Цэс

Холбоо барих

Г.Занданшатар: Академик эрх чөлөөг дээдэлж, судалгаанаас үйлдвэрлэлд шилжсэн, бие даасан механизм бүхий дээд боловсролын тогтолцоог бүрдүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.10.17) “Монгол Улсын дээд боловсролын олон улсын анхдугаар чуулган”-ы нээлтэд оролцож үг хэллээ. Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас ЮНЕСКО-той хамтран төрийн өмчийн зургаан их, дээд сургуулийн удирдлагууд, олон улсын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл дээд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлууд, олон улсын чиг хандлага, шинэ эрин зууны сорилт бэрхшээл болон ололт амжилтуудыг хоёр өдрийн турш хэлэлцэх юм. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Боловсролын багц хуулиудаар дамжуулан, ирээдүйн хөгжлийг түүчээлэх, дэлхийн түвшний мэргэжилтнүүдийг бэлтгэх цогц шинэчлэлийн цаг үед уг форум болж байгаа нь нэн ач холбогдолтойг тодотголоо. 


Тэрбээр үргэлжүүлэн, дээд боловсролыг олон улсын жишигт ойртуулахад чиглэсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд дээд боловсролын байгууллагын бие даасан байдлыг хангах, академик эрх чөлөө, судалгааны ёс зүйг дээдлэх, санхүүгийн олон талт эх үүсвэрийг бий болгох, төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, судалгааны их сургууль байгуулах зэрэг эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан гэв. Мөн ЮНЕСКО-гоос 2019 онд баталсан “Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай” конвенцод манай улс нэгдэн орох асуудлыг УИХ хэлэлцэж эхлээд байгааг дуулгалаа. УИХ-ын дарга үргэлжүүлэн, сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад, манай улсад их дээд сургууль төгсөгчид ба хөдөлмөрийн зах зээлийн шүтэлцээ алдагдсан, нийгэм, эдийн засгийн салбарт эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдээр төгсөгчдийн тоо маш бага байгаа нь Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд эрсдэл дагуулж мэдэхээр байгааг дурдав. Тиймээс дээд боловсролын хөгжлийн олон улсын хандлага, ЮНЕСКО-гоос гаргасан дээд боловсролыг 2030 он хүртэл хөгжүүлэх замын зураглал зэргийг үндэслэн шийдэмгий арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд өнөөдрийн чуулган үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.



Түүнчлэн дээд боловсролын байгууллага нь академик эрх чөлөөг чухалчилж, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийг хослуулсан, өрсөлдөөнөөс хамтын ажиллагаа руу шилжсэн, уламжлалт суралцахуйгаас уян хатан арга барил руу дэвшсэн хөгжлийн энэ үед оюутан, залуусын эрэлт, хэрэгцээ өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байна хэмээн тодотгосон юм. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд, их, дээд сургуулиуд, Шинжлэх Ухааны Академи, Эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын шинжлэх ухаанд суурилсан судалгаа, бүтээлүүд цаашдын хөгжилд онцгой хувь нэмэртэй гэдгийг цохон тэмдэглэв.


“Монгол Улсын дээд боловсролын олон улсын анхдугаар чуулган”-ы нээлтийн үеэр Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, Боловсролын тухай багц хууль нь үндсэн зургаан хүрээг хамарсан шинэчлэл, зорилтыг хэрэгжүүлнэ хэмээн онцолсон юм. Эдгээр нь сургалтын агуулга, хөтөлбөрийн шинэчлэл, үр дүнд суурилсан санхүүгийн тогтолцоо, багш нэг бүрийн хөгжил, хараат бус, бие даасан засаглалын механизм, үнэлгээний тогтолцоо болон цахим шилжилт байх болно гэв. Чуулганы эхний өдөр “Монгол Улсын дээд боловсролын шинэ үе: Эрх зүйн зохицуулалт, чанарын баталгаажуулалт”, “Дээд боловсролын дэлхийн чиг хандлага ба Монгол Улсын дээд боловсролын салбарт үзүүлэх үр нөлөө” зэрэг сэдвээр үндсэн илтгэлүүдийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 



Мөн энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, оюутан, залуусыг хичээлээс гадуурх олон талт чиглэлээр хөгжүүлж, орчин цагийн эрэлт хэрэгцээнд нийцсэн зөөлөн ур чадваруудад сургах цогц хөтөлбөрт хамруулж байгаад талархал илэрхийлэхийн сацуу амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.








Хуваалцах:

Холбоотой мэдээлэл