Цэс

Холбоо барих

Ерөнхий сайдын мэдээллийн цагаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.10.06) үдээс хойших нэгдсэн хуралдааны “Ерөнхий сайдын мэдээллийн цаг”-т Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газар хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбохыг нэн тэргүүнд чухалчилж, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд анхаарч буйг дурдаад, үүний үр дүнд манай улс 2023 онд Дэлхийн банкнаас гаргасан логистикийн индексээр 30 байраар урагшилж 97 дугаар байранд орсныг танилцуулав. Зам, тээврийн салбар 2023 оны эхний есөн сарын байдлаар нийт 75 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 86 хувиар өссөн дүн юм. Агаарын тээврээр энэ хугацаанд 1,3 сая зорчигч тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад олон улсын зорчигч тээвэр 137 хувиар, орон нутгийн зорчигч тээвэр 27 хувиар тус тус өсчээ.

Сайд мэдээлэлдээ, Монгол Улс Ази Европын Европыг холбосон транзит улс болохыг зорьж байна гээд, нийт 14 улстай авто тээврийн хэлэлцээр байгуулсны дотор БНХАУ-тай байгуулсан хэлэлцээрийг шинэчилснийг тэмдэглэв. Ингэснээр захиалгат тээвэр буюу аялал жуулчлалын зорилгоор зорчих зорчигч тээвэрлэлтийг наймаас дээш хүний суудалтай тээврийн хэрэгслээр Бээжин, Тяньжин, Хөх хот болон бусад хотууд руу хийх боломж бүрдээд байна. Мөн, далайн боомтоос, эсхүл далайн боомт руу Хятадын нутгаар дамжин чингэлэг тээвэр хийх нөхцөл бүрдсэн төдийгүй монгол тээвэрчид өмнөд хөршийн нутгаар дамжин Казахстан, Киргизстан улсуудад нэвтэрч, Европын орнууд руу тээвэр хийх боломж бий болжээ.

Мөн Европын холбооны гол транзит улс Польштой авто тээврийн хэлэлцээр байгуулж, Европ руу гарах тээврийн гарцыг нэмэгдүүлсэн бөгөөд ойрын хугацаанд ХБНГУ, Гүрж, Узбекстан улсуудтай хэлэлцээр байгуулахаар тохиролцсон байна. Урд хөршийн Эрээн, Такешикен, Өрөмч зэрэг хил орчмын бүс хотууд руу манай иргэд суудлын автомашинтайгаа зорчих боломж нээхээр ажиллаж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулгадаа онцоллоо.

Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг бай байгуулах хүрээнд Гашуун сухайтын боомтод жилд 10.0 сая тонн нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ашиглалтад оруулсан бөгөөд үүнд жолоочгүй автомат удирдлага бүхий Эй Жи Ви тээврийг нэвтрүүлж өдөрт 320 гаруй чингэлгээр ачаа экспортолж байна. Шивээ хүрэн боомтод мөн чингэлэг тээврийн терминал шинээр ашиглалтад оруулжээ. Монгол Улс нэгдэн орсон Олон улсын Хуурай боомтын конвенцын хүрээнд Замынүд, Улаанбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ховд, Чойбалсан, Сайншанд, Бичигт гэсэн цэгүүдэд хуурай боомт байгуулж, экспорт, импортыг нэмэгдүүлэхээр Дэлхийн банк, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран судалгаа хийх, ТЭЗҮ боловсруулах ажыг эхлүүлсэн байна. Энэ бүхний үр дүнд цар тахлын үетэй харьцуулахад тээврийн зардал 7-8 дахин хямдарчээ.

Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан олон улсын болон дотоодын нислэгийн чиглэл давтамжийг нэмэгдүүлжээ. Өнөөдрийн байдлаар манай улс дэлхийн 42 улстай агаарын тээврийн харилцааны хэлэлцээртэй болж, дэлхийн 115 цэг рүү шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн байна. Энэ 2023 онд гэхэд Катар, Грек улсуудтай хэлэлцээрийг байгуулсан бөгөөд АНУ-тай Опен Скай хэлэлцээрт гарын үсэг зурснаар сүүлийн 20 жил яригдсан Монгол-АНУ-ын хооронд шууд нислэгтэй болох асуудал бүрэн шийдэгджээ. Эхний ээлжид ирэх оны эхний хагаст багтаан Сан Франциско хот руу, цаашдаа бүх хотууд руу болон АНУ-аас Монгол руу нислэг үйлдэх юм. Ингэснээр тийзний үнэ одоо байгаагаас хоёр дахин хямдарч, 1000-1500 орчим ам.доллар болох бөгөөд нислэгт зарцуулах хугацаа 10-12 цаг болж, одоогийнхоос 3-4 дахин богиносох юм. Ойрын үед Кувейт, Унгар, Их Британи, Испани, Латви улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа аж. БНСУ-тай байгуулсан агаарын тээврийн харилцааны хэлэлцээрээр долоо хоногт 10 нислэг хийдэг байсныг 70 буюу өдөрт дунджаар 10 нислэг хийх боломж бүрдүүлж, аялал жуулчлалын оргил ачааллын үед одоо өдөрт 12 хүртэл нислэг хийж байна. Япон-Монголын хооронд долоо хоногт 61, Монгол-Туркийн хооронд 28 нислэг үйлдэхээр хэлэлцээрийг тус тус шинэчилжээ.

Орон нутгийн нислэгийг сэргээж, Засгийн газраас зохих нөхөн олговортойгоор нислэг үйлдүүлэхээр шийдвэрлэсний үр дүнд өнөөдрийн байдлаар Өлгий, Ховд, Улиастай, Улаангом, Алтай, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад гэсэн найман чиглэлд, 2-2.5 дахин хямдаар нислэг үйлдэж байна. Энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар орон нутгийн нислэгээр нийтдээ 310 мянган зорчигч тээвэрлэжээ.

Агаарын тээврийн либералчлалын хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулахаар ажиллаж, Өндөрхаан нисэх буудлыг 4С ангиллын буудал болгох төслийг Кувейтийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна. Мөн Мөрөн, Гурвансайхан, Ховд, Чойбалсан нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж олон улсын статустай болгохоор ажиллаж байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 1820 км төмөр зам шинээр барихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 960 км төмөр замын барилгын ажлыг бүрэн дуусгаад байна. Үлдсэн 860км төмөр замын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлэх хүрээнд энэ онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 415 км, нийт 648 км төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, зүүн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн төмөр замыг шинэчлэн засварлах, Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт-Зүүн Хатавч боомт хүртэлх төмөр замыг шинээр барих ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж байна. Эдгээр замуудыг холбосноор Европ-Азийг холбосон төмөр замын зүүн коридорыг хөгжүүлэх бэлтгэл хангагдана хэмээн Зам, тээврийн сайд С.Бямбацогт мэдээлэлдээ дурдлаа. Мөн Арц суурь, Нарийн сухайт, Шивээхүрэн чиглэлийн баруун босоо төмөр замын коридор, Сайншанд, Баруунрт, Хөөт чиглэлийн хөндлөн чиглэлийн төмөр замуудын төслүүдийг Засгийн газрын тогтоолоор 2023 оны концессын зүйлийн жагсаалтад оруулж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

“Боомтын сэргэлт” бодлогын хүрээнд Шивээ хүрэн-Сэхээ чиглэлийн 7,1 км төмөр замын барилгын ажлыг тавдугаар сард эхлүүлсэн бөгөөд ирэх сард дуусгах аж. Мөн Гашуунсухайтанц модны хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөл есдүгээр сарын 28-нд хэлэлцэн баталсан бөгөөд ажлыг ирэх онд эхлүүлэх юм байна. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын гол зам болох Алтанбулаг-Замынүд чиглэлийн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хос төмөр замтай болох зорилтын хүрээнд Улаанбаатар хотыг тойрон гарах Богд хаан төмөр замын төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулж, Оросын талд хүргүүлсэн байна. Мөн төслийн хөрөнгө оруулалтыг Оросын талтай хэлэлцэж байгаа аж. Энэ бүхний үр дүнд манай улс Ази, Европт холбосон төмөр замын Алтанбулаг-Улаанбаатар-Замынүд, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Эрээнцав-Чойбалсан-Бичигт гэсэн гурван коридор, Замынүд-Эрээн, Гашуунсухайт-Ганц мод, Шивээ хүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч, Ханги-Мандал гэсэн экспортын төмөр замын таван гарцтай болно.

Монгол Улс олон улсын болон улсын чанартай 14900 км авто замтай. Сайд С.Бямбацогт мэдээлэлдээ, цар тахлын өмнө буюу 2019 онд олон улсын болон улсын чанартай авто замд эзлэх хатуу хучилттай замын хэмжээ 46 хувь буюу 6900 км байсан бол 2022 онд 50 хувь буюу одоо 7485 км болж нэмэгдсэнийг тэмдэглэв. Тэрбээр, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр улсын болон орон нутгийн чанартай 400 км, тусгай зориулалтын 220 км, нийт 660 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулна гэв. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 755 км авто зам, 230 урт метр төмөр бетон гүүрийн, гадаадын зээлийн санхүүжилтээр 260 км авто зам, 200 урт метр төмөр гүүрийн, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 1240 км, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 265 км авто замын барилгын ажил тус тус хийгдсэн байна. Мөн Орос-Хятадыг хатуу хучилттай авто замаар холбосон Азийн авто замын сүлжээний АН4 замын Монгол Улсын баруун бүсээр дайран өнгөрсөн босоо тэнхлэгийн 745 км замыг бүрэн ашиглалтад оруулжээ. Энэ зам Монгол Улсыг урд, хойд хөрш, Ази, Европтой холбосон Азийн авто замын сүлжээнд холбогдсон хоёр дахь коридор болж буй юм.

Манай улсын авто замын гол сүлжээ болох Азийн авто замын АН3 сүлжээний Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км зам барилгын ажил ирэх сард дуусаж, хоёр урсгал, дөрвөн эгнээ хөдөлгөөнийг нээх гэж байна хэмээн сайд мэдээллээ. Үргэлжлүүлэн, Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км, Улаанбаатар-Замынүд чиглэлийн 718 км авто замуудыг Дарханы замтай адил болгох ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэв.

Шинэ сэргэлтийн 5 цагариг хөтөлбөрөөр Засгийн газар бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбох, Ази-Европыг холбосон олон улсын авто замын босоо таван коридортой болох зорилт дэвшүүлж байгаа юм. Үүний хүрээнд Бага элэнх-Шивээ хүрэн, Бургастай-Арц суурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын гурван шинэ коридорыг нэмж байгуулна. Мөн хэвтээ чиглэлийн хоёр коридортой болох юм.

Ирэх 2024 онд авто замын хөдөлгөөний эрчим ихтэй, хамгийн их эвдрэлтэй байгаа Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Төв, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгийн нийт 350 гаруй км авто замд их засвар хийх ба авто замын засвар, ашиглалтын стандартыг мөрдүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж байгаагаа Зам, тээврийн хөгжлийн сайд хэллээ. Зам, тээврийн салбарт гарч байгаа эерэг өөрчлөлт нь либералчлал чөлөөт өрсөлдөөнийг дэмжсэн бодлого, үйл ажиллагаатай холбоотойг тэрбээр дурдаад, хэн нэгэнд давуу тал олгодог хүнд суртал, авлига, ашиг сонирхлын бусармаг байдлыг халж, адил боломжийг бүгдэд нээлттэй тэгш олгосны үр дүнд зам тээврийн салбарт сэргэлт гарч байна гэсэн юм. Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар Иргэний нисэхийн тухай, Төмөр замын тээврийн тухай зэрэг салбарын гол тулгуур хуулиудыг батлуулж, олон улсын иргэний нисэхийн дөрвөн конвенцод нэгдэн орсон талаар дурдаж, одоо Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаагаа мэдээлэв.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэллээ. Тэрбээр, өнөөдөр манай улс 100 жилээр хоцрогдсон төмөр замтай, аймгууд нь чадан ядан холбогдсон авто замтай, тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээгүй байгаа нь хөгжлийг хойш чангаагч бул хар чулуу болж байна гээд, тээвэр ложистикийн өртөг импортын барааны үнийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлж байгааг сануулав. Мөн тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн шийдвэрийг хаалттай хүрээнд гаргаж, тухай бүрд нь тусгай зориулалтын компанийг байгуулах зэргээр ажиллаж байгаа нь урьдын Хөгжлийн банк, нүүрсний хулгай, дөнгөж өчигдөрхөн болсон ногоон автобусны будлианы араас төмөр замын том төслүүдийг оруулах эрсдэлтэйг анхааруулан, аудит хяналтаа сайжруулж арга ажиллагаагаа ил тод болгохыг зөвлөв.

Цөөнхийн бүлгийн дарга цааш хэлэхдээ, 2012-2016 онд Хөгжлийн банкны Чингис бондын санхүүжилтээр Улаанбаатар хот болон хот хоорондын авто замын сүлжээг өргөтгөн холбоноос бусдаар авто замын салбарт ахицтай, дорвитой бүтээн байгуулалт, шийдэл явагдахгүй байна гээд, авто замын засвар, арчлалтын компаниудын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатайг онцлон дурдлаа. Аймаг, хотуудыг холбосон авто замыг эдийн засгийн хувьд амилуулах ложистикийн сүлжээ байгуулах ажилд Засгийн газар ахиц гаргах шаардлагатайг тэрбээр хэлж, агаарын тээврийн салбарт либералчлах, хувьчлах, чөлөөт өрсөлдөөн оруулах замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үнэ өртгийг бууруулах, хүртээмжийг сайжруулах бодлого хэрэгтэй гэсэн юм. Мөн Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан төслүүдийг хэрэгжүүлэх арга зам, хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой болгох нь зүйтэй гэв.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Д.Ганбат нар Дарханы зам, МИАТ-ын үнэ, агаарын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, Төмөр замын төслүүдийн хэрэгжилт, тэр дундаа хил холболтын замуудын ажил, нүүрсний хулгайн тээвэрлэлт, мөн Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаа, үнэ тариф, өр зээл, хувь нийлүүлэлтийн хэмжээ, төмөр замын цариг, Тяньжин боомт дахь газрын ашиглалт зэрэг олон асуудлаар асуулт асууж, хариулт авлаа. Мөн уул уурхайн тээвэрлэлтийг цэгцлэх, ялангуяа говийн эмзэг экосистем бүхий нутагт зориулалтын, хүнд даацын замаар эрдэс баялгийн тээвэрлэлтийг хийх, жолооч, тээвэрчдийн ажиллах нөхцлийг сайжруулахад анхаарал хандуулж ажиллахыг зөвлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл