Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 36 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Конвенцын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай Монгол Улсын хууль болон  Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол нийтлэгдсэн байна. Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протоколд ашиглалтад байгаа aгаарын хөлгийг хууль бусаар булаан авах, хяналтаа тогтоох үйлдэл, оролдлого, оролцооны хэлбэр, хүлээлгэх хариуцлага, гэмт үйлдлийн хамрах хүрээ, харьяалал, ялын байдал, төрийн байгууллагаас авах арга хэмжээ, улс орнуудын хамтын ажиллагааны зохион байгуулалт зэргийг илүү нарийвчлан тодорхойлсон. Эдгээр гэмт хэрэг үйлдэхийг завдах, хамтран оролцох, хэрэг үйлдсэний дараа тухайн этгээдэд туслалцаа үзүүлэх зэрэг үйлдлийг гэмт хэрэгт багтаасан. Мөн ашиглалтад байгаа агаарын хөлгийн хугацааг “газрын үйлчилгээний алба, эсхүл нислэгийн баг агаарын хөлгийг нислэгийн өмнөх бэлтгэл эхэлснээс хойш аливаа буулт хийсний дараа 24 цагийн хугацаанд” гэж уртасгасан, түүнчлэн гэмт хэргийн харьяалал тогтоохтой холбоотой нэмэлт заалтуудыг оруулсан ажээ.

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Хуулийн төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд уг тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаажээ.

Мөн эмхэтгэлийн шинэ дугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг(§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  зарим заалтыг тайлбарлах тухай  Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолууд нийтлэгдсэн байгаа тул эдгээр шийдвэрүүдтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл