Цэс

Холбоо барих

БОХХААБХ: Байнгын хорооны тогтоолыг баталж, өвөлжилтийн бэлтгэл ажил, намрын ургац хураалтын явцын талаарх мэдээлэл сонслоо


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.10.03/ хуралдаан 11 цаг 17 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж байгаатай холбогдуулан Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслийг татаж авах саналаа илэрхийллээ.

Хуралдаан Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Байнгын хороо аравдугаар сард Гэрийн тэжээвэр амьтны тухай, Органик бүтээгдэхүүний тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат “Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлж, дэд ажлын хэсгийг байгуулж, хуралдааны товыг урагшлуулах шаардлагатай” гэсэн саналтай байв. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн  63.6  хувь нь дэмжив.

Өвөлжилтийн бэлтгэл ажил болон намрын ургац хураалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо

Дараа нь Өвөлжилтийн бэлтгэл ажил болон намрын ургац хураалтын явцын талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл хийсэн юм.

“Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 279 дугаар тогтоол, Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил эрчимжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 03 дугаар албан даалгаврыг гаргуулан аймаг, нийслэлд хүргүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны А/499 дүгээр тушаалаар Мал аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр хангах, чиг үүрэг бүхий ажлын хэсэг, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг сайд мэдээлэлдээ дурдсан.

2023 онд нийт нутгийн 60 гаруй хувьд зуншлага сайн, 30 орчим хувьд нь дунд, 10 орчим хувьд муу гэж үнэлэгдсэн. Харин 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 50 орчим хувьд хүрэлцээтэй, 50 гаруй хувьд нь даац хэтэрсэн судалгаа гарсан. Бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны хаврын улиралд найман аймгийн 46 сумын 120 гаруй мянган га талбайд микробоилогийн аргаар тэмцэх ажлыг зохион байгуулсан нь бэлчээрийн ургамлыг ургаж эхлэх үед мэрэгч амьтдын хөнөөлд өртөхөөс сэргийлж, цаашлаад бэлчээрийн тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн гэв.

Улсын хэмжээнд 2023 онд 18.1 сая толгой төл хүлээн авч, 5.1 сая толгой малыг дотоодын хэрэгцээнд, 12.1 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулан 62.8 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн мэдээтэй байна.  Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүйн нөөц бүрдүүлбэл зохих өвс, тэжээлийн хэмжээг тогтоон хүргүүлсэн. Тогтоолын хүрээнд аймаг, сумын аюулгүйн нөөцөд нийт 21.5 мянган тонн өвс, 12.6 мянган тонн тэжээлийг бэлтгэхээс одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүйн нөөцөд 2105 тонн өвс, 425 тонн тэжээлийг бэлтгээд байна. Аймгууд тендер зарлах, гэрээ байгуулах шатандаа байна. Энэ онд улсын хэмжээнд малчдын түвшинд 2023 оны 9 дүгээр сарын 29-ний  өдрийн байдлаар 696.0 мянган тонн өвс, 232.5 тонн сүрэл, 7.8 мянган тонн ногоон тэжээл, 2.5 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 15.4 мянган тонн гар тэжээл, 534.6 тонн дарш, 19.5 мянган давс, хужир шүүг бэлтгэж, малчдын өвс, тэжээлийн бэлтгэл 42.8 хувийн гүйцэтгэлтэй байгааг Х.Болорчулуун сайд мэдээлэлдээ онцолсон.

Түүнчлэн тэрбээр, энэ онд улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 21 аймгийн 87 сумдад инженерийн хийцтэй 99 худаг шинээр барьж ашиглалтад оруулснаар 297.0 мянга орчим мал сүргийг усаар хангах ажлыг зохион байгуулсан  гэв.

Салбарын сайд мэдээлэлдээ, 2023 он гарсаар мал, амьтны гоц халдварт өвчний 192 голомт бүртгэгдсэнийг дурдахын зэрэгцээ бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг нийт 18.9 сая толгой бог хамруулахаас 73452 малчин өрхийн 17.6 сая толгой бог хамруулж 92.8 хувь, шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад 5.5 сая толгой мал, амьтан хамруулахаас 143538 малчин өрхийн 5.1 сая толгой мал, амьтан хамруулж 92.4 хувь, хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 4.6 сая богийг хамруулахаас 13846 малчин өрхийн 3.6 сая  толгой хонь, хурга хамруулж 79.6 хувийн гүйцэтгэлтэй тарилга хийгдэж байна гэж байлаа.

Хүнсний хангамж, аюулгүй байдал Үндэсний хөдөлгөөн”, Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд арилжааны 10 банктай гэрээ байгуулж, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 641 иргэн, аж ахуйн нэгжид  87.9 тэрбум, жимс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 552 иргэн, аж ахуйн нэгжид 21.6 тэрбум, нийтдээ 109.5 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна. Мөн хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр 175 иргэн, аж ахуйн нэгжид таван жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй 67.4 тэрбум төгрөгийн зээлийг зоорь, хүлэмжийн аж ахуй, услалтын систем, үтрэм байгуулах, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулаад байна гэв.

Мөн тэрбээр, Хөдөө аж ахуйн корпорац ТӨХХК-ийн долоон салбарын агуулахад мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт, шаардлагатай элеваторын хатаалга, авто пүү, цэвэрлэгээний тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийж ургац хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангаж, улаанбуудай хүлээн авах ажил эхлээд байгааг дурдахын зэрэгцээ тариалангийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор бордоо худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид ашигласан бордооны үнийн дүнгийн 30 хүртэл хувийг татаас хэлбэрээр буцаан олгохоор төлөвлөж, шаардагдах 3.9 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлсэн. Өнөөдрийн байдлаар буцаан олголтод хамрагдах хүсэлт ирүүлсэн 253 иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг цахимаар хүлээн аваад байна гэлээ.

2023 онд улсын хэмжээгээр  369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4  мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 629.6 мянган га-д тариалалт хийснийг сайд мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 28.6 мянган  га-гаас 37.9 мянган  тонн үр тариа, үүнээс 26.4 мянган  га-гаас 34.8 мянган тонн улаанбуудай, 9.2 мянган га-гаас 82.2 мянган тонн төмс, 6.6 мянган га-гаас 72.9 мянган тонн хүнсний ногоо, 20.0 мянган га-гаас 35.8 мянган тонн тэжээлийн ургамал, 9.0 мянган га-гаас 3.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авч,  ургац хураалтын явц үр тарианы тарималд  есөн хувь, төмс 51 хувь, хүнсний ногоо 50 хувь, тэжээл 18 хувь, тосны ургамал таван хувьтай явагдаж байгааг онцлон тэмдэглэв. 

Хур бороо ихтэй байгаагаас ургац хураалтын ажил технологийн хугацаанаас даруй 10-15 хоногоор хойшлох тул ургац хураалтад анхаарах технологийн зөвлөмжийг Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй хамтран боловсрууж тариаланчдад хүргүүлсэн. Засгийн газрын 2023 оны 9 дүгээр сарын 25-ний өдрийн ээлжит хуралдаанд ургацын урьдчилсан балансыг танилцуулж, улмаар ургац хураалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулахад Улсын ургацын комиссын гишүүд хариуцсан салбарынхаа чиглэлээр анхаарал хандуулж, салбар хоорондын ажлын уялдаа холбоог сайтар хангаж ажиллах талаар албан даалгавар гаргаж, комиссын гишүүдэд үүрэг, чиглэл өгч ажиллаж байгаагаа сайд мэдээлэлдээ дурдлаа.


Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар говийн нутгуудаар зуншлага тааруу байсан тул өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаад анхаарч салбарын яамнаас мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангахад бодлогын арга хэмжээ авах, эсэх, Улсын Их Хурлын гишүүн  Б.Бейсен хүнсний аюулгүй байдалтай холбоотойгоор дотоодод тариалсан хүнсний ногоо, улаан буудайн ургац нь хүн амын нийт хэрэгцээний хэдэн хувийг хангах төлөвтэй байгааг лавлаж байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал энэ жилийн өвлийн хүйтрэлийн төлөв байдлын дүн мэдээлэл гарсан, эсэх үүнтэй уялдаад өвөлжилт хүндрэх аймгуудад хадлан, өвс тэжээлийн зохицуулалтыг хэрхэн хийх, улмаар улсын өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, үйлдвэрлэлийн явц байдал, малын махны экспортыг нэмэгдүүлэх, булангийн орнуудад хэчнээн тонн өсвөр малын мах борлуулах талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн малын гоц, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх, малыг 100 хувь вакцинд хамруулах асуудал учир дутагдалтай байгаа шалтгаан, нөхцөлийг лавлаж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд салбарын яамнаас өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх асуудлын холбогдох журамд өөрчлөлт оруулахад анхаарах, хилийн боомтуудаар өвөлжилтийг давахааргүй малыг амьдаар нь гаргах өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд баримталж буй байр суурийг, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам салбартаа дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэхэд баримталж буй бодлогын талаар лавласан юм.

Салбарын сайд Х.Болорчулуун хариултдаа, “Өвөлжилтийн хувьд өвс, тэжээлээ бэлтгэх нь хамгийн чухал асуудал. Энэ жилийн хувьд ногоон тэжээл 42 хувиар илүү тариалсан бөгөөд тэр хэрээр ургац авах боломж байна. Одоогоор өвс, хадлангийн хураалт 43 хувьтай явна. Хадлангийн өвсийг энэ жил гадаадад экспортлохыг хязгаарласан" гэдгийг онцлов. Мөн тэрбээр, "Улсын хэмжээнд малын махны экспорт өссөн. Өнгөрсөн жил 16 мянган тонн малын мах экспортлож байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 46 мянган тонныг гаргаад байна. Мөн салбарын яам, Монголын махны холбоотой хамтраад экспортлох махны доод үнийг тогтоож холбогдох бодлогын шийдэл гаргасан. Тухайлбал, хонины махны доод үнийг киллограмм нь 3,5 ам.доллар гэж тогтоосон бөгөөд малын мах экспортлогч аж ахуйн нэгжүүд үнэ унагаах явдал гаргадаг тул, экпортлогч аж ахуйн нэгжүүдтэй хийх бодлогын гэрээнд нь доод үнээс доогуур малын мах гаргахгүй гэдэг асуудлыг тусгасан" гэсэн нэмэлт тайлбарыг өгч байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат "Малын мах, арьс ширний бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлж, үнэ өсгөх асуудлын гол үндэс нь малын эрүүл бүстэй болох, урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо бүрэн шийдвэрлэх асуудал байгаа юм. Иймд асуудлуудаа эрэмбэлж, нэн тэргүүнд Биокомбинат ТӨХХК-ийг шинэчилэх, дотооддоо малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг бүрэн үйлдвэрлэхэд төрөөс онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай" гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин "Төр, салбарын яамнаас эрүүл аюулгүй хүнсийг дотооддоо үйлдвэрлэхэд анхаарлаа хандуулж байгаагийн зэрэгцээ хөнгөн үйлдвэрийн салбараа орхигдуулж болохгүй. Хөнгөн үйлдвэрийн тухай хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцүүлж, чуулганаар батлуулах шаардлагатай байна. Энэхүү хуулийн төслүүдэд хөнгөн болон хүнд үйлдвэрийн салбарт хамаарах асуудлыг ч тодорхой зохицуулах нь чухал" гэсэн санал хэлсэн. 

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлсэн үгэндээ, өвөлжилтийн бэлтгэл ажил болон намрын ургац хураалтын явцын талаар мэдээлэл сонсож байгаа нь уг ажлыг эрчимжүүлэх, үр дүнд ахиц гаргахтай холбоотойг онцлоод  УИХ-ын гишүүдээс гаргаж буй оновчтой, тодорхой саналуудаар хуралдааны протоколоор чиглэл өгөх тул салбарын яамныханд дараагийн удаа үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл ирүүлэхийг даалгалаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл