Цэс

Холбоо барих

ТББХ:ТАЗ-ын гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоож, Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.11.15/ хуралдаж, Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Төрийн албаны тухай хуулийн 68.2-т, Зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна гэж заасныг хуралдаан даргалагч дурдаад, УИХ-ын Тамгын газраас нэр дэвшүүлж томилогдсон ТАЗ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул дээр дурдсан хуулийн шаардлага хангасан УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг ТАЗ-ийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж, хяналт, танилцуулга, холбогдох бусад материалыг ирүүлснийг танилцуулсан.  Мөн Монгол Улсын Засгийн газраас Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнг төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн томилуулах саналыг УИХ-д ирүүлснийг танилцуулсан юм.

Нэр дэвшигч Н.Мягмар ХЗДХЯ-нд ахлах мэргэжилтэн, газрын дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнд захирал, Хууль зүйн яамны газрын дарга, АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газарт консул,  ЗГХЭГ-т Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаад 2023 оноос УИХ-ын Тамгын газарт Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаа юм байна.

Л.Цэдэвсүрэн Соёлын яаманд хуулийн зөвлөх, Гэгээрлийн яаманд мэргэжилтэн, хуулийн зөвлөх, БСШУЯ-ны хуулийн зөвлөх, тус яамны хэлтсийн дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. 2021 яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй аж.

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн, Н.Мягмар нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар, нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ганболдыг томилж, нэр дэвшигчид хандан асуух асуулт, саналыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүлээн авахаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгасан байна. Дээрх тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа.

Мөн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд санал танилцуулж байна.

Л.Өлзийсайхан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа болно гэлээ.

Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хууль зүйн магистрын зэрэгтэй төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор цолтой. Тэрбээр, 1998-2002 онд Улсын багшийн их сургуульд багш, 2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга, 2015-2017 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын дарга, 2019 оны 05 дугаар сараас Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар, нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд 15 жил багшилж, эрх зүйн онол, үндсэн хуулийн эрх зүй, парламент судлалын чиглэлээр 10 гаруй нэг сэдэвт бүтээл, ном, гарын авлага туурвиж, 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, судалгааны ажил бичиж эрдэмтэн судлаачид болон олон нийтийн хүртээл болгосныг танилцуулсан. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах эхний шатнаас хэлэлцэн батлах хүртэл бүхий л үйл явцад УИХ-ын Тамгын газрын удирдлагын хувиар манлайлан ажиллаж, Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг онцолсон юм. Тодруулбал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын хариуцлага үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн парламентын эрх зүйн орчны болон бусад шинэтгэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсад, парламентын ардчиллыг бэхжүүлэх ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгааг дурдаад, УИХ-аас 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийг ард түмнээр хэлэлцүүлж, санал авах, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар үндэсний хэмжээнд Зөвлөлдөх санал асуулга явуулах зэрэг төрийн томоохон ажил түүхэн үйл хэргүүдийг удирдан зохион байгуулахад бодлого хэрэгжилтийн түвшинд мэргэжлийн өндөр ур чадвар гарган хариуцлагатай ажилласныг тэмдэглэсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд, парламентын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн парламентын асуудлуудыг шийдэх, парламентын гишүүдтэй мэтгэлцэн, Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх ажлыг хийхээр томилогдох гэж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хараат бусаар ажиллаж явуулж чадах уу хэмээн асуусан.

Нэр дэвшигч Л.Өлзийсайхан, Үндсэн хуулийн зорилго нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, мөн төрийн аливаа дур зоргыг хязгаарлахад оршиж байдаг. Тийм учраас Үндсэн хуулийн цэцийг Үндсэн хуулийн үзэл санаа, түүний хэм хэмжээг тайлбарлан хамгаалдаг оюун ухааны онолын шүүх гэж боддог. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн нэгд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа хэмээн хуульчилсан байдаг. Тэгэхээр Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульдаа захирагдаж, хараат бусаар ажиллах учиртай. Миний хувьд Үндсэн хуулийнхаа зарчимд захирагдана, хараат бус ажиллаж чадна гэсэн хариултыг өгсөн.

Эцэст нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Ллзийсайханыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл