Цэс

Холбоо барих

Хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо


Улсын Их Хурлын чуулганы 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.10.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.03 цагт эхэлж, УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаарх мэдээллийг сонслоо.

Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, хүүхдийн эрхийг хамгаалсан эрх зүйн орчныг бүрдүүлэх, энэ чиглэлээр баталсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай зэрэг хууль, тогтоол цөөнгүй байна. Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул хэрэгжилтийг хангах асуудалд зарим шинэчлэлийг хийх шаардлагатай байгааг онцлов.

Хүүхдүүд гэмт хэрэг, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртөж, эрх нь зөрчигдөх явдал даамжрах хандлагатай байна. Гэр бүл, сургуулийн орчинд хүртэл хүүхдийн аюулгүй байдлын баталгаа алдагдаж байна. Хүүхдийн эрх, хамгааллын эрх зүйн шинэтгэлийн үндсэн концепц нь төрийн бүх шатны байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид энэ талаар тодорхой үүрэг, оролцоотой байж, хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдсэн. Харамсалтай нь бүрдүүлж бий болгосон эрх зүйн орчин, хүүхдийн эрх, хамгааллын тогтолцоо үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй байна. Энэ нь өнөөдрийн нөхцөл байдлаас улам бүр ил болж байна. Хүүхдийн амьд явах, хөгжих, хамгаалуулах, оролцооны эрх байнга зөрчигдөж, тэдний өсөж, торних, хөгжих орчин нь аюул эрсдэл дагуулсаар байгааг УИХ-ын дарга онцлон тэмдэглээд энэхүү эрсдэлт үнэлгээг жил бүр хийж ёстой хүүхдийн байгууллагууд дорвитой ажиллахгүй байгааг анхааруулсан.

Түүнчлэн, хүүхэд мэндэлсэн цагаасаа 18 нас хүртэл эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, төрийн байгууллагын хамгаалтад байх эрхтэй гэж хуульд заасан. Хүүхдүүд маань аюулгүй амгалан тайван, ээлтэй орчинд өсөж, стандартын шаардлага хангасан цэцэрлэг, сургуульд сурч хөгжиж, хүмүүжих ёстой. Хууль, холбогдох дүрэм, журмаар үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтан энэ үүргээ сайн биелүүлж чадахгүй байна уу эсвэл бидний бий болгосон хууль, тогтолцоо, эрх зүйн орчин оновчтой биш байна уу гэж байлаа.

Мөн тэрбээр, сүүлийн 2-3 хоногийн хугацаанд D-parliament цахим хуудас болон УИХ-ын даргын нэр дээр иргэдээс олон санал, санаачилгууд ирсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчинг сайжруулах, согтуугаар жолоо барьж байгаа хүмүүсийн хариуцлагыг чангатгах, Барилга, хот байгуулалтын яам шинээр барих барилга, түүний орчны болон барилгын цонх, тагт, хаалтны стандартыг дахин харж, хүүхдэд ээлтэй, аюулгүй байдлыг хангасан шинэ стандарт гаргаж чанд мөрдүүлэх хэрэгтэй байна. Нийслэл, аймаг, дүүргийн гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хийх шаардлагатай байна. Хүүхдийн асуудлыг эмэгтэйчүүд эрэгтэйчүүд, эсвэл аль нэгэн байгууллагын хэмээн бие биерүүгээ түлхэн, мэтгэлцэж суух цаг биш. Харин асуудлыг цогцоор нь харж шийдлүүд гаргах нь зүйтэй. Хүүхдүүд эндээд байна. Асуудлаа тодорхойлоод бүгд хамтарч ажиллах, урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаа шинэ шатанд гаргах хэрэгтэй. Ийм учраас энэ удаагийн мэдээллийг сонсохоор болсон гэлээ.

УИХ-ын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд, Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудал бол зөвхөн нэг байгууллага, нэг салбарын хийх ажил биш юм. Салбар хоорондын уялдаа холбоо, ажиллагаа чухал гэдгийг тодотгосон. Мөн боловсролын салбарт багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, захирал Хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаар тодорхой үүргүүдтэй байгаа. Үүүнээс гадна сургуулийн автобусны хүрэлцээг сайжруулах, сургалтын хөтөлбөрт гэр бүл, хүүхэд хамгааллын талаарх мэдлэг олгох агуулгыг багтаан, хүүхэд залуучуудад багаас нь өөрийгөө болон үе тэнгийнхнээ хамгаалах арга барил, мэдлэгийг олгох ёстой. Хүүхдийн тоглох талбай, чөлөөт цагаа өнгөрөөх хамгаалагдсан орчин, аюулгүй алхах орон зай үндсэндээ алга байна. Үүнийг засаж сайжруулахад төрийн байгууллагууд онцгой анхаарах хэрэгтэйг онцгойлон анхааруулсан юм.

Ингээд Хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийв.


Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын хүн ам 3.457.548 болж өмнөх оноос 1.4 хувиар өсөж, нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 буюу 1.252.049 хүүхэд байна. Монгол Улсад 2022 оны байдлаар 941,5 мянган өрх бүртгэгдэж, өмнөх онтой харьцуулахад 2.3 хувиар өссөн. Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 65090 эх амаржиж, 67874 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос амаржсан эх 8.5 хувиар, төрсөн хүүхэд 8.1 хувиар тус тус буурчээ. Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 1413 цэцэрлэгт 266.024 хүүхэд, төрийн болон хувийн өмчийн 859 ерөнхий боловсролын сургуульд 746.405 хүүхэд суралцаж байна. Бүтэн өнчин 2911, хагас өнчин хүүхэд 36.363, үрчлэгдсэн хүүхэд 1478 байна. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд амьдарч байгаа 460344 хүүхэд буюу нийт хүүхдийн 35.4 хувь байна. Хүнсний эрхийн бичигт 76063 хүүхэд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгож байгааг онцолсон.

Өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд гарсан ахиц дэвшил цөөнгүй байгааг салбарын сайд онцлоод салбар бүр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр анхаарч ажиллах шинэ хандлага, хамтын ажиллагаа бий болсон. Хүүхэд, гэр бүлийн салбарт мөрдөгдөх 50 гаруй дүрэм, журам, стандартыг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг үе шаттай нэмсэн гэж байлаа.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, төрийн үйлчилгээний бүтэц болгож, программын гуравдугаар шатны шинэчлэлийг хийж, утас, чат, мессежээр дуудлага, мэдээлэл хүлээн авч байна. 2017 оноос хүчирхийллийн хохирогчид аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгжийг тав дахин нэмэгдүүлж, 20 түр хамгаалах байр, 15 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. Улсын хэмжээнд 737 хамтарсан багт 6008 гишүүн ажиллаж байна. Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог шинэчлэн байгуулж, 30 хорооны 514 гишүүн холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Хүүхэд, гэр бүлийн салбарт хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх эрх бүхий улсын байцаагчийг бэлтгэж, 36 албан хаагч давхар чиг үүрэгтэй ажиллаж байна. Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын магадлан итгэмжилж, 2018 оноос хүүхэд хамгааллын үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж эхэлсэн гэв.


Хүүхэд хамгааллын үйлчилгээний шинэчлэлийг хийж тодорхой үр дүнд хүрсэн хэдий ч тулгамдсан зарим асуудал байсаар байгааг Х.Булгантуяа сайд онцлон тэмдэглээд нийгэмд гарч байгаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зүгээс үйлдэгдсэн байна гэсэн юм. Хүүхдийн тусламжийн утсанд 2022 онд 117000 дуудлага мэдээлэл, 2023 оны есөн сарын байдлаар 78310 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. 2023 оны 9 сарын байдлаарх хүүхэд хамгааллын 10996  дуудлагын шийдвэрлэлт 61.5 хувьтай байна. Хүүхдийн тусламжийн 108 утасны зорилтот дуудлага 67 хувьд хүрч, иргэд, олон нийт, хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэн, ажилтнууд, айл хөрш, хүүхдийн зүгээс хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлэх, зөвлөгөө авах төрлийн дуудлага сүүлийн жилүүдэд  өссөн гэж байлаа.

Түүнчлэн цахим орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулах шаардлагатай байгааг салбарын сайд онцлохын зэрэгцээ Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны тайланд хүн амын 99.7 хувь нь гар утасны хэрэглэгч, интернэт ашиглалт 61 хувь, сошиал медиа хэрэглэгч 78.7 хувь, кибер аюулгүй байдлын индекс 46.5 хувьтай байна. ITU, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжид хүүхдийн өдөрт интернэтэд зарцуулах хугацааг 120 минутаас ихгүй байлгахыг зөвлөдөг. Гэвч 13-18 насны хүүхдийн нийгмийн сүлжээ ашиглахад зарцуулж буй дундаж цаг 231 минут байна. Ялангуяа эцэг, эхчүүд хүүхдээ саатуулах зорилгоор гар утсаа өгч хэрэглүүлдэг бөгөөд энэ нь интернэт, сошиал медиа эрт хэрэглэж эхлэх суурь шалтгаан болж байгааг мэдээлэлдээ дурдсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд мэдээлэлдээ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгаалал, асрамж, дэмжлэг, ээлтэй орчин бүрдүүлэх асуудлыг хойш тавилгүй шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгааг дурдаад улсын хэмжээнд байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй 11,818 хүүхэд байна гэв.

Монгол Улсын хэмжээнд 21 байгууллагын 30 асрамж, халамжийн төв үйлчилгээ үзүүлж, 18 хүртэлх насны 974 хүүхэд, 19-21 насны 86 залуу үйлчилгээ авч байна. Нийт хүүхдийн 8.1 хувь нь буюу 86 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-д төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд 130 хүүхэд, Хүүхдийн төв сувилалд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүн 19-34  насны хүн өнөөг хүртэл амьдрах тохиолдол байна. БШУЯ-ны мэдээллээр 2022-2023 оны хичээлийн жилд 7171 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг  таван аймагт байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг боловсруулж байна гэж байлаа.

Мөн хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн орчин бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг сайд мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хүртээмж бага, 5-18 насны нийт хүүхдийн 12 хувь нь хөгжлийн үйлчилгээнд хамрагдаж байна. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн дэргэд 532 дотуур байранд 35077 хүүхэд амьдарч байна. Ерөнхий боловсролын сургууль дотроо спорт заалгүй 201 сургууль, урлагийн заалгүй 446 сургууль байна гэсэн юм.

2022 онд улсын хэмжээнд 135 сургууль буюу 20,7 хувь нь хүүхэд тээвэрлэх автобустай, 515 сургууль огт автобусгүй байсан бол 2023 оны байдлаар улсын хэмжээнд 292 сургууль хүүхэд тээвэрлэх автобустай болсон байна. Үүнээс төрийн өмчийн 72 сургууль, төрийн бус өмчийн 220 сургууль автобустай. Төрийн өмчийн ерөнхий боловсролын 650 сургуулиас 560 нь гадна камертай, огт камергүй 90 сургууль байх бөгөөд дотор камертай 589 сургууль, огт камергүй ерөнхий боловсролын 61 сургууль байна. Засгийн газрын шийдвэрээр 2022 оноос цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн нь бага насны хүүхдийн хөгжих, хараа хяналттай байх, эцэг, эх ажлаа хийх боломжийг бүрдүүлснийг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

Түүнчлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулж,  уг санд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 12,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлээд байгаа аж.

Мөн Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийг жил бүр нэмэгдүүлж, 2021 оноос тогтмол 8.0 тэрбум төгрөг төсөвлөн хэрэгжүүлж байгааг дурдаад хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, төрөл хэлбэр, үйлчилгээнд суурилсан санхүүжилтийг холбогдох аргачлал, нормативын дагуу олгох боломжтой болсон. Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн зардлын 2022-2023 оны төлөвлөлтийг авч үзэхэд, хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээний зардалд 2022 онд 3,883 тэрбум, 2023 онд 5,7 тэрбум, шуурхай тусламж үйлчилгээний зардалд 2022 онд 467 сая, 2023 онд  348 сая, урьдчилан сэргийлэх зардалд 2022 онд 3,075 тэрбум, 2023 онд 1,8 тэрбум төгрөг тус тус хуваарилсан. Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн зардлын зарцуулалтад аудит хийхэд холбогдох хууль, журмыг мөрдөөгүй, гүйцэтгэлд суурилсан зардлын төлөвлөлт хийдэггүй, санхүүгийн сахилга бат сул зэрэг хэд хэдэн зөрчил гарсан. Цаашид холбогдох хууль, журмыг мөрдүүлэх, хариуцлага тооцох, алдаа зөрчлийг арилгуулахад онцгой анхаарч ажиллана. 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлд хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж, 14.3 тэрбум төгрөгийг тусгаад байгааг Х.Булгантуяа сайд мэдээлэлдээ онцолсон.

2020 онд хийсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр нийгмийн ажлын чадавх сул, мэргэжлийн удирдлага хангалтгүй, кейс менежментийн арга зүйг тодорхой болгоогүй, хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, авах хариу арга хэмжээ, үйлчилгээ хөгжөөгүй, үйлчилгээний зураглал тодорхойгүй, хүний нөөц, санхүүгийн нөөц дутагдалтай, хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээллийг багтаасан хүүхэд хамгааллын дижитал мэдээллийн удирдлагын систем хөгжөөгүй зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг тодорхойлсон. Иймд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулж УИХ-д өргөн мэдүүлэхээр, цаашлаад Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн найруулахаар ажиллаж, холбогдох судалгаа, шинжилгээг хийж, хэлэлцүүлгүүд өрнүүлж байна гэв.     

Хүүхдийн эрх, хамгаалалын асуудалд цаашид авах арга хэмжээний талаар салбарын сайд мэдээлэлдээ, Хүүхэд, гэр бүлийн салбарт хүний нөөцийн тогтвортой байдал алдагдсан, цалин урамшуулал, нийгмийн баталгааны хөтөлбөр хэрэгжүүлэх ажлууд хийгдээгүй өнөөг хүрснийг дурдаад сум, хорооны хамтарсан багийн гишүүдийн 60 гаруй гаруй хувь нь солигдож, зарим хороо, суманд нийгмийн ажилтангүй, хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлэх ажил орхигдож байгааг онцолсон.

Иймд хүүхэд, гэр бүлийн салбарын хүний нөөцийн тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, гадаад, дотоодын урт, богино хугацааны сургалтад хамруулж мэргүүлэх, нийгмийн баталгааны хөтөлбөр хэрэгжүүлэх, Аймаг, сумын Засаг дарга хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, нийгмийн ажилтны тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааны стратегийг боловсруулж боловсрол, соёлын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, Хүүхдийн эрхийн мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх, Хүүхдийн цахим бүртгэлийн санг хөгжүүлэх, Эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг сайжруулах, гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөрийг насан туршийн боловсролоор дамжуулан олгох, хүүхэд, өсвөр үеийнхэнд гэр бүлийн боловсрол олгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, төрөөс олгож буй нийгмийн халамжийн тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохдоо “хүүхдийн эрх, хамгааллын сургалтад хамрагдсан байх” шалгуурыг тусгаж, хэрэгжүүлэх, Өрхийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг бүрэн цахимжуулж, бусад үйлчилгээний сантай холбох, үүрэн холбооны оператор компаниудтай хамтран “Хүүхдийн дугаарын бүртгэл” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулах, Монгол Улсад түгээмэл хэрэглэгддэг нийгмийн сүлжээний Facebook, Instagram, TikTok, Google платформын аюулгүй байдлын болон нууцлалын тохиргоо хийх зааварчилгааг монгол хэл дээр гаргах, бүх шатны соёлын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх хүүхдийн сэтгэл зүйн онцлог, чадварт нийцсэн хөгжлийг дэмжих соёлын олон талт бодлого, арга хэмжээний төлөвлөгөө батална гэж байлаа.

Мөн өсвөр насны хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлоход хүргэж буй хүчин зүйлийг тодорхойлж, эрсдэлийг бууруулах, хүүхэд, эхчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, үзлэг оношилгоог хийхдээ хүчирхийлэлд өртсөн эсэхэд ажиглалт, хяналт тавьж ажиллах, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллагад холбон зуучлах талаар эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын ойлголт, мэдлэгийг сайжруулж, хариуцлагыг нэмэгдүүлэх, шинээр баригдаж буй барилга, байгууламж болон замын засвар, үйлчилгээг стандартын дагуу хийж гүйцэтгүүлэхэд хяналт тавьж, хүүхэд, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, хүүхдийн тоглоомын талбай, орон сууцны гэрэлтүүлэг, цахилгааны сүлжээний аюулгүй байдалд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, шаардлагатай засвар үйлчилгээг хийх, барилгын цонх Ерөнхий шаардлага MNS 5802:2007 стандартад далавчны нээгдэх хувилбаруудад хүүхэд унаж гэмтэх, амь насаа алдахаас сэргийлсэн  хязгаарлалтыг тогтоож, онгойлгох хэмжээг нарийвчлан тусгах, хамгаалалт тор байрлуулах зохицуулалтыг нэмж тусгах, байгууллагуудад “Эцэг, эхийн зөвлөл"-ийг байгуулан Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, хүүхдийн эрх, хамгаалал, нас, сэтгэхүйн болон хөгжлийн онцлог, хүмүүжлийн эерэг арга, гэр бүлийн харилцаа зэрэг сэдвүүдээр сургалт, сонсголыг тогтмол зохион байгуулж хэвшүүлэх арга хэмжээ авна.

Түүнчлэн замын далан, ухсан нүх, суваг, шуудуу, траншей, худаг орчимд анхааруулах тэмдэг байршуулах, таглаж битүүлэх, эрсдэл бүхий орчныг камерын хяналтын системээр бүрэн хангах, сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбайн тоног төхөөрөмж, тоглоом хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх орчны гэрэлтүүлгийг сайжруулж, ажлыг зохион байгуулна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тайван зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор UB CAB такси үйлчилгээний компанитай хамтран ажиллаж, хууль тогтоомжийн дагуу такси үйлчилгээг камержуулах ажлыг тодорхой үе шаттайгаар нэвтрүүлнэ гэдгийг сайд мэдээлэлдээ онцлон дурдлаа.

Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар болон холбогдох төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцож, гишүүдийн асуултад хариулсан.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Б.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн, Т.Доржханд, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, С.Ганбаатар, П.Анужин, Д.Өнөрболор, А.Адъяасүрэн, М.Оюунчимэг нар үг хэлэв.  

Гишүүд хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах, Эрүүгийн хуульд хүүхдийн эрхийг зөрчсөн, аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах нь чухал гэхийн зэрэгцээ Засгийн газраас өнгөрсөн парламентын үед өргөн мэдүүлээд татаж авсан Гэр бүлийн тухай хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхэд Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарах, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн бүлгээс 2021 онд өргөн барьж, хэлэлцүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг батлах нь  зүйтэй гэсэн саналтай байлаа.

Түүнчлэн иргэдээ ажилтай, орлоготой болгох, орлогыг нь нэмэгдүүлэх, өрх тэргүүлэх залуучуудаа гэр бүлээ аваад явах чадавхтай, сэтгэлийн тэнхээтэй, амьдралын зорилго мөрөөдөлтэй болгох, эмэгтэйчүүдийн суурь асуудлыг шийдэж, эх болоход нь бэлтгэх асуудлыг цогцоор нь шийдвэрлэхгүйгээр хүүхэд хамгааллын асуудлыг шийдэж чадахгүй. Нөгөөтээгүүр, 2017 оноос хойш УИХ-аас хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийг жил бүр нэмэгдүүлэн урсгал зардалтайгаа нийлүүлэн тооцвол 12 тэрбум төгрөг төсөвлөсний зэрэгцээ хууль тогтоолыг ч цөөнгүй баталсан. Иймд салбарын яам зохион байгуулалт, зохицуулалт ажлын уялдаа, холбоогоо сайжруулж эрчимжүүлэх, улмаар хүүхэд хамгааллын асуудалд урт хугацааны цогц бодлого гарган, анхаарч ажиллах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар  хэлсэн үгэндээ, хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар УИХ сүүлийн хоёр жилийн турш удаа дараагийн сонсгсол, хэлэлцүүлгийг зохион байгуулж, УИХ, Байнгын хорооны холбогдох тогтоолуудыг баталж ирснийг тодотгоод өнөөдөр үүний хэрэгжилтийг хангаж ажиллах нь чухал байна гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан нараас гаргасан саналын дагуу Хүүхдийн эрхийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахыг холбогдох Байнгын хороонд даалгалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл