөөд ашигласан усны 86 хувийг дахин ашиглах эргэлтийн усан санг байгуулсан байна. Мөн үйлдвэрээс гарах хуурай хаягдлыг барилгын материалын түүхий эдийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтой юм.

Уул уурхайн яаманд 10 гаруй жил, тус салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай “Монголчехметалл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Далай, баяжуулах үйлдвэрээс Мааньт өртөө хүртэлх 50 км шороон замыг 2021-2022 онд өөрийн хөрөнгөөр сайжруулж, Баян-Баянцагааны 35кВ-ын төвийн шугамаас 1.5 км цахилгаан дамжуулах шугам татаж улсын комисст хүлээлгэн өгсөн талаар танилцуулсан юм. Компанийн гүйцэтгэх захирал Д.Батбаяр, өнөөдрийн байдлаар Монгол Улс жилд 100 мянган тонн жонш экспортлодог бөгөөд баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр энэ үзүүлэлтийг 60 хүртэл хувиар нэмэгдүүлнэ гэлээ.

Төв аймгийн Баянцагаан сум домогт хурдан хүлгүүд, нэр цуутай уяач нар, Богд хаан тэргүүтэй ихэс ноёдын идээ шүүсийг бэлддэг байсан илүү нугаламтай Баянцагаан үүлдрийн хониороо алдартай. Чулуут цагаан дэлийн баяжуулах үйлдвэр байгуулагдсанаар сумын эдийн засагт дэм тус болно гэдгийг Төв аймгийн Засаг дарга Б.Мөнхбаатар дурдсан юм. Тэрбээр, Баянцагаан сумын нутагт Хүннү гүрнээс эхлээд Монголын түүхийн ховор, сонин дурсгал цөөнгүй бий. Хонин сүрэг, үүлдэр сайжирсан адуун сүрэгтээ түшиглэсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхийн зэрэгцээ “Монголчехметалл” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран аялал жуулчлал, дэд бүтцийг хөгжүүлэх боломж бий гэсэн юм.

Чулуут цагаан дэлийн жоншны уурхай болон баяжуулах үйлдвэрт нийт 280 гаруй хүн ажиллаж байгаагийн 100 орчим нь нутгийн иргэд юм. Өнөөдөр манай улсын нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 5000 ам.доллар орчим байна. Энэ үзүүлэлтийг өсгөн нэмэгдүүлэхийн тулд эрдэс баялгийн салбарт үйлдвэрлэл, боловсруулалтыг хөгжүүлж, Чулуут цагаан дэлийн баяжуулах үйлдвэрийн нэгэн адил нэмүү өртөг шингээх аж үйлдвэрлэлийг дэмжих нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой болохыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин дүгнэн тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл