Цэс

Холбоо барих

ЭЗБХ: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.15) хуралдаан 15 цаг 20 минутад 55.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.


Эхлээд “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы арван нэгдүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм.

Дээрх хугацаанд тус Байнгын хороо Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд,  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, “Иргэдээс худалдаж авсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай”, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”, "Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр цагалварт тусгажээ. Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь Байнгын хорооны тогтоолын төслийг батлах нь зүйтэй хэмээн дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы арван нэгдүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” тогтоол батлагдав.


Дараа нь Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал, холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ оны долдугаар сарын 06-ны өдрийн Улсын Их Хурлын 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллах хүсэлт гаргасан байна. Энэхүү хүсэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд тодруулга хийж, Байнгын хорооны даргаас хариулт авсан юм. Ийнхүү гишүүний хүсэлттэй холбогдуулан санал гараагүй тул Улсын Их Хурлын 2023 оны 80 дугаар тогтоолыг үндэслэн Х.Нямбаатарыг тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг тус хянан шалгах хорооны бүрэлдэхүүнд нэмэхээр тусгасан “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Байнгын хорооны гишүүдийн олонх энэхүү тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг дэмжлээ.


Үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, эдгээр санд байршиж байгаа мөнгөн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, эрсдэлээс хамгаалах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн саналыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг ажлын хэсгийн ажиллах хугацааг сунгах хүсэлтээ танилцуулав. Аудитын байгууллага болон сангуудаас нэмэлт мэдээлэл авах, хянан шалгах, тодруулах, нягтлах үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа учраас ажлын хэсгийн санал, дүгнэлтээ танилцуулах хугацааг 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр болгох шаардлагатай байгааг тайлбарласан. Ажлын хэсгийн даргын энэхүү хүсэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 11 гишүүний 63.6 хувь нь дэмжлээ.

Дараа нь нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Авто замын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах саналыг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хэлсэн бөгөөд төслүүдийг Байнгын болон чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсэг, мөн Байнгын хороо хэлэлцүүлгийн явцад хууль, тогтоолын төслийн талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэх асуудал гэдэг тайлбарыг ажлын хэсгээс өгөв. Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхтэй холбоотой төслийн зохицуулалтын талаарх тодруулгад ажлын хэсгээс хариулахдаа “Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн заасан байдаг бөгөөд энэ хүрээнд төсөл дэх зохицуулалтыг тусгасан. Хуулийн хүрээнд иргэний тодорхой эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж үзсэн. Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд тодорхой хувь хүний эд хөрөнгийг дайчлан авахаар бол нөхөн олговор олгож, үнийг төлөх зохицуулалт төсөлд тусгагдсан. Нийслэл дэх орчны бохирдол, авто замын түгжрэл зэрэг нь газрын менежмент, үүнийг дагасан хот төлөвлөлтийн асуудал юм. Авто замын бүтээн байгуулалт, метроны бүтээн байгуулалт, гэр хороолол руу татсан дэд бүтцүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд газар чөлөөлөлтийн асуудал зайлшгүй яригдаж байна. Тухайлбал, Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүдийг 100 сая төгрөгийн  өртөгтэйгөөр дулаан, цахилгаан татсан боловч одоогоор 20 хувийг нь ашиглаж байна. Ашиглалт хангалтгүйгээс дулааны өртөг нь илүү өндөр байх жишээтэй. Энэ мэт асуудлыг шийдэх, гэр хорооллыг орчны бохирдолгүй орчин болгохын тулд нэн тэргүүнд орон сууцжуулах бодлогыг нийслэлээс баримталж байна” гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн чухлыг Х.Ганхуяг гишүүн тэмдэглээд, нийтийн тээврийн парк шинэчлэлтээс гадна тоог нэмэгдүүлэх шаардлагын талаар санал хэлсэн. 10 жил тутам Засгийн газраас баталсан төсвийн хүрээнд нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийдэг байсныг өөрчилж, хэлэлцэж буй төслөөр нийслэл хууль тогтоомжийн хүрээнд худалдан авалтаа хийгээд, улмаар түрээслээд, олсон орлогоор нь парк шинэчлэлээ хийх, нийтийн тээврийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийдэг байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох шийдлийг төсөлд тусгасан гэв. Түүнчлэн нийтийн тээврийн менежментийг сайжруулах чиглэлээр судалгаа хийж, холбогдох талуудад санал тавих зэргээр ажиллаж байгаа гэх хариултыг өгсөн. Такси үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар авто замын түгжрэл бууруулахад зохих хувь нэмэр болно гээд холбогдох тайлбарыг ажлын хэсэг өгсөн юм. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаас үүдэн өнөөдрийн авто замын түгжрэл үүсэж байгааг бататгаад “Бага тойруу дотор сургууль, соёлын, төрийн байгууллагууд байрлаж байна. Өглөө бүр таван байрлалаас 1.8-1.9 сая зорчилт хийснээс хотын төвд түгжрэл үүсдэг. Нийгмийн суурь үйлчилгээ авах, чанартай боловсролыг хүүхдэдээ олгох гэсэн иргэдийн эрэлтээс үүдсэн зорчих хөдөлгөөн ийм байгаа юм. 91 мянган хүүхэд гэрийнхээ ойр сургууль, цэцэрлэгийн үйлчилгээ авах боломжгүй байгаагийн улмаас өөр хороо, дүүрэг дэх сургууль, цэцэрлэгт хамрагдахаар зорчдог. Иймд Боловсрол, шинжлэх ухааны яамтай ч энэ чиглэлээр уялдаатай ажиллах шаардлага бий. Одоо байгаа сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлэх хэрээр түгжрэл нэмэгдэнэ. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг ийм хэлбэрээр бус, харин тухайн харьяа орчинд шинээр байгуулах чиглэлээр ажиллах шаардлагатай. Барилга, байгууламжийг нь барих төсвийг баталж өгсөн байлаа ч газар байхгүй гэдэг шалтгаанаар сургууль, цэцэрлэг барьж чадахгүй байгаа тохиолдол олон байна. Иймээс төсөл дэх зохицуулалт буюу нийгмийн зайлшгүй хэрэгцээ буюу орон сууцны төвлөрөл, нягтралд дүйцүүлэн сургууль, цэцэрлэг байгуулах зорилгоор газрыг чөлөөлөх асуудлыг хийх боломж бүрдэн юм” гэдэг хариултыг өгсөн.


Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар төсөл дэх такси үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгох зохицуулалтын талаар тодруулж, заавал тусгай зөвшөөрөл олгохгүйгээр стандарт мөрдүүлэх, стандарт хангасан бүхэн тусгай зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой байхаар зохицуулах боломж бий эсэхийг асуусан юм. 2013 онд такси үйлчилгээ эрхлэх стандарт батлагдсан байдаг ч үүнийг мөрдөх асуудал хангалтгүй байгаа гэдэг хариултыг ажлын хэсэг өгөв. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх асуудал энэ хүрээнд ихээхэн хөндөгдөж байгаа талаарх баримт, мэдээллийг ажлын хэсгээс дурдаад такси үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосноор такси үйлчилгээ эрхлэн хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн бүртгэл, камержуулалт, мэдээлэл зэргийг цэгцтэй байлгах ерөнхий шаардлагыг энэ хүрээндээ тавьж байгаа аж. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” тухай 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу дээрх төслүүдийг тус бүрд нь, зүйл бүрээр нь хэлэлцээд, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам ажлын хэсгийн танилцуулгыг хийлээ.


Эдийн засгийн байнгын хорооноос Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Б.Баттөмөр, Х.Ганхуяг, Т.Доржханд, С.Чинзориг нар ажиллажээ. Ажлын хэсэг “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгагагдсан заалт, зорилтуудыг танилцуулах уулзалтыг 2023 оны аравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь АНУ-ын худалдааны танхимын бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулсан уулзалтуудыг зохион байгуулсан байна. Ажлын хэсгээс тогтоолын төсөлд Засгийн газраас эрх зүйн орчныг бүрдүүлж, орон сууцын ипотекийн хөтөлбөрийг шилжүүлэн авах хүртэл хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж, зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх; мөн орон сууцын ипотекийн хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийн нийт эх үүсвэрийг нийслэл, орон нутагт тэнцүү хуваарилах; агаар, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах бодлоготой уялдуулан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, гэр хорооллын барилгажуулалтад олгох ипотекийн зээлийн хэмжээг хөтөлбөрийн нийт эх үүсвэрийн 20 хүртэл хувьд хүргэх арга хэмжээ авах; эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бизнесийн зээлийг нэмэгдүүлэх, хэрэглээний зээлийн хэт өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх; банкнаас жижиг, дунд бизнест олгосон зээлийг ангилах, ангилал дээшлүүлэх, түүний бүтцийг өөрчилж, дахин санхүүжүүлэх зохицуулалтыг эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчимд тулгуурлан уян хатан болгох ажлыг судлан шийдвэрлэх зэрэг зарчмын зөрүүтэй зургаан  саналыг бэлтгэжээ.


Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Б.Баттөмөр, Ч.Хүрэлбаатар, Х.Ганхуяг нар асуулт асууж, хариулт авсан. Дараа нь ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл