Цэс

Холбоо барих

ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөхийг дэмжив


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.29) хуралдаан 11 цаг 39 минутад гишүүдийн 56.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тус Комиссын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хуралдаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа.


Монгол Улсын Их Хурлаас хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулж байгааг тэрбээр тэмдэглэв. Сүүлийн үед гарсан хүний эрх, хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудаар Хүний эрхийн Үндэсний Комисст тодорхой үүрэг, чиглэл өгч, гишүүдтэй нь уулзалтууд хийсэн талаараа Улсын Их Хурлын дарга хэллээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнтэй хийсэн уулзалтуудаас тодорхой санал гарсан байна. Үүнд үндэслэн тус Комиссын дарга Ж.Хунангаас Улсын Их Хурлын даргад хүсэлт ирүүлснийг дурдаад Г.Занданшатар дарга Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

“Жаргалсайхан овогтой Хунан миний бие 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Комиссын гишүүд цаашдаа Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. Иймд Комиссын даргын албан тушаалаас чөлөөлж, дараагийн даргыг томилж өгөхийг хүсье” гэжээ.

Энэхүү танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, зарим зүйлийг тодруулав. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн “...амьд явах...” үндсэн эрхийг баталгаатай эдэлнэ гэж заасан байдаг. Гэтэл түлш, шатахууны таслалдалаас үүдэн орон нутгийн иргэдийн эрүүл мэндээ хамгаалах, амьд явах эрхээ эдэлж чадахгүйд хүрээд байна хэмээгээд иргэдийн амьд явах эрхийг хангах шаардлагын хүрээнд энэ чиглэлээр холбогдох талууд ямар ажил хийж, асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг тодруулсан юм.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хариулахдаа “Түлш, шатахууны асуудал нь хүний эрхийн асуудал мөн үү гэвэл мөн. Ард иргэдээс түлшний хомсдол, хязгаарлалттай олгож байгаа асуудлаар гомдол хүсэлтүүд ирж байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд мэдээлэл өгсөн. Түлш, шатахууны тээвэрлэлтийг зохицуулахаар ажиллаж байгаа гэдгээ С.Ганбаатар сайд хэлсэн. Намайг ОХУ-ын Төрийн Думтай холбогдож өгөөч хэмээн хүссэн. Энэ дагуу холбогдоод, өнөөдөр Засгийн газар хоорондын комиссын шинэ даргатай уулзлаа. Өчигдөр орой “Төмөр замын нэвтрүүлэх нөхцөлөөс үүдэн тээвэрлэлт саатсан байж болзошгүй. Түүнээс ОХУ-ын зүгээс ямар нэгэн хориг, хязгаарлалт тавиагүй. “Роснефть” компани бүрэн хэмжээгээр ханган нийлүүлэхэд бэлэн байгаа” гэдэг мэдээллийг надад өгсөн. Ингээд түлш, шатахууныг яаралтай ачуулахаар шаардлагатай зохицуулалтыг хийсэн байгаа. Өнөөдөр 117 вагон түлш, шатахуун хилээр орж ирнэ. Маргааш 54 вагон хилээр нэвтрүүлнэ гэх зэргээр нарийн график танилцуулсан. Өнөөдрөөс арван хоёрдугаар сарын 02-ны өдрийн хооронд буюу ойрын дөрөв хоногийн хугацаанд нийт 350 вагон түлш, шатахууныг оруулж ирснээр хомсдол, хязгаарлалтын асуудал жигдэрнэ гэж үзэж байна.


Төмөр замын тээвэрлэлттэй холбоотой асуудлууд байсан учраас тус байгууллагаас хариуцах тусгай төлөөлөгч томилуулж, тодруулбал УБТЗ-ын нэгдүгээр орлогч даргад хариуцуулсан байна. Тус төлөөлөгч хаана саатаж байгааг тодруулж, хяналт тавьж ажиллах юм. Монголын талаас ч бас тусгайлан хариуцах албан тушаалтныг томилж түлш, шатахууныг тээвэрлэлтийн асуудлыг графикын дагуу явуулахаар тохирлоо. Ийм учраас ойрын хугацаанд түлш, шатахууны хангамжийн асуудал тогтворжино. “Роснефть” компани ямарваа нэгэн хориг, хязгаарлалтгүйгээр Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн” хэмээв.

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүрэгт ажлаас Ж.Хунанг чөлөөлөхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 70 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл